Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах хандивын аянд Өмнөд Солонгосын K-Pop одод нэгдсээр байна. Тухайлбал, алдарт “BTS” хамтлагийн гишүүн Жимин, Жэй Хоуп нар тус бүр 100 сая воныг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Тус хандивыг хоёр улсын хүүхдүүдэд тусламж үзүүлэх кампанит ажилд зарцуулах юм.
Түүнчлэн жүжигчин, хөтлөгч Ю Жэ Сук “Хоуп Бридж” нэртэй тусламжийн байгууллагад 100 сая вон хандивлажээ. Энэ мөнгийг эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас зэрэгт зарцуулахаас гадна гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээх босгох ажилд зарцуулах юм байна.
Охидын “TWICE” хамтлаг 200 сая вон хандивлав. Тус хамтлагийнхан “JYP Entertainment” агентлагаараа дамжуулан “Бид бага ч гэсэн туслахыг хүсч, хандивын аянд нэгдлээ. Бид гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Мөн эсэн мэнд үлдсэн хүмүүс хэвийн амьдралдаа хурдан эргэн ороосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ