Дайн эхэлснээс хойш олон мянган украин хүүхдийг ОХУ-д авчирсныг АНУ-ын Төрийн департментын дэмжлэгтэй Йелийн хүмүүнлэгийн судалгааны лаборатор тайлагнав. Уг тайланд украин хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж, цэргийн эрдэмд сургаж, хүчээр үрчлүүлж буй талаар сэтгэл түгшээсэн мэдээллүүд багтжээ. Йелийн хүмүүнлэгийн судалгааны лаборатор дахь Ажиглалтын төвийг дайны гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах зорилгоор өнгөрсөн онд байгуулсан юм.
Тайланд дурдсанаар бүтэн жил үргэлжилсэн дайны хугацаанд нэг сартай нярайгаас эхлээд 17 хүртэлх насны 6000 гаруй украин хүүхэд Орост иржээ. Гэхдээ энэ тоо бүрэн баталгаатай биш, бодит байдал дээр хамаагүй олон хүүхэд ч байх магадлалтай гэнэ.
Хүүхдүүдийг Орос даяар нийт 43 байгууламжид хүлээж авсан. Асрамжийн төвүүдийн гол зорилго нь хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох явдал гэж албаны хүн хэллээ. Дээрх 43 байгууламжаас дор хаяж 32 нь Украинаас ирсэн хүүхдүүдэд Орос төвтэй шинэ системээр дахин боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байж болзошгүй.
Хүүхдүүдийн байрлаж буй төвийг хуаран гэж нэрлэвэл илүү зохилтой аж. Чечень болон Крым дахь асрах төвд байгаа хүүхдүүдийг галт зэвсэг, цэргийн машин ашиглахад сургаж байна. Хүүхдүүдийг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр зусланд аваачиж байгаад хуваарийн дагуу буцаадаг гэх боловч энэ нь эргэлзээтэй нөхцөл байдал юм. Статус нь тодорхойгүй олон зуун хүүхэд эдгээр зусланд бий. Зарим зуслан хүүхдүүдийн буцах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь тайланд дурдагджээ. Мөн олон хүүхдийг өнчин гэж тооцож, орос айлд үрчлүүлж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ