Цагаан сарын баярыг тохиолдуулан хоол хүнсээ хэрхэн зохимжтой идэх талаар Хоол зүйч А.Уянгатай ярилцлаа.
–Цагаан сарын баяр ойртлоо. Баярын өдрүүдэд монголчууд хамаатан садныдаа зочилж, зоог их хүртдэг. Гэвч хэтрүүлэн идсэнээс хордлогод орох тохиолдол олон. Хэрхэн зөв хооллох вэ?
-Хэтрүүлж идсэнээр шууд хоолны хордлогод ордоггүй. Харин хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямрааж, сөргөөр нөлөөлөх тал байдаг. Хордлого үүсэх гол шалтгаан нь ахуйн ариун цэвэртэй холбоотой. Хоол ундыг буруу хадгалснаас үүсдэг. Цагаан сарын баяраар бэлэн мөнгөтэй их харилцдаг тул гараа сайн угааж, идээ ундаагаа зориулалтын дагуу хадгалах нь зүйтэй. Ялангуяа мах махан бүтээгдэхүүнийг сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг үнсэхээс аль болох татгалзах нь чухал. Учир нь насанд хүрсэн хүмүүс биедээ олон төрлийн бактери тээж байдаг. Тиймээс бага насны хүүхдүүдийн халбага, сэрээ, аяга тавгийг цэвэр байлгаж, хоорондоо аяга, тавгаа дамжуулахгүй байх нь зүйтэй.
-Голчлон махан болон тостой хоол хүнс их иддэг. Түүнийгээ шингээх гэж дарсан болон исгэлэн төрлийн ногоо, жимс их хэрэглэх нь элбэг. Гэвч эдгээр даршилсан ногоонууд ходоодны үйл ажиллагаанд халтай байх магадлал хэр өндөр вэ?
-Даршилсан бүтээгдэхүүн нь ислэг хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Тиймээс зөв технологийн дагуу исгэж хийвэл ашигтай бичил биетэн ялгаруулснаар бид бүхний бие махбодод хэрэгтэй хүнс болдог. Гэвч нөгөө талаараа даршилсан бүтээгдэхүүнд давс их хэмжээгээр агуулагддаг тул хачир хэлбэрээр бага хэмжээтэйгээр идэх нь зохимжтой.
Зүрх судасны өвчтэй хүмүүс даршилсан болон исгэлэн ногооны давсны хэмжээг сайтар анхаарч идэх нь зүйтэй. Махан бүтээгдэхүүн их идсэн тохиолдолд ногоо, жимснүүд хачир болж байдаг тул бага хэмжээгээр идэхэд ямар нэгэн ходоод, гэдэсний үйл ажиллагаанд асуудал үүсэхгүй. Харин аль болох хэтрүүлж биш тохируулж идэх хэрэгтэй.
-Айраг уусны дараагаар сүүтэй цай эсвэл төрөл бүрийн ундаа ууж болдог уу?
-Айргийг ямар хэмжээгээр ууж байгаагаас шалтгаална. Их хэмжээгээр уусан тохиолдолд ямар нэгэн хийжүүлсэн ундаа уухаас шууд татгалзаарай. Учир нь, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоол шингэлтийг удаашруулдаг. Харин бага хэмжээгээр уусан тохиолдолд сүүтэй цай эсвэл ундаа уухад асуудалгүй.
-Хоорондоо харшдаг хоол хүнс гэж байдаг шүү дээ. Тухайлбал, ямар хоол хүнс хоорондоо зохицдоггүй вэ?
-Хоорондоо зохицдог болон үл зохицдог буюу бие биеийнхээ шимэгдэлтийг бууруулдаг хүнс гэж бий. Махан бүтээгдэхүүнтэй жимс жимсгэнэ, нарийн ногоо сайн зохицдог. Хүнсний ногоонд “C” амин дэмийн агууламж өндөр байхад маханд гемийн төмөр ихээр агуулагддаг. Гемийн төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг зүйл нь “C” амин дэм юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнд кальци хэмээх эрдэс бодис ихээр агуулагддаг. Тиймээс кальци болон маханд байдаг гемийн төмөр нь хүний биед шимэгдэхдээ удаан тул хамтад нь хэрэглэх үед бие биеийнхээ шимэгдэлтийг бууруулдаг. Иймд махан болон сүүн бүтээгдэхүүнийг нэг дор хамтад нь хэрэглэхэд тохиромжтой биш. Гэхдээ байнга биш зөвхөн баярын өдрүүдэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа учраас хэмжээг нь хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Монголчууд амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг өөх тосоор баялаг хоол их иддэг. Их тостой хоол идсэний дараа хүйтэн шингэн, хийжүүлсэн ундаа уухаас татгалзах нь ходоодны үйл ажиллагааг хямрахаас сэргийлж чадна. Хэрэв тостой хоолны дараагаар хүйтэн зүйл уувал цээж хорсох, ходоод гэдэсний хэвийн байдал алдагдаж, түгжрэл үүсэх сөрөг нөлөөтэй.
-Сүүтэй цай их хэмжээгээр уух нь өтгөн хаталтад нөлөөлдөг үү?
-Тухайн хүний бие организм сүүнд агуулагдах лагтозыг хэр шингээдэг вэ гэдгээс шалтгаалдаг. Дан сүүтэй цай ууснаар өтгөн хаталтад нөлөөлөх шалтгаан болохгүй. Ер нь баярын өдрүүдээр өтгөн хатдаг шалтгаан нь өдөрт уух шингэний хэмжээ алдагдсанаас болдог. Учир нь цагаан сараар дийлэнх хүн цэвэр ус, хольцгүй цай уухаас илүүтэй сүүтэй цай уух нь элбэг учраас өтгөн хатах шалтгаан болж болно. Тиймээс сүүтэй цай дангаар нь уух нь өтгөн хатах шалтгаан болохгүй. Өтгөн хаталтад олон зүйл нөлөөлдөг.
-Цагаан сараар бага насны хүүхдүүд чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааг хэтрүүлж хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь хордлогод орох магадлалыг нэмэгдүүлдэг үү?
-Чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа нь шууд хордлогод орох нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
-Монголчууд цагаан сарын баярыг 3-7 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр өдрүүдэд хэтрүүлж идсэн тохиолдолд ойролцоогоор хэдэн кг нэмдэг вэ?
-Хэдэн айлд очиж, хэр хэмжээний хоол идсэнээс ихээхэн шалтгаална. Тухайлбал, гурваас дөрвөн айлд очоод таван бууз болон 120-150 грамм төмсний салат идэж, аяга сүүтэй цай ууна гэж тооцвол өдөрт авдаг үндсэн илчлэгээсээ 500-1000 ккал илүү авна гэсэн үг. Энэхүү тооцооллоор бодвол долоо хоногийн хугацаанд 450-900 грамм өөхөн эд болж хуримтлагдана. Иймээс хэр их айлд зочлохоосоо хамаарч хэдэн кг нэмэх нь тооцогддог.
-Баярын өдрүүдэд жин нэмэхгүйгээр хэрхэн зөв зохистой хооллох вэ?
-Хэдхэн хоногт хоолоо хэтрүүлж идсэнээс болж жин нэмэхгүй. Таргалалт удаан хугацаанд хуримтлагдсан илчлэгийн илүүдэл болон буруу хооллолтоос болж үүсдэг. Цагаан сарын өдрүүдэд хүмүүс илчлэг ихтэй хоол идээд таргалах нь гэж их санаа зовдог. Үүнээсээ болж стрессддэг. Стрессдэх нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр хоол шингэлтийг бууруулдаг. Дэлхий даяараа баярын өдрүүдээр дуртай хоолоо идэж өнгөрүүлдэг. Иймд нэгдүгээрт, хоолыг баяр баясгалантайгаар идэх нь зүйтэй. Хоёрдугаарт, шингэн зүйл хангалттай уух, нэг дор хэтрүүлж идэхгүй бага багаар ойр ойрхон, хоолоо маш сайн зажилж идэх. Мөн нэг дор хэт олон төрлийн хүнсийг хэрэглэхгүй байх. Ийм энгийн дадлыг хэвшүүлснээр хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсэхгүй юм.
-Зарим хүн ууц, өвчүү болон буузаа царцуугаар нь шууд идэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ходоодны үйл ажиллагаа хямардаг байх?
-Хүний бие өөрийн бие махбодийн дулаантай адилхан температуртай хоол хүнсийг задлахдаа хурдан байдаг. Царцсан хоолыг халааж идэх нь зохимжтой. Хүйтнээр эсвэл хэт халуунаар идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд шууд сөргөөр нөлөөлж, цочирдуулдаг. Ялангуяа тослог ихтэй хоолны дараагаар хүйтэн шингэн уухгүй байх нь чухал.
Г.ХУЛАН