“Цагаан сараар айл болгон тавгийн идээ засах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

“Цагаан сараар айл болгон тавгийн идээ засах хэрэгтэй”

“Цагаан сараар айл болгон тавгийн идээ засах хэрэгтэй”

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн доктор, түүхч Ю.Болдбаатартай цагаан сарын баярын талаар ярилцлаа.


-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиох гэж байна. Ер нь цагаан сарын баярын гол утга учир нь юу юм бэ?

-Дэлхийн улс орон, үндэстэн бүр өөрсдийн гэсэн уламжлалт цаг тоололтой. Гэхдээ ямар тив, газар зүй, цаг уурын бүс, иргэншил, шашин соёлын орон зайд оршиж ирснээсээ шалтгаалж зарим талаар ижил төстэй ч гэсэн өөр өөрийн онцлог бүхий цаг тооллыг амьдрал ахуйдаа уламжлуулсаар ирсэн байдаг. Үүнийг өрнө, дорныхны цаг тооллын иргэншил соёлын ижил бөгөөд ялгарах онцлогуудаас бид тод харж болно. Монголчууд бид яалт ч үгүй дорнын соёлын нэгэн өвөрмөц төлөөлөл. Тиймээс ч цаг тооллын өөрийн онцлогтой ард түмэн бөгөөд сарны арвитал, хомсдолын жилийн хэмнэлийг гол болгон нар, мичидийн хөдөлгөөнтэй нарийн харьцуулж бодож, зурж гаргадаг өөрийн уламжлалт цаг хугацааны хэмжилттэй хийгээд цаг тоололтой.

Энэхүү тооллын жилийн эхэн бол мэдээж хуучин оноо үдэж, шинэ оныг угтаж буй учраас шинэ он, шинэ жилийн маш чухал баяр. Тэгээд ч эх газрын эрс тэс уур амьсгалтай манай бүс нутагт мал маллан нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудын хувьд хамгийн эрсдэлтэй өвлийн хахир хүйтнийг өөрсдөө мал сүрэгтэйгээ эсэн мэнд буюу онд мэнд орсон гэдэг оршихуйн хувьд байгаль цаг уурын маш том давааг даваад үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн нахиалахын урьтал урин хаврыг угтах манай ард түмний гол баяр бол цагаан сар. Энэ баяр цагаан гэдэг тодотголоороо бэлгэдлийн ямар их ариун нандин утга хүслийг шингээсэн болохыг тод илтгэн харуулж байна.

-Битүүлэх ёсны тухай тайлбарлаж өгөөч. Айл өрхөөрөө цуглаж, битүүлэг зөрүүлэх ёс ч  гэж бий шүү дээ?

-Битүүлэг гэдэг нь өвлийн адаг сарын сар хэлбэрийн хувьд хомсдсоор харагдахаа больдог жилийн хамгийн сүүлийн өдөр буюу шөнө нь сарны гэрэл битүүрч далдлагдсан хав харанхуй байдгаас үүдэж үүссэн нэр. Тиймээс оны төгсгөлийн “Битүүний өдөр” үйлдэх ёс заншлаа “Битүүлэх” гэсэн хэрэг. Энэ нь ерөнхийдөө ирж буй шинэ оноо угтах бэлтгэлээ базааж дуусах явц зан үйл болон хэвшжээ хэмээн хэлж болно.

Айл хотлоороо ирж буй шинэ ондоо идээ цагаагаар элбэг дүүрэн, өмгөл зүүсгэл нь өнгөлөг, гэр хороо нь цэвэрхэн байхыг бэлгэдсэн хаврын тэргүүн сарын шинийн нэгний урьдах бэлтгэлээ хангадаг өдөр. Битүүлэх зан үйл нь өөрийн онцлогтой.

Халуун ам бүлээрээ сайн сайхныг бэлгэдэж, битүү хоол хийж, болж өгвөл хиншүү хярвас гаргана. Тэр дуу чимээ, хиншүү хярвас гаргаж байгаа нь онгодын оронд байгаа өвгөд өтгөстөө дуулгаж буй мессеж, өргөж буй идээ, хоол хүнсний дээж юм. Гэрийнхээ тотгонд дээр Лхам бүрханы хүлэг луусыг ундаалах гурван мөс тавьдаг гэхчлэн битүүлэх ёс нь зөвхөн гэр бүл, хот айлын хүрээнд бус онгодын орон, бурхадын ертөнц гэхчлэн сав шим ертөнцийн өргөн дайдаар бодож сэтгэж, бэлгэдэж үйлддэг зан үйлүүд байдаг.

Битүүний үдэш хийсэн хуушуур, бууз зэрэг битүү хоолоо гэр хотлоороо солилцож, ахмад буурлындаа улиран одох он жилээ хэлэлцэн ирж буй шинэ жилдээ бүгдээр аз жаргалтай, эрүүл саруул, идээ ундаагаар элбэг дүүрэн байхыг бэлгэдэн идээ шүүсээ хуваалцан битүүлдэг.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс баярын ширээндээ ууцнаас гадна үхрийн өвчүү тавьдаг болсон. Зарим нь бэлэвсэн айл өвчүү тавьдаг гэлцдэг. Энэ нь хэр зохимжтой вэ?

-Нүүдэлчин ард түмний идээний дээж, хүндэтгэлийн хоол нь шүүс хэмээн нэрлэх ууц, сүүл бүхий хонины мах шүүс юм. Энэ нь тухайн хүний нас сүүдэр, гол ус, овог аймагтаа гэхчлэн нийгэмд эзлэх байр сууриасаа шалтгаалж их бүхэл, дунд, бага гэхчлэн хэмжээ нь өөр өөр байдаг байжээ. Энэ нь нэн эртдээ нүүдэл суудал, дайн тулаан гээд хүнд бэрх эрсдлээс үүдэж насан өндөр өтгөсийнхөө аманд ураг сүүл хийж, шаант чөмгөөр ач нь нударч буюу гахааж, онгодын оронд хүндтэй, тааламжтай хүнстэйгээр илгээдэг ачлал үзүүлэх гэх өнөөдрийнхөөр бол бурангуй хэмээр зан үйлтэй холбогдоно. Бурхан шашин дэлгэрэхээс өмнө өвгөддөө ураг сүүл, хонтой шаант тавьдаг ёс түгээмэл байсан. Өдгөөх баяр ёслол, найр наадам, цагаан сарын  хуучин цагт монголчууд бурханыхаа өмнө хонготой шаант чөмөг, ураг сүүл тавьдаг байлаа.

Ураг сүүл нь ханаагүй тостой, амин дэм, уурагтай учраас өтгөс буурал, нялх балчруудад хамгийн их тааламжтай хүнс байжээ. Хуучин цагийн хөгшчүүл сүүлний өөхийг их уртаар нарийнхан огтолж гулгуулж иддэг байжээ. Тэрнээс үүдэлтэйгээр ууц нь өвгөд өтгөсдөө зориулсан хүндэтгэлийн идээ байж ирсэн. Орчин цагт ууц нь өвгөд дээдсийн хүндэтгэлд гэх нь орхигдож, гагц идээ ундаагаар элбэг хангалуун байгаагийн илэрхийлэл болжээ. Өвчүү бас өвгөдөд зориулсан хүндэтгэлийнх. Баруун монголчууд шинийн нэгний өглөө ойр орчмын уул, овоон дээрээ гараад индэр засч, ургахыг улаан нарыг угтах ёслол хийдэг. Энэ уламжлал одоо ч бий. Энэ үеэр өвчүү шатааж, өвгөд өтгөсдөө хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь тэдэндээ хоол хүнс хүргэж байгаа явдал юм. Иймээс ууцтай утга агуулга адил хүндэтгэлийн идээ болно.

-Залуу гэр бүлийн хувьд таваг идээ засахгүй байх тал байдаг. Ер нь хэдэн наснаас хүндэтгэлийн таваг засах нь тохиромжтой вэ?

-Уламжлалт цагаан сарын баяраар айл болгон баярын ширээ засах хэрэгтэй. Гэхдээ заавал нүсэр гэмээр ширээ засах албагүй. Монгол ёс байна даа. Хэмжээгээ өөрсдөө тохируулаад баярын ширээ дүүрэн байхыг бэлгэдэж засах нь чухал. Үүнд овор төрх, хэмжээ чухал биш, харин шингээж илэрхийлэх бэлгэдэл нь л хамгийн чухал. Өөрөө хэлбэл сэтгэлийн үнэлэмж нь. Баярын дараа хүндэтгэлийн идээ ундаагаа хуваалцаж, идэж дуусгадаг байх хэрэгтэй.

Зарим иргэд өөх, тос, боов шоовоо баралгүй хог дээр хаясан жишээ сонсогдсон. Хэрэв үнэн бол сар шинээр хэлсэн, бодсон, төлөвлөж хүссэн ерөөл бэлгэ, бэлгэдлээ урвуулж буй харамсалтай явдал. Ийм үзэгдэл байж болохгүй.

-Цагаан сарын баяраар ах дүү төрөл садантайгаа учран золгож, мэнд усаа мэдэлцдэг. Монголчуудын мэндлэх ёсны талаар ярихгүй юу?

-Цагаан сарын золголт гэдэг маш сайхан. Гэтэл өнөөдөр бид Улаанбаатарынхаа дөрвөн уулын дунд нийт хүн амынхаа тал нь цуглачихсан. Хуучин цагт монголчууд цөөхөн ч байлаа. Өвлийн хахир хүйтнийг өвөлжөө өвөлжөөндөө хол зайтай таран сууж өнгөрүүлсэн нүүдэлч малчин аав, ээж, ахан, дүүс, гол усныхантайгаа өвлийг өнтэй давсны дараа учран золгоно гэдэг маш аз завшаантай баяр жаргалтай учрал байжээ.

Хөдөөний малчид тухайн жилдээ хоорондоо золгоогүй л бол аль ч улиралд “Амархан сайн байна уу” хэмээн золгодог. Зол гэдэг чинь жаргал гэдгийн тодотгол юм. Золголт нь шинэ ондоо энх тунх, эсэн мэнд байгаагаа мэдэлцэж буйгийн илэрхийлэл. Дандаа сайн сайхныг ярьж, хэлэлцэнэ. Тэр утгаараа эцэг, эх, ахмад настан, багшаа, үр хүүхдээ хайрлан хүндэтгэж, ураг төрлөө мэдэлцэхээр учран золгодог ёсон юм.

-Уламжлалт баяраар зочдынхоо гарыг цайлгаж, бэлэг тараах гэж нэг асуудал байна. Эдийн засгийнх хувьд ч багагүй зардал гаргадаг. Сүүлийн үед бэлэн мөнгө өгдөг болсон. Ер нь ямар бэлэг өгөх нь тохиромжтой вэ?

-Яагаад заавал цагаан сарын баяр гэж нэрлэв. Цагаан өнгө гэдэг чинь энэ баярын маш том илэрхийлэл, хүндэтгэл. Урд газрынхны хувьд цагаан өнгө нь үхэл хагацал, бэлэвсрэлийн утга илэрхийлдэг бол монголчуудад цэвэр ариун, эрхэм дээд цагаан сүү, цагаан сэтгэл, цагаан идээтэйгээ зүйрлэдэг. Тиймээс цагаан сэтгэлээр гар цайлгаж байна гэсэн үг. Хуучин цагт ам дөрвөнжин цагаан даавуу бэлэглэдэг байлаа. Хадаг самбайгаа өндөр настандаа өргөн барьж, золгодог.

Өнөө цагт боломжтой бол ямар ч бэлэг өгч болно. Ингэхдээ утга учир, бэлгэдлээ бодох ёстой. Бэлэг өгч гар цайлгах нь ёс уламжлал, гэхдээ хэрэгтэй, хэрэггүй гэх нь өнөөдөр хүний эрхийн асуудал. Зарим тохиолдолд бэлэн мөнгө нь зэгээр байж болох. Эсвэл цагаан өнгийн дэвтэр, ном бэлэглэж болно шүү дээ. Ер нь сонирхдог сэдвээрх ном бэлгэнд өгөх нь бэлэг бэлгийн дээд гэдэг шиг гэгээн байх.

-Сар шинийн баярт зориулан ерөөлийн сайхан үг хэлэхгүй юу?

-Дэлхий дахинаа дайн дажин, байгалийн гамшиг, цар тахал гарч, амаргүй цаг үеийг даван туулж байна. Ийм зовлонгтой цаг үед буй аз жаргалаа мэдэрч амьдрахыг хүсэн ерөөе. Монголчууд бид эрүүл саруул байх нь, тэгэхдээ зөвхөн биеийн төдийгүй сэтгэлээрээ эрүүл саруул байх нь маш чухал байна.

Ирж байгаа Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилдээ Монголчууд бид элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, бодол, хүсэл, зорилгоороо, үйл үйлдлээрээ, сэтгэл, сэтгэлгээгээрээ үзэсгэлэнтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж