УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын хасагдах шатны тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2023.02.14/ эхэллээ.
ПСЖ 0 – 1 БАЙЕРН МЮНХЕН
Европын хөлбөмбөгийн томчуудын тулаанд Германы аваргууд илүүрхлээ. Мбаппегүй ч Месси, Неймартай тоглолтыг эхлүүлсэн ПСЖ эхний хагаст довтлох учраа нэг л олсонгүй. Эсрэгээрээ Байерн Мюнхений хамгаалалт магтмаар байлаа.
Заир-Эмери гэх 16 настай хүү УЕФА Аваргуудын лигийн анхны тоглолтоо ПСЖ-ийн өмсгөлтэй хийсэн нь энэ өдрийн бас нэгэн онцлох үйл явдал байв.
Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Байерны довтолгоо амжилтад хүрч, Алфонсо Дэвисийн дамжуулалтаар Кингсли Коман төрөлх багийнхаа эсрэг гоол оруулжээ. ПСЖ-ийн хүүхдийн академиар хүмүүжиж, үндсэн багт 2013-2014 оны улиралд тоглож байсан тэрбээр гайхалтай гоол оруулсан ч баяраа тэмдэглэсэнгүй.
Улмаар хожигдож эхэлсэн ПСЖ бэртэл нь илааршаад удаагүй байсан Килиан Мбаппег талбайд оруулав. Тэр ч багийнхаа тоглолтыг сэргээж, довтолгоо нь эрчимжсэн. Хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн Байерны хамгаалалт сайн ажиллаж байлаа. Угтаа Мбаппе тэнцээний гоолыг оруулсан ч харамсалтай нь отон тоглолт байв.
Тоглолтын төгсгөлд ПСЖ тун аюултай довтолгоо эхлүүлсэн ч Лионель Месси дээр Бенжамин Павар бүдүүлэг алдаа гарган улаан хуудас хүртсэнээс талбайг чөлөөлсөн юм. Ийнхүү хоёр багийн эхний тоглолт 1-0 гэсэн харьцаатай Байерн Мюнхений ялалтаар өндөрлөлөө.
Тоглолтын дараа хожлын гоолыг оруулсан Кингсли Коман “Парк де Принц цэнгэлдэхэд гоол оруулах нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Онцгой мөч тохиолоо. ПСЖ бол миний хүмүүжсэн клуб харин Парис бол миний төрсөн газар. Тиймээс би хөгжөөн дэмжигчдийн өмнө гоолын баяраа тэмдэглэхийг хүсээгүй” гэжээ.
АС МИЛАН 1 – 0 ТОТТЕНХЭМ ХОТСПУР
Италид болсон дээрх тоглолтод талбайн эзэд Брахим Диазын тоглолт эхлээд удаагүй байхад оруулсан ганц гоолоор ялалт байгууллаа. Дөнгөж долоо дахь минутын дараа хожигдож эхэлсэн Тоттенхэм тооны харьцааг тэнцүүлэх гэж бараг 100 минут хичээсэн ч бүтэл муутайхан байв. Харри Кэйний тун аюултай цохилт хөндлөвч онож, азгүйтсэн.
Тоглолтын төгсгөлд Миланд тооны харьцааг холдуулах хоёр сайхан боломж гарсан ч хоёуланг нь хаалганы гадуур мөргөжээ.
Тоглолтын дараа Тоттенхэмын дасгалжуулагч Антонио Конте “Хариу тоглолтод би арай өөр тоглолтыг хүлээж байна. Бид тэдний гоолоос илүүг хийх байсан юм. Гэхдээ хүнд уур амьсгалтай хатуу тоглолт байлаа. Милан өнгөрсөн жил лигтээ түрүүлсэн гэдгийг мартаж болохгүй” гэжээ. Харин Миланы дасгалжуулагч Стефано Пиоли “Багийнхаа тоглолтод баяртай байна. Гэхдээ энэ бол дөнгөж эхний тоглолт. Хариу тоглолт үүнээс илүү хүнд байх нь лавтай” гэж ярив.
Холбоотой мэдээ