ОХУ-ын Дотоод хэргийн яамны Экстремизмтэй тэмцэх ерөнхий газрын орлогч дарга асан, хошууч генерал Владимир Макаров өчигдөр /2023.02.13/ нас барсан олджээ. Тэр хэдэн долоо хоногийн өмнө албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Албан тушаалаа хүлээлгэж өгснийхөө дараа сэтгэл гутралд орсон байсныг гэр бүлийнхэн нь баталсан юм.
Хууль сахиулах хүчнийхний мэдээлснээр 72 настай Макаров нь амиа хорлосон байжээ. Түүний цогцосыг Москвагийн ойролцоох Гольково тосгон дахь байшингаас нь эхнэр Валентина нь олжээ. Макаров өмнө нь сөрөг хүчнийхэн болон сэтгүүлчдийг агнах ажил хийдэг байсан. Хэвлэлд мэдээлснээр тэр гэртээ гар буу хадгалдаг байжээ.
Экстремизмтэй тэмцэх ерөнхий газар буюу “Center E” нь 2008 онд ОХУ дахь улс төрийн эсэргүүцлийг дарах зорилгоор байгуулагдсан. Тус байгууллагын офицерүүд жагсаал цуглааны үеэр энгийн хувцас өмсөөд хүмүүсийн бичлэгийг хийж, цагдаа нарын баривчилгаанд тусалдаг байжээ. Түүнчлэн цахим сүлжээгээр хэт даврагч үзэлтэй бичлэг, нийтлэл тараасан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд хөшигний ард ажилладаг байсан. “Тэдний зорилго нь хамгийн идэвхтэй тэмцдэг гол удирдагчид, өдөөн хатгагчдыг гаргаж ирэх байсан” гэдгийг “Center E”-д ажилладаг байсан Владимир Воронцов хэлэв.
Энэ хэрэг Владимир Путин болон Кремльтэй холбоотой сэжигтэй хэргүүдийн цувааг нэгээр нэмж байна. Орос, Украины дайн эхэлснээс хойш томоохон албан тушаалтнууд, олигархиуд учир битүүлгээр амиа алдсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, Москвагийн Нисэхийн дээд сургуулийн захирал асан Анатолий Геращенко өнгөрсөн жил шатнаас унаж нас барсан. Мөн Путины холбоотон Александр Дугины охин Дарья Дугин, Алс Дорнод ба Арктикийг хөгжүүлэх корпорацийн менежер Иван Печорин зэрэг олон хүний үхлийг энд дурдаж болно.
Эх сурвалж: NEWS WEEK