КГБ-д бүртгэлтэй "Стеклов"

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

КГБ-д бүртгэлтэй "Стеклов"

КГБ-д бүртгэлтэй "Стеклов"

NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг онцолж байна. 


Йенс Столтенберг олон улс болон дотоодын улс төрд нэр хүндтэй нэгэн.  2014 оны аравдугаар сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Норвегийн ерөнхий сайд, НҮБ-ын тусгай элчээр ажилласан туршлагатай тэрбээр дэлхийн болон Атлантын далай дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тууштай дэмжсээр ирсэн. Тэрбээр Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүнээр гурван удаа бүрэн эрхээ сунган ажиллаж буй бөгөөд ирэх есдүгээр сард албан тушаалаасаа бууна. 

Столтенбергийн удирдлагад НАТО нь хүйтэн дайнаас хойш илүү өргөжин тэлж, хүчнийхээ бэлэн байдлыг нэмэгдүүлж, Европ тивд болзошгүй цөмийн дайны нөхцөлтэй тулгараад байна. Тэрээр Украины дайн эхэлснээс хойш Оростой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ бэлэн байдал, хамгаалалтаа нэмэгдүүлэх зарчмыг баримталж буй. Мөн батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлж, эвслийн хүрээнд ачааллыг илүү сайн хуваарилж, инновацид илүү анхаарал хандуулахыг дэмжсэн байр суурьтай. Столтенбергийн санаачилгаар НАТО терроризмтой тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлсэн. Түүнчлэн НАТО болон Европын холбооны хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн түншлэлийн харилцааг тууштай дэмжсээр иржээ. 

ШАШИН ШҮТЭХЭЭС ӨӨРТӨӨ ИТГЭХ НЬ ИЛҮҮ ХҮЧТЭЙ

 Йенс Столтенберг 1959 оны гуравдугаар сарын 16-нд Осло хотноо дипломатчдын гэр бүлд төрсөн. Тэрбээр бага насаа Ослод өнгөрүүлсэн ч дипломат эцгээ дагаад гадаадын олон оронд амьдарч байжээ. Түүний ээж Карин Столтенберг генетикч мэргэжилтэй бөгөөд Норвегид төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин эцэг нь 1961-1964 оны хооронд Югослав дахь Норвегийн элчин сайдын яаманд ажиллаж байв.

Столтенберг Норвегийн дипломатч Ингрид Шулерудтай 1987 онд гэрлэсэн. Эхнэр нь  2015-2019 оны хооронд Норвеги улсаас Бельгид суух элчин сайдаар ажиллаж байсан. Насанд хүрсэн хүү, охинтой. Хүү Аксель нь 1989 онд төрсөн бөгөөд Шанхайд хятад хэлний чиглэлээр эрдмийн зэрэг горилж байгаа. Охин Анне  нь 1992 онд төрсөн бөгөөд "XL Recordings"-тэй гэрээ байгуулан поп, электрон хөгжмийн чиглэлээр ажилладаг. 

Тэрбээр  зуны амралтаа Хвалер арлууд дахь гэр бүлийнхээ зуслангийн байшиндаа өнгөрөөх дуртай. Дугуй унах дуртай, өвлийн улиралд цанаар гулгадаг.

Тэр ч бүү хэл 2011 оны арванхоёрдугаар сард цанаар гулгахаар Антарктидад очиж байсан. Тэрбээр ямар нэгэн шашныг шүтдэггүй боловч шашингүй үзэлтэн биш гэж тайлбарладаг. Энэ тухайгаа тэрбээр "Би ямар нэг шашин шүтэхээс өөртөө итгэх нь илүү хүчтэй" гэж итгэдэг гэжээ.

Столтенберг 2011 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн асуудалд шинэ хэтийн төлөвийг бий болгоход онцгой хүчин чармайлт гаргасныхаа төлөө НҮБ-ын Сангийн "Даян дэлхийн өөрчлөлтийн аварга" шагналаар шагнагджээ.

КГБ-Д БҮРТГЭЛТЭЙ "СТЕКЛОВ"

Түүнийг улс төрд оруулсан хүн бол эгч Камилла нь. Камилла тухайн үеийн "Улаан залуучууд" гэх марксист-ленинист бүлэглэлийн гишүүн байжээ. Үүнээс гадна Вьетнамын дайны эсрэг сэтгэл хөдлөл нь улс төрд ороход хүчтэй нөлөөлжээ. Тухайлбал, Хойд Вьетнамын Хай Фонг боомт хотыг бөмбөгдсөний дараа тэрээр Осло дахь АНУ-ын элчин сайдын яамыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байв. Энэ үеэр залуус элчин сайдын яам руу чулуу шидэж, нэг цонхыг нь хагалсан бөгөөд найзууд нь цагдаад баривчлагдаж байжээ. Уг үйл явдлын дараа тэрбээр Ауст-Агдер дахь Евжемоен армийн явган цэргийн сургалтын төвд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад Ослогийн их сургуулийг эдийн засгийн мастер зэрэгтэй дүүргэсэн. Удалгүй 1987 онд Норвегийн үндэсний статистикийн хүрээлэнд судлаачаар ажиллаж эхэлжээ.

Тэрбээр улс төрөөс гадна сэтгүүлзүйн салбарт нэр хүндтэй нэгэн байсан. 1979-1981 онд тэрбээр  "Arbeiderbladet" өдөр тутмын сонины сэтгүүлч байсан. Тус сониныг Норвегийн Хөдөлмөрийн намаас эрхлэн гаргадаг байсан ч хожим бие дааж, нэрээ сольсон байна. 

Харин 1990-ээд оныг хүртэл Зөвлөлтийн дипломаттай байнгын харилцаатай байсан аж. Гэвч Норвегийн цагдаагийн аюулгүй байдлын албанаас түүнийг Оросын КГБ-д "ховлосноор" харилцаагаа төгсгөжээ. КГБ-д бүртгэлтэй тэрний нууц нэр нь "Стеклов" байжээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвслийг удирдахаасаа өмнө Столтенберг 2013 онд нэг жилийн хугацаатай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын тусгай элчээр ажиллажээ. Энэ хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын санхүүжилт, хөгжил, хүмүүнлэгийн тусламж, байгаль орчны бодлогын уялдаа холбоотой асуудлаарх өндөр түвшний зөвлөлүүдийг даргалсан байв.

Үүнээс өмнө Норвегийн Ерөнхий сайдаар ажилласан.  Түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаанд Норвегийн Осло, Утойя хотуудад 2011 онд 77 хүний ​​аминд хүрсэн террорист халдлага гарсан. Тухайн үед тэрбээр норвегичууд илүү ардчилсан, илүү нээлттэй, хүнлэг байх боловч дахин гэнэн байхгүй гэдгийг мэдэгдээд, Зэвсэгт хүчний хүчин чадлыг шинэ түвшинд гаргаж чадсан гэж үнэлэгддэг. Мөн  ОХУ-тай Баренц, Алтан гадас тэнгист далайн хил тогтоох гэрээнд гарын үсэг зурснаар 30 жил үргэлжилсэн маргааныг эцэслэсэн гавъяатай. Афганистанаас АНУ болон НАТО цэргээ гаргасны дараа тэрбээр "Бидний зорилго Нэгдсэн улсыг хамгаалах байснаас Кабул байгаагүй. Бид зорилгоо биелүүлсэн" гэж мэдэгдсэн. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард түүнийг Норгес банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших бодолтой байгаа тухай мэдээлсэн. Түүнийг Норгес банкны дараагийн ерөнхийлөгчөөр томилсон тухай 2022 оны хоёрдугаар сарын 4-нд олон нийтэд мэдээлсэн.

Столтенбергийн хөрөнгийн хэмжээ 7.6 сая ам.доллараар үнэлэгддэг. Тэрбээр НАТО-гийн даргаар ажилласан есөн жилийн хугацаанд татвар хасаад 274 мянган еврогийн цалин авдаг байна. 

  • 2005-2013: Норвегийн ерөнхий сайд
  • 2002-2014: Норвегийн Хөдөлмөрийн намын дарга
  • 2000-2001: Норвегийн ерөнхий сайд
  • 1996-1997: Сайнгийн сайд
  • 1993-1996: Аж үйлдвэр, эрчим хүчний сайд
  • 1991-2014: парламентын гишүүн
  • 1990-1991: Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга
  • 1985-1989: Норвегийн Хөдөлмөрч залуучуудын удирдагч
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж