Байр суурь: Цагаан сарын үеэр 1 их наяд төгрөг эргэлддэг

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Байр суурь: Цагаан сарын үеэр 1 их наяд төгрөг эргэлддэг

Байр суурь: Цагаан сарын үеэр 1 их наяд төгрөг эргэлддэг

Цагаан сарын баяр болоход хэдхэн хоног үлджээ. Цагаан сарын өмнө иргэдийн худалдан авалт ихсэх, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх тохиолдол байдаг. Иймд цагаан сарын үеэр иргэдийн худалдан авалт, гаргасан зардал улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар эдийн засагчдын байр суурийг тодруулав.


                     “ЭРЭЛТ ХЭТ ИХ ӨСӨХ ҮЕД ҮНЭ ДАГАЖ НЭМЭГДЭХ НЬ ЖАМ ЁСНЫ ХЭРЭГ”

 “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн ерөнхий эдийн засагч Г.БАТЗОРИГ:

-Цагаан сарын баярт зориулсан иргэдийн худалдан авалт улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Цагаан сард  улсын хэмжээнд 200-500 тэрбум орчим төгрөг хэрэглээнд зарцуулагддаг. Энэ нь импортоор гарч буй зардлын хэмжээ гэсэн үг. Гэхдээ улсын эдийн засаг ямар байхаас хамаардаг. Баярын үеийн голлох хэрэглээнд бэлэг, үндэсний хувцас, цагаан идээ зэрэг ордог. Цагаан сарын бэлгийн дийлэнх нь импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн юм.

Цар тахлаас өмнө цагаан сарын хэрэглээнд нэг өрх дунджаар хоёр гаруй сая төгрөг зарцуулдаг байсан бол цар тахлын өсөлттэй үед болон дараах үед иргэдээс гарах зардал ойролцоогоор 5-6 сая төгрөг байгаа байх. Энэхүү мөнгөн дүн нь дундажлагдаж гарч буй тоо гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Дундажлагдаж гэдэг нь уг мөнгөн дүнгээс өргөн хэрэглээтэй айл байж болно эсвэл бага хэрэглээтэй айл байж болно гэсэн үг. Цагаан сарыг зохистой тэмдэглэх талаас нь харах хэрэгтэй. Учир нь Монголчууд хэт их бие биетэйгээ харьцуулагдах шаардлагаар өндөр төсвөөр тухайн баярыг тэмдэглэх тохиолдол байдаг. Цар тахлын улмаас сүүлийн гурван жил цагаан сарын баярыг хагас тэмдэглэн өнгөрүүлсэн болохоор энэ жилийн хувьд уулзаагүй удсан хамаатан садантайгаа уулзах гээд нүсэр тэмдэглэх байж магадгүй. Гэхдээ санхүүгийн хувьд хэт дарамт аваад хэрэггүй байх. Яагаад гэвэл 2023 он бол тийм ч амар жил биш. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ажилчдын цалин өсөх, байгууллагын ашиг нэмэгдэх боломж бага байх болно. Тиймээс энэ жилийн хувьд хувь хүн ажилгүй болж болно, эрүүл мэндийн асуудал үүсэж болох тул хамаагүй зарлага гаргаж болохгүй.

Цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт нэмэгддэг. Тиймээс Монголбанкнаас  гаргаж буй бэлэн мөнгө өмнөх саруудтай нь харьцуулахад  нэлээд өсдөг шүү дээ.  Хэт их бэлэн мөнгө гаргах нь банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Арилжааны банкуудад бэлэн мөнгөний үлдэгдэл гэж бий. Харин шинэ үү хуучин уу гэдэг нь асуудал. Тиймээс банкнууд цагаан сарын баярт зориулж мөнгө хэвлэх тохиолдол байхгүй тул банкны үйл ажиллагаанд нэг их нөлөөлдөггүй.

Баярын үеэр наймаачид бараа бүтээгдэхүүний үнээ огцом өсгөж, гэнэтийн ашиг олдог. Нэг төрлийн бараа бүтээгдэхүүнүүд  өөр өөр үнээр зарагддаг.  Гэхдээ тодорхой хугацааны дараа үнэ тогтворждог шүү дээ. Энэ үйл явцыг тайлбарлахгүй юу. Энэ нь зах зээлийн шударга өрсөлдөөн биш байх?

-Бороо орохоор шүхрийн эрэлт нэмэгддэгтэй адилхан үйл явц шүү дээ. Ийм үйл явц зах зээлийн хуулийн дагуу явагдана. Нийлүүлэлт нэг талдаа бага байгаа нөхцөлд эрэлт хэт их өсөх юм бол үнэ дагаж нэмэгдэх нь жам ёсны хэрэг. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг зах зээл дээр 3-4 дахин нэмж зарсан тохиолдолд үүнийг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх  газар” хянах үүрэгтэй. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай учраас үнийн дүнг хязгаарлах боломжгүй. Иймд зах зээлийн зарчмаараа үнэ тогтдог. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг хэт өсгөж буй байгууллага монополь биш бол хэтэрхий өндөр үнэ тогтоож чадахгүй. Тухайлбал, цагаан сарын голлох бараа бүтээгдэхүүн ихэвчлэн бидний өргөн хэрэглэгдэг бүтээгдэхүүн байдаг. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй их өрсөлдөөнтэй  тул сонголт ихтэй. Тиймээс худалдаа наймаачид баримжаагүй үнээ нэмэхгүй болов уу гэж бодож байна.


                    “ДОТООД ЭРЭЛТ НЬ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ ЮМ”

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Цагаан сарын үеэр үүсч буй худалдан авалт улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Томоохон баяр наадмууд улс орнуудын хэрэглээг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Цагаан сарын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чиглэлд нэлээд зарцуулалт гардаг. Баярын үеэр айл өрхүүд дунджаар 2-3 сая төгрөгийг зарцуулдаг. Тухайлбал, дундаж зардлыг сая төгрөгөөр тооцоход Монгол Улсын эдийн засгийн хувьд нэг их наяд гаруй төгрөгийн зардал энэ богино хугацаанд гарч байна гэсэн үг. Монгол Улсын нийт эдийн засаг 10 гаруй тэрбум ам.доллар байдаг. 2022 оны дүнгээр 14-15 орчим тэрбум ам.доллар болсон. Тэгвэл цагаан сарын үеэр зарцуулсан нэг их наяд төгрөг өнөөгийн ханшаар 300 сая орчим ам.долларын зардлыг гаргаж байна гэсэн үг. Дотоод эрэлт гэдэг улсын эдийн засгийг дэмжих гол хүчин зүйл юм. Монгол Улс импортын чиг баримжаатай, үйлдвэрлэл хөгжөөгүй, экспорт төрөлжөөгүй улс. Иймээс дотоодын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага дийлэнхдээ дотоод хэрэглээнд тулгуурласан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа цагаан сар болон бусад том баярууд бизнес, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг.

Цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт нэмэгддэг. Хэт их бэлэн мөнгө гаргах нь банкны үйл ажиллагаанд нөлөөлдөг үү?

-Монгол Улсын нийт мөнгөний нийлүүлэлт  27 орчим их наяд төгрөг байдаг. Үүнээс гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг. Цагаан сарын үеэр гаргасан  бэлэн мөнгөний хэмжээ банкны үйл ажиллагаанд томоохон нөлөө үзүүлэхгүй. Харин мөнгө шинэчлэх ажлыг энэ цаг хугацаанд давхцуулж хийх боломжтой байдаг.

-Баярын үеэр наймаачид бараа бүтээгдэхүүний үнээ огцом өсгөж, гэнэтийн ашиг олдог. Гэвч нэг төрлийн бараа бүтээгдэхүүнүүд  өөр өөр үнээр зарагддаг.  Гэхдээ тодорхой хугацааны дараа үнэ тогтворждог шүү дээ. Энэ үйл явцыг тайлбарлахгүй юу. Энэ нь зах зээлийн шударга өрсөлдөөн биш байх?

-Монгол Улс зах зээлийн гэх тодотголтой эдийн засагтай улс. Зах зээлийн эдийн засаг улс төрийн оролцоо багатайгаар үйл ажиллагаагаа зохицуулж байдаг. Тиймээс эдийн засаг өөрийн жам ёсны зарчмаараа тогтож байх ёстой. Цагаан сарын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Учир нь бидний сонгосон эдийн засгийн тогтолцоонд үнэ гэдэг зүйл эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Цар тахлын дараах үед бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт хэвийн байдал руугаа бүрэн шилжиж амжаагүй байна. Тиймээс үнийн дүн өмнөх жилүүдээс ч илүү өсөхийг үгүйсгэхгүй. Иймд зах зээлийн зарчмаараа үнийн өсөлт явагдаж байгаа. Баярын дараагаар үнэ буцаад хэвэндээ орно гэдэг нь нөлөө үзүүлэх хэмжээний ийм эрэлт богино хугацаанд үүсдэг учраас бизнес эрхлэгчид энэ цаг үеийг ашиглаж бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарахыг хичээдэг. Харин бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай бөгөөд тасралтгүй байх юм бол үнийн өсөлт аажмаар алга болно.  Ийм эрэлтийн үед үнийг хязгаарлаж, зохицуулах ёстой гэдэгт санал нийлэхгүй байна. Тиймээс Монгол Улс үйлдвэрлэгч улс болж, иргэдийнхээ орлогыг  өсгөж, бараа таваарын хангамжийг нэмэгдүүлэх ёстой.

-Гүйлгээнд оролцож буй бэлэн мөнгөний хэмжээ ихсэх нь инфляц нэмэгдэхэд нөлөөлөх үү?

-Инфляц өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. Бараа бүтээгдэхүүний хангамж тасалдах, тээврийн зардал эрс буурахад инфляц өсдөг. Мөн валютын ханш инфляцад нөлөөлдөг. Эдийн засгийн бүтээмжтэй хамааралгүй улс төрийн шийдвэр гаргалтаас шалтгаалсан зохисгүй мөнгөний нийлүүлэлтийг хийх нь инфляцыг өдөөнө. Жишээлбэл, тэтгэвэр тэтгэмж, халамж зэрэг нь эдийн засгийн бүтээмжгүй шийдвэрүүд юм. Инфляц нь бараа бүтээгдэхүүний ерөнхий үнийн түвшинг илэрхийлдэг ойлголт. Мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн болон бараа бүтээгдэхүүнийхээ хангамжтай уялдаатай, тэнцвэртэй байх нь чухал. Хэрвээ тэнцвэр алдагдаж мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн тохиолдолд инфляцыг өдөөх гол хүчин зүйл болж байгаа юм.


        “ГҮЙЛГЭЭНД БАЙГАА МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ӨСӨХ НЬ ШУУД ИНФЛЯЦАД НӨЛӨӨЛӨХГҮЙ”

Голомт Капитал ҮЦК-ийн арилжааны хэлтсийн захирал Н.Данзандагва:

Цагаан сарын баярт зориулсан иргэдийн худалдан авалт улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Мөн Баярын үеэр наймаачид бараа бүтээгдэхүүний үнээ огцом өсгөж, гэнэтийн ашиг олдог.  Гэвч нэг төрлийн бараа бүтээгдэхүүнүүд  өөр өөр үнээр зарагддаг.  Гэхдээ тодорхой хугацааны дараа үнэ тогтворждог шүү дээ. Энэ үйл явцыг тайлбарлахгүй юу?

-Цагаан сар нь манай уламжлалт, үндэсний тэмдэглэлт баяр учраас айл өрх бүр онцгойлон бэлддэг. Энэ нь эдийн засагт их хэмжээний эрэлт, худалдан авалтыг бий болгодог. Өрх гэрүүдийн худалдан авалтын хувьд жилийн оргил үе учраас худалдан авалтаар дамжиж, аж ахуйн нэгжүүдийн орлого өсдөг. Мөн Монгол Улс үйлдвэрлэгч орон биш тул энэхүү эрэлт, худалдан авалт нь валютын төлбөртэй импортыг өдөөдөг сөрөг талтай.  Мөн  тэмдэглэлт баяруудаар тухайлбал, цагаан сарын өмнө өргөн хэрэглээний бараа, болон үйлчилгээний эрэлт огцом өсдөг. Богино хугацааны огцом эрэлт нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөдөг. Хэсэг хугацааны дараа үнэ эргээд тогтворжиж буй нь мөн л баярын өмнөх үетэй харьцуулахад эрэлт алгуур буурсны улмаас хамаарч байна гэсэн үг.

Цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт нэмэгддэг. Тиймээс Монголбанкнаас  гаргаж буй бэлэн мөнгө өмнөх саруудтай нь харьцуулахад  нэлээд өсдөг шүү дээ.  Хэт их бэлэн мөнгө гаргах нь банкны үйл ажиллагаанд нөлөөлдөг үү?

-Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нь Төв банкны тухайн үед баримталж буй мөнгөний бодлогын орчин, шийдвэрээс хамаардаг. Цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн хэмжээ нь өснө гэдэг нь шууд эдийн засаг дахь бэлэн мөнгө, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг биш.

Гүйлгээнд оролцож буй бэлэн мөнгөний хэмжээ ихсэх нь инфляц нэмэгдэхэд нөлөөлөх үү?

– Аливаа улсын Төв банкны гол зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг тогтвортой түвшинд байлгах, үнийн түвшин болоод инфляцыг өсгөхгүй байлгахад чиглэдэг. Өмнөх асуултын адилаар гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ өсөх нь шууд инфляцад нөлөөлөхгүй.  Өөрөөр хэлбэл Төв банкнууд мөнгөний нийлүүлэлтийг мөнгөний бодлогоор дамжуулан хянадаг.

                                                                                                                                        Г.ХУЛАН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж