Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт Брюссельд айлчилж, Европын холбооны удирдагчидтай уулзсан. Тэрбээр энэ үеэрээ гурван үндсэн хүсэлтийг тавьжээ. Энэ нь Европын холбоонд хурдан элсэх, барууны сөнөөгч онгоцуудыг Киевт нийлүүлэх, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах гэсэн гурван хүсэл байсан. Европын холбооны удирдагчид эхний хоёр хүсэлтийн тухайд бултах маягтай хариулт өгчээ. Харин гурав дахь хүсэлт буюу хориг арга хэмжээ нь арай нааштай хариу авсан байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дайны нэг жилийн ойг тохиолдуулан ОХУ-д 10 дахь багц хориг арга хэмжээгээрээ цохилт үзүүлнэ гэж амлалаа. Энэхүү хориг арга хэмжээгээр 10 тэрбум еврогоос дээш үнийн дүнтэй экспортыг хориглож, суртал ухуулагчдыг онилох болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Гэвч энэ нь Зеленскийн туйлын хүсэл биш юм. “Хүчтэй хориг арга хэмжээнүүдэд талархаж байна. Гэхдээ энэ нь Оросын түрэмгийлэх боломжийг хангалттай хязгаарлаж чадах уу? Одоо л дуусгах ёстой. Бодоод үзээч. Орос улс Европт цацрагийн гамшигийн аюулыг бий болголоо. Мөн Оросын цөмийн салбар дэлхийн хориг арга хэмжээнээс ангид хэвээр байна. Энэ хэвийн зүйл мөн үү? Би тэгж бодохгүй байна” гэж Зеленский хэлсэн.
Украины эрх баригчид сүүлийн долоо хоногт Оросын цөмийн салбарын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг идэвхийлэн ятгаж байна. Тэр дундаа цөмийн эрчим хүч болон цөмийн зэвсгийн арсеналыг хянадаг хүчирхэг, монополь компани “Росатом”-ын эсрэг хатуу арга хэмжээ авахыг барууныхнаас хүсч байна.
“Росатом” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Энэтхэг, Хятад, Турк зэрэг оронд бүтээн байгуулалтын 34 төсөл хэрэгжүүлж байна. Мөн баяжуулсан уран болон цөмийн реакторын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тус компани нь Украины Запорожье цөмийн станцын одоогийн оператор юм. Тиймээс Росатомын удирдах албан тушаалтнуудыг Европын холбооны уртаас урт хар жагсаалтад оруулахыг уриалж байгаа ч одоогоор нэг ч хүнд хориг арга хэмжээ аваагүй байна.
Мэдээж Европын холбооны хориг арга хэмжээг батлахад хамгийн чухал нэг л хүчин зүйл бий. Энэ нь бүх улс санал нэгтэй байх явдал юм. Үүний тулд олон дахин хэлэлцүүлэг хийх шаардлагатай болдог учир нь энэ нь яваандаа үр дүнг бууруулахад хүргэдэг” гэж Еврокомиссын төлөөлөгч хэлсэн.
Цөмийн салбарт хориг арга хэмжээ авах санаа Зеленскийн айлчлалын үеэр хөндөгдсөн боловч энэ нь цоо шинэ зүйл биш юм. Европын холбоо өнгөрсөн оны есдүгээр сард долоо дахь удаагийн багц хориг арга хэмжээнд бэлдэж байх үед энэ асуудал яригдаад өнгөрсөн. Тодруулбал, Польш, Эстони, Латви, Литва, Ирланд гэсэн таван орны бүлэг хамтарсан мэдэгдэл гаргаж, Оростой цөмийн салбарт хамтран ажиллахыг хориглох санал хүргүүлж байжээ. Хэрвээ 10 дахь багцад энэ хориг багтаагүй бол дараачийн хоригуудад заавал багтаах ёстой гэж тэд үзэж байна.
Энэ санал тухайн үедээ өндрийг авч чадаагүй. Одоо ч бас дэмжигдэх эсэх нь тодорхойгүй.
Оросын цөмийн салбарыг онилох нь хамгийн хүчтэй арга хэмжээ гэдгийг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Мария Шагина онцолсон. “Росатомын хориг арга хэмжээ Оросын эдийн засагт тэгтлээ их нөлөөлөхгүй. Гэсэн ч энэ нь Путины дэглэмийг бага ч болов чангалах юм. Росатом компани өөрсдийгөө иргэний цөмийн компани гэдэг ч үнэндээ цэрэг болон иргэний зориулалтын ялгаа бүдгэрсээр байна” гэж тэр хэлэв.
Оросын газрын тос, байгалийн хийн импортын үнэ уранаас доогуур байна. Дайнаас өмнө буюу 2021 онд Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд 71 тэрбум евро, уран-235 баяжуулсан сортод 333 сая евро төлжээ. Тухайн үед ОХУ нь Европын холбооны гурав дахь том уран нийлүүлэгч болж байв. Оросын өмнө Нигер, Казахстан улсууд оржээ.
Өнөөдрийн байдлаар Европын холбооны гишүүн таван орон Орост үйлдвэрлэсэн 19 цөмийн реактор ажиллуулж байна. Тодруулбал, Чехэд зургаа, Словакт тав, Унгарт дөрөв, Финландад хоёр, Болгарт хоёр цөмийн реактор байна. Үүнээс 15 нь “VVER-440” загвар бол үлдсэн дөрөв нь “VVER-1000” загвар юм. Украинд мөн Оросын хэд хэдэн реактор байдаг бөгөөд Запорожьед л гэхэд хоёр нь байдаг.
Дээр дурдсан “VVER” загварыг “Росатом”-ын охин компани “OKB Gidropress” боловсруулж, хөгжүүлсэн. Тиймээс эдгээр цөмийн реакторт түлшний угсралтын үйлчилгээ үзүүлж чадах цор ганц эзэн нь “Росатом” аж. Цөмийн станцуудыг аюулгүй ажиллагаатай байлгахын тулд түлшний угсралтуудыг хадгалах зайлшгүй шаардлагатай байдаг.
АНУ-ын “Westinghouse” болон Францын “Framatome” гэсэн компаниуд түлшний угсралтын чиглэлээр Оросыг орлохыг оролдсон ч энэ нь төдийлөн амжилттай болохгүй байна. Яагаад гэвэл тэдний хүчин чадал нь “VVER-1000” загварт л үйлчилдэг. “VVER” түлш нь ойрын жилүүдэд өндөр ач холбогдолтой хэвээр байхыг албаны хүн анхааруулж буй. Тиймээс нийлүүлэлтийн эмзэг байдлаас сэргийлэхийн тулд ханган нийлүүлэгчээ төрөлжүүлэхийг улс орнуудад уриалж байна.
Орост үйлдвэрлэсэн реакторууд идэвхтэй ажиллаж байгаа таван орны хувьд цөмийн эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, Финландад 32.8 хувь, Словакт 52.3 хувийг эзэлж байгааг Дэлхийн цөмийн аж үйлдвэрийн тайланд дурджээ.
Унгар улсад одоогоор Орост үйлдвэрлэсэн дөрвөн реактор байгаа ч өнгөрсөн жил дахин хоёр реактор барихаар шийдсэн. Тэгэхээр Унгар улс Оросын цөмийн салбарыг онилох Европын холбооны саналыг зөвшөөрөхгүй байгаад гайхах зүйл үгүй. “Бид цөмийн эрчим хүчийг хориг арга хэмжээнд оруулах төлөвлөгөөг зөвшөөрөхгүй. Энэ талаар ярих боломжгүй” гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэлж байв.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ