Хятадын удирдагч Ши Жиньпиний гадаад бодлогын тэргүүлэх зөвлөх Ван И энэ сард ОХУ-д айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Орос, Украины дайн эхэлснээс хойш Хятадын том албан тушаалтан анх удаа Москвад айлчлах болж буй нь энэ юм. Энэ нь Ван И сайдын албан тушаалаа орхисноос хойших мөн анхны айлчлал.
Ван И өчигдрөөс /2023.02.14/ Франц, Итали, Унгар, Германд хийх найман өдрийн айлчлалаа эхлүүлсэн. Германы Мюнхенд ирэх амралтын өдрүүдэд болох Аюулгүй байдлын бага хуралд тэр оролцох юм.
Бага хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч бас оролцох төлөвтэй байна. Хятадын тагнуул гэгдэх агаарын бөмбөлөг Америкийн агаарын орон зайд нэвтэрсэн хэргийн дараа хоёр улсын харилцаа хурцадсан. Тиймээс хоёр улсын нөлөө бүхий албан тушаалтнууд хурцадмал байдлын дараа анх удаа уулзаж магадгүй байна. Гэхдээ Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайсын мэдэгдсэнээр Блинкений хуваарьт Хятадын албан тушаалтантай уулзах тов байхгүй гэжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ч бас үүнтэй төстэй зүйл хэлсэн байна.
Энэ удаагийн айлчлал нь Хятад, ОХУ-ын харилцааг тэнцвэржүүлж, Европ дахь Хятадын нэр хүндийг сэргээх оролдлого болно гэж үзэж байна. Украины дайны дараа Хятад, Европын харилцаа хурцадсан. Ван И ийнхүү ОХУ-д айлчилж буй нь энэ оны сүүлээр хийх Ши Жиньпиний айлчлалыг илэрхийлж байж ч магадгүй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ