Хойд Солонгос улс удирдагч Ким Жон Уны охин Ким Чу-Аэгийн зурагтай шинэ марк гаргаснаа өнөөдөр /2023.02.14/ танилцууллаа. Цахим сүлжээнд нийтэлсэн зургаас харахад аав охин хоёр арваннэгдүгээр сард Хвасон-17 баллистик пуужингийн туршилтын талбайд зочлох үеийн зургийг марк дээр дүрсэлжээ. Чу-Аэ охин анх удаа марк дээр гарч буй нь энэ юм.
Нийт найман марк гаргаснаас тав дээр нь Чу-Аэгийн зураг байгаа аж. Тухайлбал, пуужингийн өмнүүр аавтайгаа хөтлөлцөн алхах Чу-Аэ, цэргүүдтэй хамт байгаа Чу-Аэ зэргээр охины зураг хэвлэгджээ. Маркуудыг энэ Баасан гаригт худалдаанд гаргах юм.
Чу-Аэ өнгөрсөн долоо хоногт Солонгосын Ардын армийн 75 жилийн ойн баярын парадад оролцсон. Энэ явдлын дараа охиныг Ким Жон Уны залгамжлагч байж болзошгүй гэх таамаглал улам газар авчээ. Хойд Солонгосын төрийн хэвлэлүүдээр Чу-Аэг “Кимийн хамгийн хайртай охин” гэж нэрлэдэг байсан бол сүүлийн үед энэ нь “Кимийн хүндлэл хүлээсэн охин” гэдэг үгээр солигдсон байна. Энэ нь охины байр суурь хэр зэрэг дээшилснийг илтгэнэ гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ