Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудал дагуу зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ олон бий. Зөвшөөрөл авалгүй, хаа дуртай газраа ТҮЦ-ээ байршуулна. Хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн зарна. Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдана. ТҮЦ-ээ тойруулж бие засна. Гадаа нь хог хөглөрсөн байхад цэвэрлэчих сэтгэлгүй. Нийтийн эрх ашгийг ийн хохироож байгаа талаар энэ удаагийн сурвалжлагаараа хөндөж байна.
Өглөөний 10:00 цагийн үед Жуковын автобусны буудал орчим хүмүүс зөрөх зайгүй бөөгнөрөлдөн зогсоно. Хаашаа ч юм яарсан хүмүүс ирсэн автобус руу бие биеэсээ өрсөн сууж, хэсэг хүмүүс явган хүний зам дээр тоосго эвэн байршуулсан ТҮЦ-рүү шахцалдан орох аж.
Хуучирч, гандсан бариулаа даавуугаар оосорлосон нэгэн ТҮЦ-ийн хаалгаар орвол босгоны хажууд урагдаж цоорсон алимны цаасан хайрцгийг хогийн сав болгон цэнхэр мяндсан шүүртэй зэрэгцүүлэн тавьжээ. Лангуун дээр ундаа ус, бэлэн гоймон, печень гэх мэтийг төрөл бүрээр нь эгнүүлсэн харагдав. Мөн жижиглэнгийн бараа гэгддэг иштэй чихэр, бохь, резинэн чихэр, вафли зэргийг жижиг хайрцагт хийж зэрэгцүүлсэн байлаа. Энэ бол Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийн нийтлэг дүр төрх.
Худалдагчаас /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ бараа бүтээгдэхүүний талаар зарим зүйлийг тодрууллаа. Түүнээс борлуулж буй бараа бүтээгдэхүүнээ хаанаас татдаг тухай асуухад “Ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд авчраад өгчихдөг. Бусад зарим бараагаа томоохон худалдааны төвүүдээс өөрөө явж авчирдаг” гэв. Мөн бараа бүтээгдэхүүнийхээ хугацааг хэр анхаардаг болохыг сонирхоход “Бараг л асуудал гардаггүй. Байнга эргэлттэй байдаг бүтээгдэхүүнийг зардаг учраас ихэнх нь зарагдаж дуусдаг” гэж хариулсан юм.
Мөн тэрбээр хугацаа нь дууссан барааны талаар ярихдаа “Бид бараагаа өөрсдөө очиж худалдааны төвөөс авдаг тул буцаах боломжгүй. Харин хугацаа нь дууссан бараа гарч ирсэн тохиолдолд цаашаа хураачихдаг. Харин ороомог, кимбаб, пирожки зэргийг түргэн хоолыг цехээс нь авдаг. Түргэн хоолыг 24 цаг болоод л маргааш өглөө нь шинэ хоол ирэхээр солиод аваад явдаг учраас ямар ч асуудал байхгүй” гэж тайлбарлав.
ТҮЦ-ийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнийг дурдвал ундаа, ус, тамхи, чихэр, печень болохыг худалдагч хэлэв.
ТҮЦ-нд ихэвчлэн хүнсний чиглэлийн жижиглэн бараа бүтээгдэхүүн зардаг бөгөөд ариун цэврийн хувьд шаардлага хангадаггүй болохыг эргэн тойрны орчин нь илтгэнэ. Худалдаа эрхлэгчид хог шороо, тоос цэвэрлэгээг зөвхөн өглөөдөө шүүрддэг гэнэ. Бусдаар ТҮК-ийн ажилтнууд зам талбайг нь хариуцан цэвэрлэдэг ажээ. Нэгэн худалдаа эрхлэгч ТҮЦ-ийнхээ орчныхоо бохир байдлын талаар тайлбарлахдаа “ТҮЦ-ийн ойр хавиа өглөөдөө шүүрддэг. Орой тараад харахад тамхины иш, шүлс, хог болчихсон байдаг” гэсэн юм.
Цааш явж өөр нэгэн ТҮЦ эрхлэгчтэй уулзлаа. Жижиг зайтай энэ ТҮЦ-нд бараа гээд байх зүйл бараг л байсангүй. Лангуу дээр хэдэн цайны печень, шоколад, ариун цэврийн хэрэглэл, хөргөгчийн доод талын тавиур дээр дөрөв, таван түмний ундаа хойш налуулан тавьжээ. Худалдагчаас зарим зүйлийг тодруулбал тэрбээр анхны өдрөө ТҮЦ-нд худалдагчаар сууж байгаагаа хэллээ. Өглөөнөөс хойш орлого муу байгаагаа ч нуусангүй. "Нийтийн тээврийн зогсоол, замд байдаг ТҮЦ-ийн ойр хавьд үнэхээр бохир байдаг. Ихэнх нь тамхины иш харагддаг. Үүний нэг шалтгаан нь тамхи татах цэг цөөн байдгаас иргэд гудамжинд тамхи татан ишээ газар хаячихдаг" гэдгийг дэргэдүүр нь өнгөрч явсан иргэн хэлсэн юм.
Түргэн үйлчилгээний цэгүүд тамхийг ширхэглэж зарж, ашиг олдог нь нууц биш.
Сансарын шатахуун түгээх станцын автобусны зогсоолд дөрөв, таван ТҮЦ явган хүний замыг хаан эгнэн байршсан байлаа. Автобус хүлээсэн иргэд машин зам дээр зогсох нь холгүй зайнд унаагаа хүлээнэ. Иргэдээс түргэн үйлчилгээний цэгийн талаар тодруулан асуулаа.
Иргэн Д.Лхагвадулам “ТҮЦ-рүү бохир байдаг учраас ордоггүй. Эргэн тойронд дэлгүүр олдохгүй, заавал юм авах шаардлага тулгарвал хааяа л ордог. Болж өгвөл орохгүй байхыг хичээдэг. Их үнэтэй мөн чанарын баталгаагүй санагддаг” гэв.
ТҮЦ нь бусад худалдааны газруудыг бодвол бараанууд нь үнэтэй байдаг гэж иргэд хэлж байлаа. Тиймээс хүмүүсийн ихэвчлэн худалдан авдаг бараа бүтээгдэхүүнийг бусад хүнсний дэлгүүрүүдтэй харьцуулан авч үзсэн юм. "CU" сүлжээ дэлгүүрт 450 гр гоё жүүс 1800 төгрөг, кока кола 2050 төгрөг бол M-Mart худалдааны дэлгүүрт гоё жүүс 1620 төгрөг, кока кола 1860 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ТҮЦ-нд гоё жүүс 2000 төгрөг, кока кола 2200 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
Иргэн А.Бадрал "Би ТҮЦ-нд ширхгийн тамхи авахын тулд ордог. Дэлгүүрүүдэд тамхи ширхэглэж зардаггүй болохоор орохоос өөр арга байдаггүй" гэдгийг хэлж байв. Харин иргэн Б.Мөнхгэрэл "Би оюутны байранд амьдардаг. Байртай хамгийн ойрхон нь ТҮЦ байдаг болохоор түргэн хоол их авч иддэг. Яаралтай үед ороод гарахад ч амар байдаг заавал дэлгүүр орох шаардлагагүй" гэсэн юм.
Харин О.Саран гэж өөрийгөө танилцуулсан ахимаг насны эмэгтэй түцний байнгын үйлчлүүлэгч ажээ. Тэрбээр хараа муутай болохоор тэр болгон бараа бүтээгдэхүүний хугацааг хараад байдаггүй зүгээр л итгэдэг гэлээ.
ТҮЦ 1990 оноос хойш 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа ч өөрчлөгдөн шинэчлэгдэж чадалгүй явсаар "CU", "GS25" зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөж чадалгүй зах зээлээс шахагдаж байна гэдгийг иргэд хэлж байна. Иргэд цаг үедээ нийцсэн, цэвэрхэн, тохилог орчинд үйлчлүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байна.
Э.Хулан,Д.Нямхүү
Холбоотой мэдээ