Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг хамгийн сүүлийн үеийн байдлаар “Reuters” агентлагаас тоймлосоныг хүргэж байна. Нас барагсдын тоо 37357 хүрсэн бол гэмтэж бэртсэн хүний тоо 90 мянга дөхөв. Эндээс 31643 хүн нь Турк улсад, 5700 нь Сирид нас баржээ. Мөн 6589 барилга нурснаар 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Эд хөрөнгийн хохирлыг ойролцоогоор 50-85 тэрбум ам.доллар гэж тооцоолоод байна.
Газар хөдлөлт болсон бүс нутагт амьдардаг хүмүүс гэр, байшин руугаа орохоос айж, гадаа хонож байгааг “World Central Kitchen” буяны байгууллагын үүсгэн байгуулагч Хосе Андрес хэллээ.
“Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага Сирийн хойд болон баруун хойд хэсгийн бүс нутагт хоёрдугаар сарын 20-ныг хүртэл албан ёсоор гашуудал зарлажээ. Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэх нь ямар чухал болохыг энэ газар хөдлөлт харууллаа. НҮБ-ын тусламжийг хүргэхийг зөвшөөрсөн Туркийн цор ганц гарц Баб аль-Хава гарам нь хэдэн өдрийн турш нэвтрэх боломжгүй байсан. Тэгвэл өчигдөр /2023.02.13/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар Сири рүү хоёр гарц шинээр нээхийг зөвшөөрчээ. Тодруулбал, Баб аль-Салам болон Аль Раеэ гэсэн хоёр боомтыг гурван сарын хугацаанд нээхээр болсон байна.
“CNN” агентлагт өнөөдөр мэдээлснээр Турк улсад газар хөдлөлтийн улмаас 1362 хүүхэд эцэг эхээсээ салсан гэх тооцоолол байна. Эндээс 369-ийг нь ар гэрийнхэнтэй нь уулзуулсан бол 792 хүүхэд эмнэлэгт, 201 хүүхэд Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яамны харъяа байгууллагууад хэвтэн эмчлүүлж байна. Мөн 291 хүүхдийг хэн болохыг нь тодорхойлж чадаагүй байгаа аж.
Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Туркийн эмнэлгүүдэд нийт 19300 хүн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3636 нь эрчимт эмчилгээний тасагт байгааг өчигдөр мэдээллээ.
Эх сурвалж: REUTERS, CNN
Холбоотой мэдээ