Сар шинийн баярыг угтаж, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
“Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. XVII жарны Үзсгэлэн болгогч хэмээх туулай жил гарч байна. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэж билигшээж үздэг. Туулай жилд зуд турхан болж байсан түүх ховор, их сайхан жил гарч байна гэж билигшээж байна. Шинэ жил гарна гэдэг нэг ёсондоо бидний цаг хугацааны үргэлжлэл байгаа юм.
Ард иргэд сүсэгтэн олон өнгөрсөн амьдралд ямар сайн сайхан бүтээж чадсан, амьдрал сайхан үргэлжилдэг жамтай.
Үзэсгэлэн болгогч гэдэг нь ёгт нэр, 60 жилд бүгдэд нь ёгт нэр байдаг. Егт нэр нь цаад талдаа утга илэрхийлдэг. Зарим жил тааруухан билигдлийн үг байдаг боловч, жилийнхээ өнгөөр явдаг. Үзэсгэлэн болгогч гэдэг ёгт нэрийн утгыг Цагаан лянхуа сударт "энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж үзсэн байна. .
Цаг агаар сайхан, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэсэн. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст жаахан тиймдүү гэж байгаа.
Онцолход, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж зурагдсан. Мөн хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ихтэй, хүйтэн болох учраас хүйтэн талын өвчин буюу бадгана өвчнөөс сэргийлж, хувцсан дээр их анхаарах хэрэгтэй. Иймэрхүү маягийн зурхай гарсан. Жилийн төлөв нэлээн сайн байх шинжтэй байна. Туулай жилийг монголчууд их билигддэг, туулай жилдээ туурвина гэж ярьдаг, янз бүрийн үзэл бодол нэг талдаа гардаг гэж үздэг.
Ерөнхийгөөрөө жил орсон, харш жилтнүүд анхаарах хэрэгтэй. Бүх улсуудын засал зурагдсан байдаг тул түүний дагуу заслаа хийлгээрэй.
-Монгол түмний сар шинийн баяр Азийн бусад орнуудтай харьцуулахад хожуу, сарын дараа болж байна. Энэ нь ямар учиртай вэ?
-Нар, сар, од гаригийн хөдөлгөөнөөс лит гэдэг зураглал гардаг. Зурхай хөгжсөн орон болгонд өөр, өөр байх учиртай.
Орон болгонд нар, сар ондоо байршиж байгаа. Заавал нэг өдөр сар шинэ болно гэж үзэж болохгүй.
Монголд XX зууны эхэн үед Их хүрээнд савласан зураг хийдэг байсан. Монгол орны нөхцөл байдал, одон гаригийн явдалд тааруулсан зурхай зурагдсан. Хятад бол ондоо, Манжийн үе болоод хаантай байсан учраас хааны үйл ажилд тохируулж, сар өдрөө шахаад хийчихдэг. Тийм учраас Хятад зурхайд илүү сар, илүү өдөр, тасарсан өдөр, нэмсэн өдөр байхгүй шахуу.
Монголчууд нүүдэлчин ахуйтай учраас иргэд сарны явдлаа хараад “өнөөдөр шинийн долоон байна, өнөөдөр шинийн найман байна” гэж тодорхойлж ирсэн. Битүүнд сар битүүрч, шинийн нэгэн, хоёронд сар үзэгдэх төдий болж, шинийн гуравнаас хавирган сар гарч, арвижсаар шинийн найманд тал дугуй болно, шинийн 15-нд тэргэл сар болно. Сар 22-нд буцаж хомсдоод тал дугуй болно, 28, 29-нд үзэгдэх төдий болж, битүүнд сүүдэрлэдэг.Тийм учраас дэлхийг сар зуувандуу эргэдэг. Нүүдэлчин амьдралд тохирсон сар, нарны зурхайгаар явж ирсэн учраас орчин үед ойлгохгүй явдал гарч байна.
… Цагаан сар гарч байгаа энэ өлзий дэмбэрэлтэй сайхан өдөр та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, аваар осол, аливаа нэгэн муу зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ