ДЭМБ Хятадад "ялагдав"

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ Хятадад "ялагдав"

ДЭМБ Хятадад "ялагдав"

Covid-19 цар тахлын гарал үүслийн талаарх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) чимээгүйхэн зогсоосон нь тодорхой болжээ. Цар тахал эхэлсэн цагаас л үхлийн аюулт вирус Хятадын Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан гэх таамаг олон улсад өргөн тархсан.  

ДЭМБ-аас 2021 онд хийсэн анхны судалгаагаар Covid-19 нь амьтдын халдварт өвчний улмаас үүссэн гэж дүгнэсэн бөгөөд сарьсан багваахайн вирусийг цуглуулж, судалгаа хийж байгаад алдсан гэх мэдээлэл байв. Гэтэл 2020 оны дөрөвдүгээр сард Хятадын Засгийн газраас коронавирусийн эсрэг тэмцэлд зориулан ДЭМБ-д хураамжаас нэмэлтээр 30 сая ам.долларын санхүүжилт олгох болсноо зарласан байсан. Мөн Хятад улсаас жижиг болон дунд эдийн засагтай орнуудыг нийгмийн эрүүл мэндийн системийг сайжруулахад зориулан 20 сая ам.долларыг хандивласан байв.

Улмаар ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадтай маргаан, зөрчил үүсгэхээс зайлсхийн лабораториос алдагдсан байх магадлал бага гэх мэдэгдлийг хийсэн. 

Энэ нь олон улсаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс Ухань дахь лабораториос вирус алдагдсан байхыг үгүйсгэх нь эрт байсныг хүлээн зөвшөөрч, илүү нарийвчилсан судалгаа хийхийг уриалжээ.

Харин Женев дэх ДЭМБ-ын тархвар судлаач, доктор Мария Ван Керхове Хятадад судалгаа явуулахад бэрхшээлтэй тул төлөвлөгөө өөрчлөгдсөн гэж "Nature" сэтгүүлд ярьжээ. Тэрбээр "Дэлхий даяар өрнөж буй улс төр нь цар тахлын гарал үүслийг олж тогтооход үнэхээр саад болж байна" гэсэн байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадаас лабораторийн мэдээллийг өгч, илүү ил тод байхыг хүссэн ч Бээжин уг саналыг, ялангуяа лабораторид шалгалт хийх саналаас татгалзжээ.

Ван Керхове хэлэхдээ, "ДЭМБ-аас Хятадын албаны хүмүүс болон байгууллагуудтай харилцахыг удаа дараа оролдсон" гэдгийг онцолсон байна. 

Үүний зэрэгцээ АНУ-ын Ратгерсийн их сургуулийн молекул биологич, профессор Ричард Эбрайт тахлын цаад үнэнийг илрүүлэхийн төлөө тэмцсэн. Тэрээр хэлэхдээ, ДЭМБ нь Covid-19-ийн гарал үүслийг олох үүргээ биелүүлж чадахгүй "бүрэн бүтэлгүйтсэн" гэв. Гэхдээ АНУ-ын Конгрессоос дэлхий даяар олон сая хүний ​​аминд хүрсэн тахлын гарал үүслийг судалж эхэлж байгаа нь сайшаалтай" гэдгийг тэрбээр мэдэгджээ.  Өнгөрсөн аравдугаар сард танилцуулсан АНУ-ын Сенатын хорооны тайланд  тахал өвчин нь лабораторийн ослын үр дагавар байх "боломжтой" гэдгийг тогтоожээ.

Хорооны гишүүд Covid-19 нь өмнөх Сарс, Мерс зэрэг бусад халдварт өвчинтэй харьцуулахад "хэд хэдэн зүйлээр онцгой" байгааг тогтоожээ. Тухайлбал, "2002 онд Сарс тахал гарснаас хойш зургаан сарын дотор эрдэмтэд уг өвчний дэгдэлтийг юу өдөөснийг олж илрүүлсэн. Гэтэл өргөн хүрээтэй судалгаа шинжилгээ хийсэн ч Covid-19 өвчнийг үүсгэсэн гол "буруутан" хэзээ ч олдоогүй.

Covid-19-ийг үүсгэгчтэй хамгийн ойрын төрлийн вирусийг тээгч сарьсан багваахайнууд Хятадын өмнөд хэсэг эсвэл зүүн өмнөд Азид амьдардаг.

Гэтэл вирус хэрхэн 1000 гаруй миль замыг туулж Уханьд хүрсэн нь тодорхойгүй байна" гэж тайланд дурджээ. Уханийн вирус судлалын хүрээлэн нь Сарстай холбоотой 220 гаруй төрлийн коронавирусийг цуглуулсан бөгөөд тэдгээрийн дор хаяж 100 нь олон нийтэд ил болоогүй, лабораторид хадгалагддаг гэж үздэг. Цар тахал гарсны дараа тус хүрээлэнгийн ажилтнууд сарьсан багваахай нэгэндээ дамжуулахдаа хувийн хамгаалалтын хэрэгсэл хангалтгүй өмссөн зураг нийтэд цацагдсан.

Түүнчлэн хүрээлэнгийн эрдэмтэд "өндөр эрсдэлтэй" коронавирусийг цуглуулах, тодорхойлох, турших замаар ирээдүйн тахал өвчнийг урьдчилан таамаглах, сэргийлэх зорилготой коронавирусийн дэвшилтэт судалгааг хийж байсан гэсэн нотолгоо бий.

Тус хүрээлэн нь 2018 онд хүний ​​​​эсэд халдварлах чадварыг  нь нэмэгдүүлэхийн тулд  коронавирусийн инженерчлэлийн санхүүжилт авах санал гаргаж байсныг мөрдөн шалгах хорооны тайланд дурджээ.  Түүнчлэн тус хүрээлэнгийн коронавирусийн ахлах судлаач Ши Жэнгли  хулгануудад химерик Сарс-тай холбоотой коронавирусийг халдварласныг хүлээн зөвшөөрсөн боловч үр дүнг хэзээ ч нийтлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж