Азиудын цагаан сарын сонин уламжлалууд

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Азиудын цагаан сарын сонин уламжлалууд

Азиудын цагаан сарын сонин уламжлалууд

Зүүн Өмнөд Ази даяар цагаан сарын баярыг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин монголчууд бид Төгс буянт зурхайн зурлагаар өнөөдөр /2023.2.21/ Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэйгээ золгож байна. Тэгвэл Азийн бусад орнууд ямар уламжлалаар цагаан сараа тэмдэглэдгийг орчуулан хүргэж байна. Цагаан сарыг Хятад, Хойд болон Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Индонези, Сингапур, Бруней, Вьетнам, Японд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Вьетнамаас бусад улсад туулай жил гарч байна. Харин тус улсад туулай биш муур жил гарч байгаа бөгөөд Хятадын зурхайн зурлагаас ялгаатай юм. Вьетнамын зурхайн зурлагад хэрхэн муур гарч ирсэн нь тодорхойгүй боловч тус улсын хэлээр туулай, муур нь ойролцоо дуудлагатай байдгаас андуурал гарсан байх гэж үздэг байна.

Цагаан сараар хоол унд өргөн утгаар аз, хөгжил дэвшлийн бэлгэдэл болдог. Тухайлбал, хятад баярын зоогонд загас заавал байх ёстой бөгөөд ихэвчлэн аз, эд хөрөнгийг дууддаг гэж итгэдэг хүнсийг хэрэглэдэг байна. Түүнчлэн олон оронд цагаан будааны боовыг эв нэгдлийн бэлэгдэл болгон иддэг байна. Монголчуудын тухайд  будаа, аарц, үзмийг хольж хийсэн цагаалгыг хэрэглэдэг.

 

Азиуд цагаан сараар нэгэндээ мөнгө бэлэглэдэг. Хятадын соёлд эцэг эх нь хүүхдүүд болон ахмад настнууддаа улаан дугтуйд хийсэн мөнгийг өгдөг. Мөн компанийн удирдлагууд ажилчдадаа мөн дугтуйтай мөнгө өгдөг байна. Вьетнамд улаан дугтуйд мөнгө хийж бэлэглэх нь амжилт, урт удаан амьдрал, өсөлт дэвшлийн бэлгэдэл аж. Харин солонгосчууд ахмадууддаа сөгдөж ёсолсны дараа эцэг эх нь хүүхдүүддээ аз ерөөн мөнгө өгдөг уламжлалтай.

Хятад болон Азийн бусад олон орноос ялгаатай нь Япон улс нийгмээрээ цагаан сарыг тэмдэглэдэггүй. Гэхдээ Йокохама, Нагасаки, Окинавад  нутгийн иргэд энэ баярыг бага хэмжээгээр тэмдэглэдэг бөгөөд Будда бурханд зориулан өргөл өргөж, гэр бүлээрээ залбирал үйлддэг байна. 

Солонгосчууд цагаан сараас, төрсөн өдрөөрөө гээд жилд хоёр удаа нас нэмдэг. Мөн эхийн хэвлийд байсан 10 сарыг нь 1 нас гэж тоолоод азийн бусад хүмүүсээс 3 насаар хурдан "хөгширдөг".

Хятад, солонгос хэлэнд 4-ийн тооны дуудлага нь үхэлтэй ижил сонсогддог учраас цагаан сарын үеэр энэ тооноос зайлсхийдэг. Мөн цагаан сарын баярын үеэр хогийн шүүрэнд огт гар хүрдэггүй цээрлэдэг бөгөөд орж ирж буй азаа шүүрдээд гаргачихна гэж үздэг байна. Вьетнамд цагаан сарыг угтаж гэр орноо цэвэрлэж, гоёж чимэглэдэг бөгөөд өөрсдөө шинэ хувцас өмсч, өр зээл, хэрүүл маргааныг цээрлэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж