"801 иргэн сайн дураараа хэний ч шахалт нөлөөгүй оролцсон"

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

"801 иргэн сайн дураараа хэний ч шахалт нөлөөгүй оролцсон"

"801 иргэн сайн дураараа хэний ч шахалт нөлөөгүй оролцсон"

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай Зөвлөлдөх уулзалтын талаар ярилцлаа.


-Төрийн ордонд Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр болж өнгөрлөө. Хоёр шаттай явагдсан санал асуулгад яагаад 1570 хүнийг сонгох болсон бэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. Ер нь 1570 хүн Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж чадах уу?

-Статистикийн шинжлэх ухаанд түүврийн арга зүй гэдэг ойлголт байдаг. Жишээлбэл, Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын сонгуулийн насны 2.2 сая иргэнээс санал авах уу, эсвэл бүгдийг нь цуглуулж хуралдуулах уу гэдэг асуудал тавигдана. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны, хоёрдугаарт, зардал мөнгө, гуравдугаарт танхимын хүрэлцээ хангалтггүй, энэ нь маш хүндрэлтэй. Тиймээс статистикийн арга зүйд тэдгээр хүнийг илтгэхүйц тооны хүнийг санамсаргүй байдлаар сонгож аваад мэдээлэл авах юм бол нийт хүн амыг төлөөлнө гэдэг статистикийн шинжлэх ухаан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын хоёр сая иргэнээс бид 1570 иргэнийг санамсаргүй байдлаар сонгож авсан. Эдгээр иргэдийг сонгож авахдаа Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргээс төлөөлөл жигд оролцохоос гадна, нас насны бүлгийн хүмүүс оролцохоор түүврийг зохиосон. Энэ дотор малчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, тэтгэврийн насны төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд ч байна. Өнөөдөр гэхэд гурван хөхүүл хүүхэдтэй ээж орон нутгаас оролцож байна. Энэ 1570 хүн нийт Монголын төлөөлөл болсон хүмүүс юм.

-Хоёрдугаар шатны уулзалтад зохион байгуулалтын тал дээр ҮСХ ямар байдлаар ажилласан бэ. Хөндлөнгийн нүдээр харахад иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх зүйл ажиглагдав уу?

-1570 хүнийг сонгохдоо санамсаргүй түүврийн аргаар сонгосон нь юуг хэлж байна уу гэхээр энд оролцож буй иргэн, эсвэл сэтгүүлч, та бид гурвын сонгогдох магадлал яг адилхан байна гэсэн үг. 1570 иргэнээс бид нэгдүгээр шатанд нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар 2-ны өдөр санал асуухдаа “та хоёрдугаар шатанд буюу Зөвлөлдөх уулзалтад хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд оролцох боломжтой юу” гэхэд эхний ээлжид 862 хүн оролцох боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Яг Улаанбаатар хотод хурал эхлэхэд 801 иргэн оролцож байх жишээтэй. Тэгэхээр үлдсэн 60 гаруй иргэн төлөвлөөгүй ажил, эрүүл мэндийн шалтгаан, ар гэрт нь ажил явдал тохиосон, эсвэл амаржсан хүмүүс байсан. Өнөөдөр оролцож буй 801 иргэн сайн дураараа хэний ч шахалт нөлөөгүй оролцож байгаа. Энэ юугаар батлагдаж байна гэхээр хэлэлцүүлгийн үеэр хэлж байгаа үг, асуултаараа батлагдах болов уу гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн нас хүйс боловсролын түвшингийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Хараад байх нь ээ ихэнх нь орон нутгаас голцуу оролцож байх шиг байна?

-Түүвэрт оролцож буй иргэн ерөнхийдөө Монгол Улсын сонгуулийн насны түвшин, хүйсийн харилцааг хадгалж буй иргэд шүү дээ. Энд оролцож буй иргэдийн 28.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 25.5 хувь нь бакалавраас дээш боловсролтой, суурь боловсролтой нь 10 хувь, докторын зэрэгтэй нь 0.3 хувь байна. Энэ нь өөрөө нийт 2.2 сая хүнээ харахад иймэрхүү үр дүн гарна. Оролцож буй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийн тооноос бага зэрэг илүү байгаа. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хүйсийн харьцаа ялангуяа насанд хүрсэн хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь арай их байна. Оролцож буй иргэд дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байж байх жишээтэй. Жишээлбэл, хөдөлгөөний бэрхшээлтэй 35 хүн оролцож байна. Огт хэлгүй, сонсголын бэрхшээлтэй хоёр хүн байгаа учраас бид дохионы хэлтэй хоёр хэлмэрч ажиллуулж байна. Баян-Өлгий аймгаас Монгол хэлээр уншиж бичиж чаддаггүй хүмүүс байна. Энэ хүмүүст Казак хэлний хэлмэрч ажиллуулж байх жишээтэй.

-Санал асуулга дууслаа, хуулиараа ҮСХ дүнг нэгтгэж, зөвлөлийн бүрэлдэхүүнд хүргүүлэх үүрэгтэй байх тийм үү?

-Бид нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны өдөр хоёрдугаар шатны санал асуулгад 1570 иргэнээс тухайн асуудлаар ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл авсан. Хоёрдугаар шатны 801 иргэнээс бид нар өчигдөр 17.00 цагаас 18.20 цагийн хооронд авлаа. Энэ хоёр үр дүнг бид нэгтгээд өнөөдөр 16.00 цагт УИХ-аас байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөлд өргөн барина. Ингэхдээ нийт оролцсон иргэдийн хувьд хүн ам зүй, насны түвшинд ийм байлаа. Эдгээр иргэд та бүхний тавьсан 22 асуултад тэдэн хувь нь тэгж хариуллаа гэдэг мэдээллийг өгнө. Энэ мэдээлэлд үндэслээд Зөвлөлдөх зөвлөл зөвлөмж боловсруулна. Энэ зөвлөмжийг УИХ-д өргөн барина. УИХ шийдвэр гаргахдаа Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

-2019 онд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Тэр үед хэчнээн хүнийг оролцуулсан бэ. Энэ удаагийнхнаас юугаараа ялгаатай байв?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахаас өмнө, Үндсэн хуулийн асуудлаар 2017 онд Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ удаагийнх улсын хэмжээнд зохион байгуулж буй хоёр дахь зөвлөл санал асуулга юм. 2017 оны хувьд мөн энэ тооны хүмүүс оролцсон. Хоёр дахь шатанд 669 хүн оролцож байсан энэ удаад 801 хүн оролцож байна. Энэ бүх үйл ажиллагааг хараат бусаар иргэдийг хэний ч нөлөөнд автуулахгүй зохион байгуулахгүй ажлыг УИХ-ын Тамгын газар, Зөвлөлдөх зөвлөл, ҮСХ бүрэлдэхүүнтэй байгууллага ажиллаж байна. Нөлөө орж байна уу гэдэгт тайлбар өгөхөд ажиглагчид хараат бусаар улс төрийн намын гишүүд, нийгэмд байр суурьтай хүмүүс давхар ажиллаж байна. Хамгийн гол нь иргэдээс өөрсдөөс нь асуухад бүх зүйл тодорхой болох болов уу. Иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд хэн ч нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж