Нөхөн сэргээгддэг, эдийн засгийн бодит өсөлт бий болгодог салбар бол хөдөө аж ахуй. Монголын эдийн засаг өгөөжгүй, хүртээмжгүй байгаад төр засгийн бодлогын гол алдаа бий. Мал сүрэг Монголын баялаг яах аргагүй мөн. Уул уурхай шүтсэн өнгөрсөн 30 жилд энэ салбар үндсэндээ хаягдсан гэхэд буруудахгүй.
Монголчууд малаас хаях зүйл байдаггүй гэж ярьдаг. Харамсалтай нь, өнөөгийн бид малын түүхий эдийг боловсруулж, гадагш нь гаргаж чадахгүй, олон жилийн турш энэ талаар ярьсаар өнөөдөртэй золгож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үхрийн шир, адууны арьс, хонины нэхийг экспортод гаргахыг хориглосон шийдвэрийг цуцлуулах саналыг Засгийн газарт оруулсныг өнгөрсөн долоо хоногт дэмжин шийдвэрлэсэн. Ингэснээр үнэгүйдээд буй арьс ширний үнэ өсч, малчдын орлого дээшлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.
Монгол Улсын Засгийн газраас малын арьс, ширний экспортыг сэргээж ханшийг өсгөх бодлогыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ. Тодруулбал, 2013 онд Засгийн газар малын түүхий эдийн экспортыг хориглосон шийдвэр гаргасан байсныг ийн түдгэлзүүлжээ.
Өнгөрсөн 2013 онд малын арьс ширний экспорт зогссоноос эхлэн тухайн жилд 8600 төгрөг байсан хонины нэхий 2400 төгрөг, 32000 төгрөг байсан үхрийн шир 5300 төгрөг, 34000 төгрөг байсан адууны шир 8300 төгрөг болон үнэгүйдэж, 10 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 8 дахин буурсан нь малчдын санхүүд бодит хямралыг дагуулах болсон билээ.
Уг шийдвэр хоёр жилийн хугацаатай бөгөөд дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхлэх буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжинэ.
Энэхүү шийдвэрт малчид баяртай байгаа бөгөөд малын түүхий эдийг нутаг орондоо боловсруулж, хоёрдогч түүхий эд болгож, гадагш гаргах, аймаг бүрт арьс боловсруулах үйлдвэр, цех байгуулах нь чухлыг онцлон хэлж буй юм.
Өмнө нь арьс, шир экспортлох техникийн зохицуулалтыг 2015, 2016, 2019, 2020 онд цуцалжээ. Харамсалтай нь, арьсны үнэ нэмэгдээгүй, хятадууд мөнгө “халаасалж”, татвар төлөгч бус хэдэн ченжүүд л хожсон гашуун түүх бий. Үнэндээ малчид, үйлдвэрлэгчид аль аль нь хожоогүй, түүхий эд улам чанаргүй болсоор иржээ.
Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Баярсайханы хэлснээр, техникийн зохицуулалт гэдэг нь Монгол Улсад арьс, шир боловсруулах, худалдах стандартыг албажуулсан бичиг баримт аж. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү техникийн зохицуулалтыг цуцалсан ч өнөөдөр ямаа, үхрийнхээ арьс, хонины нэхийгээ ачаад, урагшаа гаръя гэвэл хятадууд оруулахгүй. Техникийн зохицуулалт нь дотооддоо мөрдөж буй стандартыг албажуулж байгаа хэлбэр. Энэ стандартыг мөрдөж, мөрдөхгүй ч байж болдог. Сайн дурын стандарт. Түүнийг Засгийн газрын тогтоолоор албажуулж байгаа нь заавал мөрдөнө гэсэн үг юм. Тэгэхээр түүхий эд гарах, гарахгүйтэй холбоогүй.
Түүхий эд гарах, гарахгүй нь хоёр орны худалдааны гэрээ, хэлэлцээртэй. Малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг хил дамнуулан худалдалахад хориглосон хорио цээрийн А зэрэглэлийн өвчтэй байдаг учраас 2000 онд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Хятад улсын засгийн газраас ноот бичиг ирсэн байдаг юм. Хоёр ч ирсэн сураг байдаг. Малын гаралтай бүх төрлийн түүхий эдээ заавал хагас боловсруулж байж Хятад улс руу нийлүүлээч ээ гэсэн утга бүхий ноот бичиг.
Түүний дагуу Монгол Улсын МХЕГ, Хятадын Хорио цээрийн алба хоёр хуралдаж, хамтарч ажиллаад, арьс ширийг 47:24 гэсэн стандартын дагуу боловсруулж гаргая гэдэг тохироо хийсэн байдаг. 47:24 гэсэн стандартыг албажуулсан нь Засгийн газрын тогтоол юм. Түүнээс техникийн зохицуулалтын дагуу жишээлбэл, нэхийгээ ачаад, урагшаа аваачаад зарна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Техникийн зохицуулалт гарснаараа түүхий эдийг үнэгүйдүүлсэн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.
Техникийн зохицуулалтыг тав дахь удаагаа хүчингүй болгож байгаа юм. Энэ тоолонд хорио цээрийн протокол дээр битүү туурайтай адууны арьсыг БНХАУ түүхийгээр нь авах боломжтой юм гэж заасан байдаг. Тэр дагуу адууны арьс л гардаг, өөр ямар ч малын арьс гарахгүй. Эндээс адууны арьсны үнэ өсөхгүй. Учир нь урд хөршид адууны арьсны ханш өндөр биш, жаахан өсвөл үнэ нь нэмэгдэх биз. 2000-2010 оныг хүртэл дэлхийн зах зээл дээр арьс шир, түүхий эдийн үнэ өсөлттэй байсан. 2014 оноос өнөөдрийг хүртэл үнэ нь уналттай байна. Гэхдээ түүхий эдээс шалтгаалж байна” гэсэн юм.
Бид “Хонины нэхий боодол бохины үнэгүй” гэж ярьдаг. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Бид импортоор хонины нэхийг 20-30 мянган төгрөгөөр худалдаж авч байвал яах вэ. Нарийн ноос 20-30 мянган төгрөгөөр түүхийгээр нь худалдаж аваад, боловсруулсныг нь 40-60 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Түүгээр цэрэг, цагдаа, хүчний байгууллагынхны малгай, захыг хийдэг. Манайх шиг бүдүүн ноостой, хачиг хувалзад баригдсан, их сэвээтэй хонины нэхий дэлхийн зах зээл дээр үнэгүй байна. Ийм байтал техникийн зохицуулалтаас болж үнэ нь уналаа гэж ярьж байгаа нь оношоо буруу олж байгаагийнх” гэсэн юм.
Монголын арьс ширний салбарт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй, боловсруулах 30 гаруй үйлдвэр бий аж. Тус бүрдээ 10 мянган ширхэг бүтээгдэхүүн хийдэг. Бүгдээрээ хамтраад бүтээгдэхүүнээ хийвэл жилд 30-40 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм байна.
Холбоотой мэдээ