Саяхан болж өнгөрсөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнөөс манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэхэд үр ашгаа өгөх шийдвэр гарчээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН, Хятадын талтай өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2016 оноос хойш яригдаж ирсэн өргөн царигийн галт тэргийг нэмэгдүүлэх асуудлыг бодит ажил хэрэг болгожээ. Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд-Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутам өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцож байсан юм. Мөн өргөн царигаар солилцох 15 галт тэрэгний 2 нь урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг байхаар тохирсон нь экспортод гарч байгаа ачааны хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг юм.