Хөгжлийн банкны 460 гаруй хавтаст хэрэг, 257 оролцогч

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны 460 гаруй хавтаст хэрэг, 257 оролцогч

Хөгжлийн банкны 460 гаруй хавтаст хэрэг, 257 оролцогч

Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.15/ эхлээд байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-нд Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдыг шүүх хүсэлт ирүүлсэн талаар сайд Х.Нямбаатар мэдээлж байсан. Тодруулбал, нийт 84 оролцогчтой хэргийг шүүн хэлэлцэх шүүх хуралдааны танхимыг Засгийн газраас шийдвэрлэж өгөх хүсэлт хүргүүлсэн. Тиймээс ХЗДХ-ийн сайд НЗДТГ-т хүсэлт тавьж, Улаанбаатар чуулгын байранд тус шүүх хуралдааныг явуулах боломж нөхцөлөөр хангаж өгсөн юм.

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.

Прокуророос одоогийн байдлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гарахгүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцож байна.

УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЯЛЛАГДАГЧДЫН ГЭМ БУРУУГ ШҮҮХГҮЙ

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.БИЛГҮНЗАЯА:

-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч 257 оролцогчтой 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргасан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруугийн асуудал болон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

Яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны танхим Монгол Улсад байхгүй. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах холбогдох арга хэмжээг авсан.

Шүүх хуралдааныг шүүх танхимаас бусад газарт хийх нийтлэг журмын дагуу тухайн танхимын техник тоног төхөөрөмжийг хангаж ажиллаж байна.

Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад хойшлох тухай ярих боломжгүй. Хэргийн оролцогч болоод хавтаст хэрэг маш их байгаа учир шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө дүгнэх, хэдий хугацаанд шүүх хурал болохыг урьдчилан хэлэх боломжгүй.

ОЛОН УЛСАД АНХДАГЧ ОЛОН ОРОЛЦОГЧТОЙ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн болоод тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс, хуулийн этгээд, нэр бүхий аж ахуй нэгжүүд яллагдагчаар татагдсан. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт ХҮН намын дарга асан Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын нэр холбогдоод буй. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн нэрийг шүүхээс зарласан.

Тухайлбал, хахууль авах гэмт хэрэгт Ж.Батзандангийн ах, Зам тээврийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Л.Аззаяа, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Н.Сүхболд, Ц.Баярсайхан нар. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Б.Махбал, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Магнайсүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд дарга асан Б.Шинэбаатар, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар холбогдогчоор татагдаад буй юм.

Үүнээс гадна нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн холбогдогчоор Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нар татагдсан.

Дээрх хүмүүсээс гадна Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Оюунчимэг, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Б.Цолмон, Д.Даваасамбуу, Н.Мөнхбат нарыг хэрэгт холбогдогчоор татаад байгаа юм.

Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Б.Чойжилжалбуу, Э.Эрдэнэ, Х.Баттулга, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Г.Цолмон нарыг урьдчилсан хэлэлцүүлэгт оруулна.

Эдгээрээс гадна гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дүү Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, М.Цэлмэг, Б.Баттөр, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ц.Баатарбилэг, Б.Батбаатар, Ч.Өлзий, Л.Ням-Очир, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ш.Бүтэд, Г.Санжмятав, Г.Батдорж, Г.Галсанням, П.Мягмардорж, Ц.Ууганбаяр, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт Т.Болдмаа, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт Ц.Содхүү, Я.Батцэцэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тус тус холбогдуулан О.Баяр нарыг шүүх хуралд оролцуулах аж.

“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ХЭРЭГТ 4 КОМПАНИЙН НЭР ХОЛБОГДСОН

Улстөрчид, нөлөө бүхий хүмүүсээс гадна “Хөгжлийн банк”-ны хэрэгт компаниуд ч нэр холбогдсон. Тодруулбал, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК, /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК, хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК.

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг энэ сарын 15-ны 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан байна.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж