Үндэсний бөхийн өнөө цагийн тод чимэг улсын аварга Ч.Санжаадамба ирэх сар шинийн барилдаанд зодоглох гэнэ. Өдгөө 37 настай аваргын хувьд 2020 оны улсын их баяр наадмаас хойш зодоглоогүй байсан юм. Шалтгаан нь өнөөх л допинг. Их Эе хурлын үеэр допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох шийтгэл, хүлээлгэх хариуцлага нь тааруу учир допингтой бөхчүүдтэй барилдахгүй гэж тэрбээр эсэргүүцэл үзүүлсэн.
Түүнд, бөхтэй хайртай Монголын ард түмэн Ч.Санжаадамбыг өнгөрөгч Ардын хувьсгалын 100 жилийн наадмаар барилдах болов уу гэж их хүлээсэн боловч аварга гаргасан шийдвэр, тогтсон бодолдоо бат зогссон. Тэгвэл эцэст нь ард түмнийхээ хүлээлтийг эцэс болгон бөхийн өргөөнөө барилдах болсон талаар бөх сонирхогчид ярьж байна.
Ч.Санжаадамба аварга цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой байхдаа түрүүлсэн анхны бөх билээ.
Сүүлд гарсан мэдээллээр нэг нутгийн дүү улсын гарьд М.Бадарчтай барилдааны бэлтгэл хийсэн гэнэ. Түүнээс гадна улсын аварга С.Мөнхбат сар шинийн барилдаанд зодоглох шуум гарчээ. Аварга мөн л өнгөрөгч түүхт наадмаас хойш заал танхимын барилдаанд тоотой цөөн зодоглосон билээ.
Ирэх сар шинийн барилдаанд аварга, арслан, гарьд цолтнууд өргөнөөр зодоглох шинжтэй. Дашрамд дуулгахад, өнөөдрөөс/2023.02.16/ сар шинийн барилдааны тасалбар 60 мянган төгрөгөөр зарагдаж эхэлжээ.
Холбоотой мэдээ