Турк, Сирийн нутагт болсон аймшигт газар хөдлөлтөөс хойш найман хоног өнгөрч байна. Тэгвэл Туркийн Кахраманмараш мужид аврагчид 17 болон 21 настай ах дүү хоёрыг нуранги дороос эсэн мэнд аварч гаргажээ. Тэднийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Ах, дүүс нуранги дор 198 цаг орчим амь тэмцсэний эцэст ийнхүү аврагдлаа. Энэ өдөр нийтдээ есөн хүн аврагдсаны дунд 35 болон 77 настай эмэгтэйчүүд байна. Мөн зүүн өмнөд хэсгийн Адъяаман мужид 18 настай залууг нурангиас гаргаж авсан байна.
Турк улсад 7.8 магнитуд газар хөдөлснөөс олон мянган барилга нурж, 38 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Харин Сири улсад амь үрэгдэгсдийн тоо 5800 давснаар нийт хохирогчдын тоо 41 мянга давжээ.
Тэгвэл газар хөдлөлтөд өртсөн Туркийн 10 мужаас долоод нь аврах, эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж эх сурвалж мэдээлжээ. Туркийн Хатай, Кахраманмараш, Адъяаман мужуудад л аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг тус улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн байна.
Туркийн байгаль орчин, барилгажуулалтын сайдын мэдээлснээр газар хөдлөлтөд 41500 барилга, байгууламж, гэмтэж, нурсныг үнэлж тогтоогоод байгаа аж. Харамсалтай нь нурангид хэчнээн тооны хүн дарагдаж, сураггүй болсныг тогтоох боломжгүй байна.
НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Жеймс Элдерийн хэлснээр Туркийн газар хөдлөлтөд өртсөн 10 мужид 4.6 сая хүүхэд амьдардаг бол Сирид 2.5 сая хүүхэд гамшигт нэрвэгджээ.
Холбоотой мэдээ