Экваторын Гвиней улсад үхлийн аюултай марбург вирусийн тохиолдол бүртгэгдсэнийг Даваа гаригт зарлав. Төв Африкийн тус улсад энэ вирусээс болж есөн хүн нас барсан тул ДЭМБ яаралтай хуралдлаа. Урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар авсан байж болзошгүй 200 хүнийг тусгаарлаад байна. Ийн хурдан шуурхай арга хэмжээ авсанд нь ДЭМБ-ын Африкийн бүс нутаг хариуцсан захирал Мацидисо Моэти талархал илэрхийлэв.
Марбург вирус нь анх 1967 онд лабораторийн сармагчингаас үүдэлтэйгээр Германд дэгдэж байсан. Энэ нь Баруун Африкт 2014 онд дэгдсэн эбола вирустай төстэй бөгөөд халдварлах чадвар нь маш өндөр. Тус өвчний нас баралтын түвшин дунджаар 50 хувьтай байдаг аж. Вирусийн хувилбараас хамаараад энэ нь 24-88 хүртэл хэлбэлзэж байжээ. Марбургийн вирусийн анхны шинж тэмдгүүд нь өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бие сульдах зэрэг юм.
Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэг вакцин эсвэл вирусийн эмчилгээ байхгүй байна. ДЭМБ-ын хуралдааны үеэр вакцины боловсруулах талаар яригджээ.
Марбург вирусийн хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн оны долдугаар сард Гана улсад бүртгэгдэж байв. Тухайн үед хоёр хүн нас баржээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ