"Жагсаалаас хохирсон иргэнд нөхөн олговор олгомоор байна"

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

"Жагсаалаас хохирсон иргэнд нөхөн олговор олгомоор байна"

"Жагсаалаас хохирсон иргэнд нөхөн олговор олгомоор байна"

НЭМЭЛТ: 

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх уулзалт асуулт хариултаар үргэлжилж байна.

Дорноговь аймгийн иргэн Ц.Одбаатар: Болохгүй байгаа учраас ард иргэд жагсч, хариуцлага тооцохыг шаардаж байна. Жагсч асуудал тавихлаар иргэн цаг заваа алдахаас эхлээд эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас нөхөн олговор өгдөг болмоор байна?

Доктор Н.Мягмарцоож: Жагсаал цуглаанаас болж,  тодорхой иргэдийн эрх ашиг зөрчигдөх юм бол төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн. Төр үүрэг хүлээсэн учраас төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх ашгийг хязгаарлахаас илүүтэй үзэл бодлоо илэрхийлэх процессын үед хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх нь илүү чухал байгаа юм. Энэ талаас нь харах ёстой.

Нийслэлийн Сүхбаатарын дүүргийн иргэн Б.Лхагвасүрэн: Ардын хянан шалгах хороо байгуулах тухай асуудал яригдаж байна. Байгууллаа гэхэд Ардын хянан шалгах хороо нь төрийн өндөр албан тушаалтан түүний хамарал бүхий этгээдийн зарлагыг яаж хянах вэ?

Доктор А.Алтанзул: Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын зарлагыг хянах тогтолцоо бий болгох шаардлага байна гэдэг дээр өмнө нь үндэслэлүүдээ хэлсэн. Авлигын эсрэг хуульд нарийвчлан оруулах байх гэж харж байна.

Баянгол дүүргийн иргэн н.Батбаяр: Иргэний эрхийг төр л зөрчдөг. Иргэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд эрхээ эдлэхээр төрийн өндөр албан тушаалтнууд хуулиас давсан журам гаргадаг. Энэ асуудлыг яах вэ, болосронгуй болгох ямар механизм байна вэ?  

Доктор А.Алтанзул:  Хүний эрхийн зөрчилтэй холбоотой кейс дээр судалгаа хийж байсан. Тухайн иргэн өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн хамгаалалтад орох боломжтой. Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх, эрхийг нь зөрчсөн,  шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизм байгаа. Судалгаанаас харахад иргэд энэ чиглэлээр өргөдөл гомдол гаргах эрх байгааг мэддэггүйгээс болоод хуулиар олгогдсон боломжоо ашигладаггүй.

 

“Гадаадад амьдардаг Монгол Улсын иргэнд саналаа өгөх эрхийг олгох ёстой”

НЭМЭЛТ: 

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтад  МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагааны газрын дарга доктор дэд профессор Н.Мягмарцоож Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага сэдвээр илтгэл тавилаа.  Энэ үеэрээ гадаадад амьдарч буй сонгуулийн насны Монгол Улсын иргэн бүр УИХ-ын сонгуульд саналаа өгдөг болох тогтолцоог төр нь бий болгох зайлшгүй шаардлага байна гэдэг асуудлыг хөндлөө.

Энэ талаар тэрбээр “ 1992-2020 он хүртэлх УИХ-ын сонгуулийн ирцийг харахад 2012 он хүртэл сонгогчдын сонгуульд оролцох хувь 28 хувиар буураад , одоо бол дээшилсээр 73 хувьтай болж, тогтворжих хандлагатай болсон. Гэхдээ нийт сонгуулийн насны хүмүүсийн 28-иас дээш хувь нь огт сонгуульд оролцож чадахгүй байгаа. Сонголт хийх эрх нь өөрийнх нь эрх, гэхдээ тэрийгээ эдлэх нь харилцан адилгүй боловч бүх иргэнд сонгуульд орлцох боломжийг нь төр олгосон байх ёстой.

Үндэсний стиатистикийн хороо, Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээгээр Монгол Улсын 200 мянга орчим иргэн гадаадад амьдарч байгаа. Тэр 200 мянган орчим иргэнээс сонгуулийн насны иргэд нь 120-130 мянга нь байлаа гэхэд нийт сонгогчдын 7-8 хувь нь УИХ-ын сонгуульд саналаа өгч чадахгүй байна гэж хэлж болно. Энэ дээр шийдэл гаргах ёстой.

Хоёрдугаарт,  иргэд, байгууллага тайван жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих үү гэдэг асуудлын тухайд.

Жагсаалыг иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага санаачилдаг.  Иргэдийнхээ санаачилгыг бид хэр их дэмжиж байна вэ гэдэг чухал. Үндсэн хуульд жагсаал цуглаан хийх асуудлыг тусгасан. Үндсэн хууль батлагдсаны дараа 1994 онд Жагсаал цуглаан зохион байгуулах тухай журмын тухай хууль гэж 15 зүйлтэй хууль баталсан. Сайн чухал олон асуудал байсан. 2005 онд Жагсаал цуглааны тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Дэлхий дээр жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой хоёр л тогтолцоо байна.

Нэгдүгээрт, иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авдаг, хоёр дахь нь зөвхөн мэдэгдээд жагсаал цуглаан зохион байгуулдаг тогтолцоо байна.

Олон улсын байгууллагууд хүний эрхийн байгууллагуудаас өгч байгаа тайлан мэдээ, иргэний нийгмийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр 1994 оноос Засаг даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоо түвэгтэй байна гэдэг нь олон судалгаа, мэдээллээр тодорхой болж байгаа учраас эргэн харах зайлшгүй шаардлагатай. Мэдэгдлийн тогтолцоо нь жагсаал зохион байгуулахын өмнө эрх бүхий байгууллагад ийм жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгддэг. 2005 оноос хойш мэдэгдлээ өгнө, мэдэгдлийг Засаг дарга бүртгээд шалгууртай болгоод хоног хугацаа гээд бэрхшээл болоод байна гээд сүүлийн үед судалгаа мэдээлэл, жагсаал цуглаан зохион байгуулдаг хүмүүс тавьж байгаа.

Та бүхэнд тараасан материалд мэдэгдэл өгдөг тогтолцоонд шилжих юм уу, эсвэл одоогийн байгаа мэдэгдэл өгдөг, хүлээн авдаг тогтолцоогоо сайжруулах уу, эсвэл зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжих юм уу гэдгийг бид зөвлөлдөж шийднэ, өнөөдөр.

Гурав дахь нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгааргүй эдлэх тухай. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол иргэний санаачилга юм. Иргэдийн санаачилгад ямар нэг байдлаар хязгаар тогтоох тухай асуудал яригдана.

Үзэл бодолтой байх, үзэл бодлоо хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зарчмын хувьд ялгаатай зүйлүүд. Эрх зүйн хувьд өөр, өөр байдлаар тодорхойлогдоно. Монгол Улсын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх , эрх чөлөө түүнтэй холбоотой асуудлууд Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжоор явж байгаа. Бас нэг анхаарал татаж байгаа асуудал нь хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой. Олон улсын судалгааны дүнг харж байхад 2021 онд Монгол Улс 180 орноос хэвлэлийн эрх чөлөөний байдлаар мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд орсон. Өөрөөр хэлбэл, Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар зайлшгүй эргэж харах асуудал бий, дээр нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зайлшгүй зөвшилцөж ярих ёстой.

Жишээлбэл, Байгууллагын нууцын тухай хууль болон Төрийн нууцын тухай хууль гэж байдаг. Эдгээр хууль нь маш олон хязгаарыг бий болгосон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой асуудал нь олон улсын байгууллагын дүгнэлтээр үндсэндээ асуудал байна гэдэг нь харагдаж байгаа. Ололт бий юу гэвэл олон ололт бий.

Эцсийн дүндээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх дээр хязгаарлалт тогтоох уу, тогтоохгүй юу гэдэг асуудлыг ярина. Олон улс үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хязгаарлах ёстой юм уу, эсвэл үзэл бодлоо илэрхийлсний үр дүнд эрх ашиг нь хөндөгдөх хэмжээнд тулж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах ёстой юм уу гэдэг асуудлаар маргаан мэтгэлцээн явуулдаг асуудал байгаа.

Үзэл бодлоо илэрхийлэхийн хувьд нийгмийг туйлшруулдаг, худлаа мэдээлэл тарааж болдог, тодорхой буруу зүй бус зүйлийг өдөөдөг зэрэг асуудлууд бий болох үндэслэл бий. Харилцан цензуртэй авч үзэх ёстой юм” гэлээ.

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх уулзалт болж байна

Улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг иргэдтэйгээ хамтран хэлэлцэх зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр /2023.02.14/ Төрийн ордонд эхлээд байна.

Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар эрдэмтэн судлаачид, иргэний нийгмээс хамгийн олон давтамжтай ирүүлсэн дараах дөрвөн сэдвийг хэлэлцэх юм. Үүнд:

  • Иргэний болон улс төрийн эрх
  • Парламентын ардчилал
  • Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
  • Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсоно.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 гаруй сумаас төлөөлөл оролцож байна. Төлөөллийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Нийт сонгогдсон иргэдийн 54 хувь нь эмэгтэйчүүд бол 46 хувь нь эрэгтэйчүүд" гэлээ.

Насны хувьд дундаж нас 37 бол хамгийн залуу оролцогч 20 настай,  хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцгчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч.

Зөвлөлдөх уулзалтын турш оролцогчид урьдчилан хүргүүлсэн лавлагаа, танилцуулга, мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ асуулгын дөрвөн сэдэв тус бүрээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсоно. Оролцогчдыг 15, 15-аар нь бүлэг болгон хуваарилж, өөр  хоорондоо зөвлөлдсөний дараа судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээчид асуулт тавьж, хариулт авах юм. Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн оролцогч нэг бүрээс өмнө авсан асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн болон Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалтын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх юм. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу УИХ-д хүргүүлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж