Л.Гантөмөрөөс асуух нь: Ардчиллыг манаж чадах уу?!

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөрөөс асуух нь: Ардчиллыг манаж чадах уу?!

Л.Гантөмөрөөс асуух нь: Ардчиллыг манаж чадах уу?!

Ардчилсан намыг олон нийт баруун төвийн үзэл баримтлалтай гэж боддог, дэмжигчид нь хувь хүний эрх чөлөөг эрхэмлэж, хувийн өмчийг хамгаалж чадна гэж найддаг, саналаа өгдөг. Гэвч, ардчиллыг тугаа болгодог Ардчилсан нам, өнгөрсөн 2022 онд үзэл баримтлалаа өөрчилж, баруун төвийнх болсноо зарласан ХҮН аль, аль нь МАН-аас ялгарах юмгүй зүүнтнүүд болохоо үг, үйлдлээрээ харуулдаг, нотолдог.

Улаан, ягаан, цэнхэр өнгөөрөө л ялгардаггүй юм бол, Монголд баруун төвийн нам байхгүй.  Байсан бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас ядаж нэг нь хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байхад, хувийн өмчийг дээрэмдэж байхад, хууль, шүүхгүйгээр бусдыг яллаж байхад ядаж дуугарах байлаа.

Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын бодлого нэгд, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхэд, хоёрт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалахад, гуравт, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх, шүүхийн хараат бус байдлыг дэмжихэд, дөрөвт, улс төрийн төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг.  Тэгвэл зүүний намууд хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчих, баян, хоосны ялгааг арилгах, олон тулгуурт төрийн зохицуулалтыг бий болгох, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн нэгдсэн үнэ төлбөргүй тогтолцоо бий болгож, нийгмийн эмзэг давхаргад төр, олон нийтийн зүгээс үзүүлэх гэх мэт бодлого хэрэгжүүлдэг.

Монголын парламентад гурван нам суудал авсан. Харамсалтай нь, парламентад суудалтай намын тоо гурав ч үзэл баримтлалын хувьд өнгөнөөс өөр ялгаралгүй болсон байна.  АН-ын дарга болсноосоо хойш анх удаа олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн Л.Гантөмөрын мэдэгдлийг дүгнвэл ерөнхийдөө тунхагийн шинжтэй, зорилго мөрөөдлийн гэлтэй байв. Баян, хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулах, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах, халамж тараах нь баруун төвийн үзэл баримтлалттай намын даргын ярих, амлах бодлого биш.

Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, татварыг бууруулж, төр бизнесийг дарамталж байгаа дарамтыг арилгах, богино хугацаанд ядуурлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, 400 мянган айл орон сууц хөтөлбөрийг боловсруулж, эдийн засгийг 2-3 дахин өсгөх, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэх нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийх  ажил. Зүй нь энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийг, төрийн оролцоогоо багасгахыг Л.Гантөмөр сөрөг хүчний лидер мөн бол эрх баригчдаас шахаж, шаардах ёстой юм. Монголын төр өнөөдөр арьс ширний худалдаачин, алт мөнгөний диллер, нүүрс зэсийн ченж болчихсон, хувийн хэвшлийн орон зай улам хумигдаж байгаа нөхцөлд.

УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш морь унасан толгойгүй нам явсан Ардчилсан нам өнгөрсөн сард арай гэж малгай тавих толгойтой болсонд олон хүн олзуурхсан. Парламентын үгүйлэгдсэн ардчилал эргэж сэргэнэ гэж итгэсэндээ  тэр.  Иймээс Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэхэд АН-ын гишүүдээс илүү жирийн иргэд алга ташицгаасан.

Атал, АН-ын шинэ дарга Л.Гантөмөрийн анхны хэвлэлийн бага хурлаар хийсэн мэдэгдэл өнгөрсөн долоон жил хүчтэй сөрөг хүчин үгүйлсэн олон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй, сөрөг хүчний лидерийн хэмжээний харизм, характер түүнээс харагдсангүй.

Л.Гантөмөрт анхнаас нь сануулсан, Ардчилсан намын дарга ямба эдлэх хүн биш  ял үүрэх хүн шүү гэдгийг.  Хоёр сонгууль дараалан гудамжинд лааз өшиглөж, дотоодын зөрчил талцлаасаа болоод гишүүд дэмжигчдээ алдсан намынхаа рейтингийг өсгөх, парламентад сөрөг хүчнийг амилуулах, аюулд орсон ардчиллыг хамгаалах хамгийн хариуцлагатай үүрэг даалгавар түүнд оногдсон. Тал тал тийшээ тарсан АН-ын нэгтгэж, нэг туг, нэг үзэл баримтлал дор авч явна гэдэг амаргүй. Тэр тусмаа хоёр сонгууль дараалан үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон МАН-тай өрсөлдөх бүр хэцүү.  Үнэндээ тамга барих нь заримдаа тамгаа алдахаас ч хэцүү байдаг.  Тиймээс ардчиллын төлөө, АН-ын төлөө Данко шиг зүрхээ сугалдаггүй юм аа гэхнээ ядаж ядарсан, бухимдсан, үгээ нуусан, айсан хүмүүсийн дуу хоолой болох ёстой юм.

 Хувь улстөрчийн хувьд Л.Гантөмөр дайсан багатай. Хэр баргийн хэрүүл талцал өрнүүлж, тэр болгон гудамжинд гардаг "хүндээ хөнгөнөөс" өгдөг улстөрч биш. Товчхондоо, характер, харизмын хувьд "бөөрөнхий", энэ түүний гол алдаа ч болж мэднэ. Намын дарга хүн бөөрөнхийлөөд байвал бодлого нь гишүүддээ хүрэхгүй. Намын дарга хүн хэт хатуурхаад байвал С.Эрдэнэ шиг буурин дээрээ эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ.

Өмчөө булаалгахдаа тулсан хувийн хэвшлийнхэнд, үзэл бодлоо илэрхийлээд шүүхэд дуудагдсан иргэдэддээшээ МАН хатуу, доошоо газар хатуу болсон. Үүнтэй тэмцэхээс Л.Гантөмөрийн ардчиллын манлайлагч уу, Ардын намын БЭТ үү гэдэг нь харагдана. Монголд хүчтэй сөрөг хүчний дуу хоолой өнөөдөр ус агаар мэт чухал байна. Тэгж байж Монголын ардчилал хамгаалагдана. Тиймээс түүнд тавих нэг асуулт байна, та ардчиллыг яг  манаж чадах уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж