Багаасаа байлдаантай кино үзэж өссөн ах нар дээврийн хөндийгөөс тагтаа бариад бензин дээрээс нь асгаад, асаагаад шидчихдэг байв. Энх тайвны бэлгэдэл болсон тагтаа ийнхүү хормын төдийд Фашист Германы сөнөж буй онгоц болон хувирна. Ах нар араас нь гэмшсэн ч шинжгүй, бүр ялагын дүрээр “ура” хашгиран дээврээс орилж зогсдогсон… Зүүн, баруунаараа дэлхий хуваагдаж, бидний хүчээр зүүн талд зогсох тэр үед зүдэг муу зүйлс бишгүй. Төрөлхийн солгой төрсөн хүүхдийг баруун гараар бичүүлэх гэсэн багш баахан залхаана. Тэрхүү “ариун” нийгэмд бүгд ижилхэн байх зарчимтай. Зүүнтнүүд хэр нь солгой гартнуудыг баруун болгох гэж балбах нь балай. Дутуу байж болно, илүү байж боохгүй гэх ч тэрхүү тэгш байдал дарга ангид түй ч хамаагүй. Тиймээс хүүхдийн заяагдмал шинж хамаагүй. Баруунаараа л бичих ёстой. Үүнийг эс зөвшөөрвөл саваадах нь сурган хүмүүжүүлэгчийн зохист үйлдэл. Нар хүртэл зүүнээс гардаг байхад хүн, байгалийн жам ёс, зүй тогтлыг хүртэл “солгойчууд” ийнхүү буруушаана. Ийм нийгэмд сурч боловсорсон, ажиллаж амьдарсан бидний хүлээс тайлагдсан ч оюун санааны хувьд холдсонгүй. Түүнийг батлах үй олон зүйлс, үйлдэл бий. Ах нар өдгөө дөч гарчээ. Тэдний /бид ч хамаатай/ дотроос цаанаасаа хэн нэгнийг дайснаа болгох, дайчин чанар цухалзаад байдаг. Тэд өөрийнхөө эдлэн эвлэлдэн нэгдээд жагсаал хийвэл очоод “Болиоч” гэж барьсан цаас, уриаг нь ураад хаях нь энүүхэнд. Зүгээр тоглоод сууж байсан найзуудыг “Айгаагүй бол зодолдчих” гэсээр нанжилдуулчихдаг шигээ жагсаалыг хутган үймүүлэх энүүхэнд. Зайгаа тавьж өгнө өө, гонж. Үзэлцээд л байна. Тиймээс эхнэрээсээ өөр ямар нэгэн чанга гарыг байнга хүсэмжлэх агаад талцуулсан, цус цөс ярьсан улстөрчдөд үнэн голоосоо дуртай. Тэднийг танихад маш амархан. Шинж тэмдэг нь асуудал болгоныг эх орон, ардчилал, үндэсний эрх ашиг гэх нэрийдлээр бусдыг эрлийз, хурлийз, гадны гар хөл гэж тодорхой дамтамжтайгаар орилж, түгээхээр илэрнэ. Үүнийг ярьсан улстөрчдийг уухайлан дэмжинэ. Тэдний ухамсарт бусдын эрхшээлд орох вий гэсэн далд айдас бий. Тиймээс том гар хэрэгтэй гэж үзнэ. Яг энэхүү эмзэглэл дээр нь манай улстөрчид дөрөөлнө. Дасгаж байгаад л дагуулаад тонгорчихно. Тэдний сонгуулийн уриа үгийг харвал “Монгол” гэх үг зоолттой бичигдэнэ. Дээр нь хуучны коллективизмаа байнга тусгана. Ухаан нь “нэг нь нийтийн төлөө”, “мань чинь таны төлөө”, “хамтдаа…”, “төр түвшин, түмэн олон амгалан” гэх мэт. Хэрэв сонгочихвол маргаашнаас нь эхлээд л нийтээр нэг хүнийг сонгоо биз дээ, чи байж бай, би байхад хангалттай, “төр гэдэг чинь би” гэх нь холгүй. Яг энэ сюжет дээр Монголын улстөрчид тоглож ирэв.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын имиж нь хээгүй, гүндүүгүй байв. Монголын тал нутгаас газрын тос олгойдоход гараа тосон цагаан дээлээ мялаасан тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн ч бид шатахуунаа гаднаас авсан хэвээрээ л байна. Хээгүй П.Очирбатыг гурав дахь удаагаа дахин сонгогдохоор нэр дэвшихэд өрсөлдсөн Н.Баганбандийн гүдэсхэн монголчуудад ашигласан гол технологи нь “Хийгүй” байв.
“Хээгүй”-гээрээ алдартай П.Очитрбатыг унагаахад “Хийгүй” гэх ганц үг тийм хүчтэй нөлөөлнө чинээ хэн мэдэх билээ. Эндээс л монголчууд хар технологийг сонгуульд ашиглах болжээ. Улиран сонгогдохдоо Н.Багабанди “Төрийн хэрэг иргэдээсээ, Иргэний амьдрал төрөөсөө” гэх титэм үгээ дэвшүүлэв. Энэ нь ч биеллээ олж өдгөө бидний амьдралд төрөөс хамааралгүй нэгээхэн ч зүйл алга.
Үржихүйн асуудлыг хүртэл төр шийдэх гэж улайрна. Харин төрөөс титэм үгийн эзэн холдсонгүй. Саалийн үнээнд нь номоо шахаж, тэтгэврийн зээлийг тэглэх сургаар зээл авч, Оюутолгойн ТУЗ-д орлогоо зузаатгасаар өдрийг хүрэв.
Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр арын хаалга, авлигачдад наанаа дургүй ч цаанаа найр тавьдаг сонгогчид “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн М.Энхсайханыг сонгоогүй төдийгүй хожим өөрийг нь тэр хэргээр хонзогносон өрсөлдөгчид нь хориулж дөнгөсөн юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх уриаг сонссон сонгогчид Монгол биш болчихгүйн тулд Н.Энхбаярыг сонгосон гэвэл инээдтэй сонгогдож болох ч эргэлзэх л ёстой. Ц.Элбэгдоржийн “Шударга байцгаая” гэдгийг одоо хэр нь олон хүн хүсэмжилсээр л яваа.
Товчхондоо АН “Эрдэнийн хувь” гэвэл МАН “Эх орны хишиг” гэхчилэн тэд биенээсээ өрсөн халамжийн бодлогоор уралдаж ирэв. Энэ хооронд элдвийн уриаг монголчуудын урахдаа урж, тамхиа ороож, ариун цэврийн цаас болгон ашигласаар иржээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл улстөрчид фотошопдуулсан зургаараа бөгс арчуулахгүйн тулд үнэтэй шохойтой цаас дээр сонин, сэтгүүлээ хэвлүүлдэг болжээ. Тэд хөлжиж, бид хөглөрдөг болов. Энэ дунд дэндүү их хайр зарласан урианууд ч бий. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Би танай гэр бүлийн гишүүн” гэж хүртэл уриалж байсан нь өнөөгийн Н.Учралын хажууд харин амьдралд ойр сонсогдоно.
МАН-ын сонгуулийн урианууд хуучныг санагалзуулах гэсэн, “төр, түмэн, эх орон, хишиг, хөгжил, эв” гэх үгс давамгайлдаг бол АН-д олуулаа, шинэчлэл, шийдэл гэх үгс зонхилдог. Аль нь ч гарсан ялгаагүй, зүүний чиглэлийн халамж, хишиг, хоол, төлбөрийн хөнгөлөлтийн бодлого барина. Энэ тоолонгоор эх орноо хоосолж, хорлож, иргэдийнхээ амьдрал, амьжиргааг дордуулна.
Арай дөнгүүр нь АН байж мэдэх ч эцсийн бүлэгт хоёулаа л төрийн данхайлгаж, төрийн оролцоог нэмэгдүүлсэн зүүний чиглэлийг барьж иржээ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар босоо С.Ганбаатар “Монголоо сонгоё” гэсэн бол Х.Баттулга “Монгол ялна”, М.Энхболдын уриа “Эвтэй Монгол, Ээлтэй төр” байв. Уг нь “Монгол ялна” гэх уриаг Монголын тэргүүн эгнээнд явдаг “пи-арчин” МАН-ын нэр дэвшигчид зориулан бодож олсон ч нэр дэвшигчид нь тохирохгүй байсан учраас өрсөлдөгчтэй нь ханцуй дотроо наймаалцсан гэдэг. Анзаарсан бол тэдний алинд нь ч хөгжил дэвшил, хүний эрхийн хүндэтгэсэн уриа байхгүй. Харин эсрэгээрээ цус, дайн, төрийн шүтэх тухай солиорол. Ард түмнээс сонгогдох эцсийн Ерөнхийлөгчийн сонгууль гэж байсан 2021 оны сонгуульд У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэсэн бол С.Эрдэнэ “Дарангуйлалгүй төр”, Д.Энхбат “Монгол чадна” байв.
Тэд эрх чөлөө, хувь хүний эрхийг өөрсдийн албан тушаалд хүрэх шат болгон ашиглаж ирсэнээс бус үнэн хэрэгтээ тэрийг нь иргэдэд өгч, төрийн эрх мэдлийг хумих талаар хэзээ ч бодож байсангүй. Байлдаантай киногоор хүмүүжигсдийн нэг хэсэг нь нэр дэвшиж, нөгөө хэсэг нь дэмжиж байхад өөр юу ч хүсэх билээ. Эцэстээ ийм л уриа лоозон дэвшүүлж, халамж амлахгүй бол иргэд ойлгохгүй төдийгүй зүүний үзэлтэй улстөрчидтэй өрсөлдөх боломжгүй гэж… Барууны чиглэлийн үзэлтэй нам Монголд байхгүй мэтээр иргэдийг басамжилдаг болжээ. Уриа төдийхнийг нь улиглахад л ийм. Хамгийн сүүлд л гэхэд эвээ олсон АН-ын дарга өөрийн хийж, хэрэгжүүлэх ажлын бодлогоо танилцуулахдаа хэзээний эрх баригч аятай… Түүний бодлогоос нөгөөх л хуучны хуршсан үнэр ханхийв. Яг хэвээрээ… Энэ мэт улстөрчдийн цаасан дээр сараачиж, камерын өмнө сүржигнэсэн сүртэй бодлогууд бишгүй бий.
Холбоотой мэдээ