Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.02.14/ Монгол Улсын шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар танилцууллаа.
Өнгөрсөн онд нийт 106 мянга 932 хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, анхан шатны шүүх 2022 онд эрүүгийн 14202 хэрэг, иргэний 57633 хэрэг, захиргааны 2096 хэрэг, зөрчлийн 24 мянга 116 хэрэг нийт 98 мянга 47 хэргийг хянан шийдвэрлэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2022 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэж, тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс:
- 9 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг шийдвэрлэж,
- 6 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэлд шалгах ажиллагаа явагдаж байна.
Шийдвэрлэсэн 9 мэдүүлгийн хувьд:
- 4 нөлөөллийн мэдүүлэгт Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан
- Нэг нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон
- Мөн нэг нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
Харин гурван нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн шүүгчид нөлөөлсөн этгээдэд Зөрчлийн туха хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгож шийтгэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн мэдээллээр сүүлийн үед шүүгч, шүүхийн бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан олон нийтийн цахим хуудаст ажил хэргийн нэр хүндэд нь халдах, илт худал мэдээлэл түгээх, гүтгэх, доромжлох, заналхийлэх оролдлого зонхилон гарч байгааг мөн онцоллоо.
Холбоотой мэдээ