Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан АЛБАН ТУШААЛТНУУД

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан АЛБАН ТУШААЛТНУУД

Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Тэр дунд улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Засаг дарга асан хоёр, нэг УИХ-ын гишүүний зөвлөхийг яллагдагчаар татан, шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Ингээд нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй албан тушаалтнуудын мэдээллийг хүргэе.


"ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ, ХЭН НЭГНИЙГ ЯЛЛАЯ ГЭЖ БОДООГҮЙ"

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан талаар /2023.01.18/ мэдээлсэн.

Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шинэ оны өмнө "Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Тэгээд сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн. Тэрийг өрсөлдөгчөө харлуулах хар пи-ар гэж ойлгосон.

Гэвч одоог хүртэл гүтгэлэг үргэлжилж байна. Би тэгэх тусам нь нэг танхимын гишүүдтэйгээ хамт шалгуулна. Би өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. Бас өөрийгөө өмөөрч, хэн нэгнийг яллая гэж бодоогүй. Үнэхээр хэрэг хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй. Би нүүрс тээврийн компанитай байсан. Ямар ч эрх мэдэлгүй, цэвэр бизнесээ эрхэлж, гэрээ хийсэн компанийнхаа нүүрсийг ачиж, буулгадаг. Нууцаар тээвэр хийж, машин машинаар, хүрз хүрзээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Надад тийм шалтгаан байхгүй. Хаана эрх мэдэл байдаг юм бэ. Тэнд хулгай байдаг. Тэд өөрсдийн хулгайгаа харлуулахын тулд компаниуд руу, жолооч нар руу дайрч байгаад харамсч байна" гэж хэвлэлд тайлбар өгч байсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг /2023.01.30/ УИХ-ын даргад гаргасан. Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн арваннэгдүгээр сард нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамаарах 10 гаруй улстөрчийн нэр зарлахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр багтаагүй ч шалгагдах ёстой зүй ёсны хүнээр нэрлэгдэж ирсэн юм.

Харин Улсын ерөнхий прокурорын газраас  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тогтоол гарган, УИХ-д хүргүүлэхээр зэхэж байх үед тэрбээр хүсэлт гарган, сайн дураараа шалгуулах тоглолтыг өрсөн хийсэн. Түүнийг хуулийнхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдод нөлөөлөн, энэхүү хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНИЙГ ШАЛГАХ АСУУДАЛ ЯРИГДСАН Ч ҮГҮЙСГЭЖ БАЙВ

АТГ-аас 2023 оны хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Нүүрсний хэргээр түүнийг шалгах асуудал яригдсан ч үгүйсгэж байсан юм. Тэрбээр нүүрсний хулгайтай тэмцэх, УИХ-ын нээлттэй сонсгол хийх асуудалд гарын үсэг зурж, дэмжиж байв.

Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван  удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй.

Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд  Өмнөговь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөрч гэгддэг ч нүүрсний асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж болзошгүй УИХ-ын гишүүний тоог нэмж болзошгүй байна.

ШАНАГА НҮҮРС Ч АВААГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭЭД БАЙСАН САЙД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татан шалгах саналаа прокурорт хүргүүлсэн байдаг.

Шанага нүүрс ч аваагүй гэдгээ мэдэгдээд байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайтай холбоотой болсон нь ийн тодорхой болсон.

Хуулийнхан өнгөрсөн сарын эхээр Т.Аюурсайханы туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан байдаг. Прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-ийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.

Албан бус мэдээллээр Т.Аюурсайхан нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авалтын дарга Б.Отгонжаргал, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг болон өөрийн шадар туслах И.Даваадорж нараар дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагааг дээрх танилуудынхаа хүрээнд явуулдаг байж болзошгүй аж.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Р.СЭДДОРЖИД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Эдгээр албан тушаалтны нэг Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж. Түүнд холбогдох хэргийг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хоригложээ.

Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац"-ын ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Р.Сэддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцааж байна.

Б.БАДРААГИЙН ГЭР БОЛОН АЖЛААС НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨ АЛТ ХУРААЖ АВСАН

Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа тэргүүтэй хэсэг хүмүүсийг 2021 онд цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, шалгасан байдаг. Түүний гэр болон ажлаас нь их хэмжээний бэлэн мөнгө алт хурааж авсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тодруулбал, гэрээс нь 300 гаруй сая төгрөг, мөн түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн хувьд цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 257 сая төгрөгийн үнийн дүн бүхий "Land cruiser" машин авах тендерийг зарласан хэрэгт буруутгагдаж байв.

Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж