“Төгс буянтын зурхайд туулай жил өег, цатгалан буусан”

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

“Төгс буянтын зурхайд туулай жил өег, цатгалан буусан”

“Төгс буянтын зурхайд туулай жил өег, цатгалан буусан”

 “Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жилийн цагаан сарын шинийн 1-нийг хэдний өдөр тэмдэглэх талаар зарим зурхайчид зөрүүтэй мэдээлэл өгдөг. Тухайлбал, нэг хэсэг нь шарын зурхайгаар Хятадуудтай адил цаг тооллоор тооцох ёстой гэж үздэг бол ихэнх зурхайчид Төгс буянтын зурхайгаар тэмдэглэх нь зүйтэй гэдэг билээ. Энэ талаар болон жилийн өнгө зурхайн зурлагад хэрхэн буусан талаар  Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Цаг тооллын хувьд Төгс буянт болон шар зурхайд цагаан сарыг өөр өдөр угтдаг нь ялгаатай юу?

-Дэлхийд үндсэндээ гурван тоолол бий. Европын орнууд аргын тоолол, Арабын улсуудад билгийн тоолол голлодог бол Азийн ихэнх орнууд арга, билэг хосолсон тооллоор явдаг. Монголчуудын хувьд энэ утгаараа хаврын тэргүүн сарыг угтдаг уламжлалтай.

Дорно дахины улсуудын өргөн хэрэглэж ирсэн уламжлалт тоолол шар зурхайд багтдаг. Харин Төгс буянтын зурхай бол шар зурхайн тооллыг улам арвижуулж тухайн орны газар зүйн онцлогт тулгуурлаж, сайжруулсан хэлбэр буюу монгол зурхайчид орчин үеийн шинжлэх ухаанд үндэслэн боловсруулсан тоолол юм.

ТӨГС БУЯНТЫН ЗУРХАЙ БОЛ ШАР ЗУРХАЙГ САЙЖРУУЛСАН ХУВИЛБАР

Энэ утгаараа Төгс буянтын тоолол бол маш сайнд тооцогддог. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд үндэслэсэн Төгс буянтын зурхайгаар монгол түмний цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 21-нд тохиож байна. Тооллын хувьд дэлгэрүүлбэл аргын тоолол гэдэг бол нарыг дэлхий 365 хоногт бүтэн тойрох хугацаа. Гэхдээ дөрвөн жилд нэг удаа хоёрдугаар сар 28 хоногтой буюу өндөр жил тохиодог учир үүнийг харгалзаж хаврын тэргүүн сарын шинэ өөр өдөр эхэлдэг. Харин билгийн тоолол гэдэг нь сарны тоолол. Сар дэлхийг 355 хоногт нэг бүтэн тойрдог. Тэр үүднээс арга, билгийн тоололд жилд дунджаар 10 орчим хоногийн зөрүү гардаг. Ингэснээр гурван жил тутамд нэг илүү сарын ойлголт бий болдог.

Төгс буянтын зурхайд илүү сарыг тогтмол оруулж өгдөггүй. Тухайн зурхайн литийг зурж өвлийн тэргүүн сар, хавар, зун, намрын аль хамаарахад нь илүү сарыг оруулж үздэг. Шинжлэх ухааны үүднээс лит зурлагад тусгай бодолтоор хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг гаргаж ирдэг байгаа.

Харин шар зурхай буюу хааны зурхайг  Чингис хааны үеэс Хубилай хааны үе хүртэл төрийн зурхай болгож байсан түүхтэй. Тухайн зурхайд илүү сарыг тогтмол тусгаж өгдөг учир Азийн орнуудад сар шинийг өөр өдөр угтдаг. Гэхдээ өдөр хоногийн хувьд зөрүүтэй байгаа ч шинжлэх ухааны үүднээс ямар нэгэн зөрүү гардаггүй ойлголт байгаа.

ЗУРХАЙН ЗУРЛАГАД БУУСНААР НЭН САЙХАН ЖИЛ ГАРЧ БАЙНА

-Энэ жилийн өнгө Төгс буянтын зурхайд хэрхэн буусан бэ?

-XVII жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жил жил гарч байна. Жарны хувьд тооллын эхнээс 16 жаран дуусч, энэ жил XVII жарны 37 дахь жил гарч байгаа гэсэн үг. Монголчууд жилийн өнгөөр ерөнхий төлөвийг шинжиж ирсэн уламжлалтай.

Зурхайн зурлагад бууснаар усан туулай жилд өвчин хямрал, зуд зурхан хэсэг бус гарах хэдий ч өег, цатгалан нэн сайхан жил гарч байна.

Мөн нийт хүмүүн дунд өвчин үгүй, сэтгэл баясгалантай, төрөө номончлон тэтгэж, жаргалтай байх төлөвтэй. Тэгэхээр жилийн ерөнхий төлөв их сайхан байна. Ерөнхийдөө оюуныг тэтгэсэн жил байх учир эрдэм номд шамдаж байгаа хүмүүс амжилт их гаргах, шинэ бүтээл туурвих, төр захиргааны өндөр албан тушаалд зөв албатуудыг томилох магадлалтай. Жилийн өнгөнөөс гадна хаан гариг, эзэн гариг, элсэн чихрийн амт, шороон үхрийн зурлага зэргээр жилийн өнгийг шинждэг.

Шороон үхрийн зурлагаас шинжвэл үхрийн толгой, эвэр, чих, сүүл, нуруу нь хөх өнгөтэй. Их бие нь ногоон өнгөтэй, шилмэл улаан, туурай нь хөх өнгөтэй байна. Үхэр хариулагч нь улаан нүүртэй, хөх дээлтэй, шар бүс бүсэлсэн, малгайгаа баруун гартаа барьсан хоёр гутлаа өмссөн хүч чадал багатай өвгөн хүн үхрийн өмнө гүйж яваа зурлага гарсан.

Тус зурлагаас шинжвэл дээдэс буюу өндөр суудалтад сайн. Дунд болон нялхас, ард түмэнд дунд зэрэг байх төлөвтэй. Жилийн эхэнд хур тунадастай, дунд үед хур тунадас их, зун, намрын улиралд өвс, ногооны гарц сайн, ургац арвин байна. Жилийн адаг буюу улирлуудын сүүл сард бороо, цас бага.

Гол анхаарах зүйлийн хувьд залуучууд гэр бүл болох нь бага, эхчүүдийн төрөлт саарах, эдийн засгийн хямрал үргэлжлэх төлөвтэй.

Мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зарим газраар хүйтэн лус, бадгана талын өвчин дэлгэрэх учир ард нийтээр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

ЖИЛИЙН ЗАСАЛ ГЭДЭГ НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ОЙЛГОЛТ

-Засал номын тухайд эрт хийлгэвэл зохистой гэдэг. Заавал шинэ хуучрахаас өмнө хаврын тэргүүн сард заслаа хийлгэх нь ямар билэгдэлтэй вэ?

-Заслын хувьд шинийн 1-нд мөр гаргахаас эхэлнэ. Хүүхэд багачуудаас эхлээд хүн бүр мөрөө гаргах нь чухал. Өрхийн тэргүүн л зөвхөн мөр гаргадаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ тухайн жилийн өнгө, засал номынхоо хувьд авч үзвэл хүн бүр мөрөө гаргах хэрэгтэй. Жилийн засал гэдэг нь шинжлэх ухааны ойлголт. Таван махбодь буюу гал, шороо, төмөр, ус, мод зэргийн хоорондын шүтэн барилдлагаас үүсч байгаа зүйл. Жишээлбэл, жил орох гэдэг ойлголт бий. Тиймээс нийт туулай жилтнүүд жилийн засал хийлгэнэ.

Хэрэв туулай жилтэй эрэгтэй хүмүүс гал суудалд, эмэгтэй нь ус суудалд суусан бол “суудлын гүм” гэдэг засал хийлгэнэ.

Энэ ном нь тухайн жилд аваар осолгүй, хар, цагаан хэл ам, атаа, чөтөөгүй, өвчин зовлонгүй байхын тухайд хийгддэг засал. Түүнээс гадна 1987 онд төрсөн хар туулай, 1951 онд төрсөн төмөр туулай жилтнүүдэд дөрвөн ногоон мэнгэ голлож байгаа. Мэнгэ голлосон хүмүүс мөн тусгайлан засал хийлгэх нь зөв. Хоёрдугаарт, их, бага харш жилийн ойлголт.

Их хар жилийн заслыг тахиа жилтэй хүмүүс хийлгэнэ. Бага харш жилийн хувьд хулгана, морь жилтэй хүмүүс хийлгэхээр байна.

Харин хонь, гахай жилтнүүдийн ивээл жил гарч байгаа. Эдгээр жилтнүүдэд их ээлтэй буюу бодсон санасан зүйл нь биелж, ажил үйлс нь өөдрөг байна. Гэхдээ ивээл жил хэдий ч тусгайлсан заслыг мөн хийлгэх хэрэгтэй.

ИХ, ХАРШ ЖИЛ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСГАЙЛСАН ЗАСЛУУДЫГ ЗААВАЛ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

-Тэгвэл суудал өнцөгдсөн хүмүүст тусгайлсан заслууд бий юу?

-12 жилийг дотор нь эр зургаа, эм зургаан жил гэж үздэг. Эр жилтэй хүмүүс буюу хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэнэ. Түүнээс гадна эрүүл мэндийн заслыг могой, морь жилтнүүд шороо, төмөр, огторгуй суудалд суусан бол хийлгэх хэрэгтэй. Мөн бич, тахиа жилтнүүд огторгуй, ус, уул суудалд суусан бол эрүүл мэндийн засалтай.

Бар, туулай жилтнүүдийн хувьд хий, гал, шороо суудалд суувал тус заслыг хийлгэх хэрэгтэй.

Харин үхэр, хонь, луу, нохой, гахай, хулгана жилтэй хүмүүс уул, мод, хий суудалд суусан бол онцгойлох заслуудыг хийлгэх нь зөв. Мэнгэ голлосон жилүүд нь 1924 оны модон хулгана, 1933 оны усан тахиа, 1942 оны усан морь, 1951 оны төмөр туулай, 1960 оны төмөр хулгана, 1969 оны шороон тахиа, 1978 оны шороон морь, 1987 гал туулай, 1996 оны гал хулгана, 2005 оны модон тахиа, 2010 оны модон морь байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс эрүүл мэндийн мэнгэ голлосон учир онцгойлсон засал хийлгэх нь зохистой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
182
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж