Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Тус тоглолт ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр Гүрж улсын Батуми хотод болно. Дэлхийн чансааны 78 дугаарт эрэмбэтэй Гүржийн бүрэлдэхүүнд Хвича Кварацхелиа гэх Европд цуу алдраа дуурсгаж буй залуу бий. Өдгөө 22 настай тэрбээр Италийн Наполид тоглодог бөгөөд энэ улирал Сери-А лиг болон УЕФА Аваргуудын лигт нийтдээ 23 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, 14 гоолын дамжуулалт өгөөд байна. Түүний зах зээлийн ханш нь 60 сая евро.
Хвича Кварацхелиаг Английн Манчестер Сити, Ливерпүүл, Испанийн Атлетико Мадрид, Реал Мадрид, Францын ПСЖ зэрэг клубууд сонирхож байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд “Монголын үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын багтай хүч үзэхээр боллоо. Бид Испанийн Валенсиа клубын хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубын супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.
Дэлхийн чансааны 78 дугаарт эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр буюу 2023 оны гуравдугаар сарын 25-нд Гүрж улсын Батуми хотод болохоор товлогдсон байна” гэжээ.
Холбоотой мэдээ