-Аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа бүсгүйгээс илүү сайхан гэж хорвоод үгүй-
Монголын үе үеийн зохиолчдоос эмэгтэйчүүдийг дээдлэх үзэл санаагаараа Ноён хутагт Данзанравжаа онцгой байжээ. Тэрбээр хүнийг үүтгэн бий болгодог тул эх хүн, эмэгтэй хүн бол миний үзэл бодол, хүндэтгэх шалтгааны дээд нь гэж хэлж, бичдэг байв. Даруй хоёр зууны өмнө амьдран, туурвиж явсан энэ эрхэм ийнхүү эмэгтэйчүүдийг өргөмжлөн, зүй ёсны хүндэтгэлийг оноосон байхад, түүнээс хойших хоёр зуун жилд Монгол уран зохиолд бүсгүй богино жолоотон, үс урт ухаан богино, охин нойтон гэх мэтийн доорд үзсэн хандлага түгээмэл хадгалагдан, зарим зохиолчид нь ингэж доромж өнгөөр бичдэгээ бүр эл доль, харин магтан сайшаасан мэтээр үзсээр ирлээ гэвэл огт хилс болохгүй. Эмэгтэй хүний ариун хэвлээс унаж, энэ орчлонг оносон атлаа, мөнөөх бий болгогч, үүтгэгчээ хэвшмэл дор хэллэгээр хэлж, үзүүлж ирсэнээс өдгөө нийгэм, тэр тусмаа зохиолчид бүрэн татгалзах хэрэгтэй. Сайн сайхныг нь, гоо үзэсгэлэнг нь магтаж ирсэн зөндөөн жишээ бий л дээ. Гэхдээ үндсэн язгуураар , хүйсийн нь хувьд тийнхүү бядгүй мэтээр үзүүлэх нь, өнөөдрийн иргэншсэн, хөгжсөн нийгэмд ноцтой хоцрогдсон явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Дүрийн нь сайн муу бол тусдаа асуудал. Харин хүйсийн нь хувьд доромж хандах огт байж таарахгүй юм. Өнөөдөр ямар ч эцэг охиныхоо хувь заяанд санаа зовдог. Сайн сайхан яваасай, сайн хүнтэй ханилаасай гэж залбирдаг. Охиноо сайн явуулахыг, өндөр дээд байлгах гэж зүтгэдэг ард түмэн бид. Гэтэл мөнөөх ариун охид, бүсгүйчүүдээ бүсгүй богино жолоотон, охин нойтон хэмээсэн “сувс” үгээр илэрхийлэх нь огтоос байж болохгүй. Уран зохиолчид, бичгийнхэн бүсгүй хүний дээд олон талт чанарыг өргөмжлөн үгүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүний оюун санаа нэн хүчирхэг. Ведийн сударт байдаг шүү дээ. Хамгийн наанадаж эр хүнээс гурав дахин илүү зовлон даах чадвартай гэж. Зөвхөн энэ л шалгагдсан үнэнийг барьж дуугарахад л эмэгтэй хүнийг дорд үзэн басамжлах мэт илэрхийлэх нь Монголын уран зохиолчдын, бидний нийтээр хэвшин хэлж “налигнасаар” ирсэний буруу их. Гоо үзэсгэлэнтэйн дээр оюун санааны нь гоо үзэсгэлэнг бид магтан дуулж байх учиртай юм. Өнөөдөр, Монголд эрчүүдээс илүү хүүхнүүд хүчирхэг байгаа гэвэл үнэн ойртоно. Гагцхүү хэвшсэн дор үзэл санааныхаа үүднээс нийгмийг “турхирч”, хүүхнүүдээ азнасан байдлаар үзээд байгаа юу гэвэл үнэхээр тийм байгаа. Нийтийн сүлжээнд эмэгтэй хүнийг доромжлон тачаадах, бах тав болгох хандлага гаарсан. Ингэж болохгүй ээ. Сар дуулж, нар мишээлгэх увидас лимбэ эр хүнд үнэхээр л байдаг аваас эмэгтэйчүүдийг, охидыг, ээж нараа, эгч нараа өргөн тэтгэх нь чин хэрэг дээрээ хамгийн ухаант явдал. Өршөөн уучлах, өмөөрөн босохдоо хүүхнүүд л гайхамшигтай шүү дээ. Мандухай цэцэн хатан, Сорхугтани гээд Монголын их хатдын дээд ариун үзэл санаа, хүлээн зөвшөөрөгдсөн бахат өвийг яльгүй доромж үгсээр будан , нийт үндэстнийхээ ариун үзэсгэлэнт охид бүсгүйчүүдээ “хямдаар үзэх нь” хилэнт үйл болой. Хүний хорвоогийн эрээн бараан амаргүй л дээ. Ямар сайндаа л Равжаа хутагт ертөнцийн үйл хэргийн хилэн, атаа жөтөө, хүмүүний элдэв араншинг төгс төгөлдөр ойлгосон хэрнээ өөрөө “сонгож” ертөнцөөс буцсаныг ухахаар гагцхүү сайн сайхнаар нэгэндээ хандан, алив бурангуйн сүүдрийг үргэлж үлдэн хөөж баймаар эрхгүй бодогддог. Энэ үйл хэрэгт бичгийн эрдмийнхэн, үгээр туурвигчид хамгийн ухаалагаар, ялгуусан бахтайгаар зүтгэж байх хэрэгтэй. Хүний зүрх сэтгэл ариун байхыг үг тулдаг. Үгийн жанлав үүтгэдэг. Сайхан үг, сайхан хандлага инээсмэглэлийг , аз жаргалыг бий болгодог шүү дээ. Сэтгэл бодлын бохирыг билгийн галаар тургин ариутгах тухайтад, мэргэд хэзээнээс номлож ирсэн. Үгийн ариун гал ашид бадамлан, Монголын үг, зохиол эрхшээгчид суут хүүхнүүдээ ашид өргөн магтаж байх нь бидний оюун санааны өндөр дэвшил болно. Элээр ийн үг нурших болсон нь, Монголын Зохиолчдын Эвлэлийн байгууллага , КОЙКА, НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа явдлаас үүтгэлтэй юм. Тодотговоос, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хамтарч зохиолчдод эл агуулгаар сургалт зохион байгуулан хүний эрх, жендерийн талаар бодитой бодомж, оюун дүгнэлтэт үйлсийг зохион байгуулан дэлхүүлж буй нь тун -сайшаагууштай үйл хэрэг болсонд юм. Манай тулхтай зохиолч, романч, уран зохиолын шинжлэлч Ц. Буянзаяа удирдан чиглүүлж оролцсон юм билээ. Зохиолын нь дүрүүдийн харилцаа нийгмийн бүхий л хэсгээс жигд бүрддэг, өв тэгш урладаг , хар үгээр хэлбэл ижил тэнцүүд нөхцөлдүүлдэг зохиолч бол Ц. Буянзаяа. Мөн түүний бүтээлүүд үргэлж шинэ эрлээр дүүрэн байдаг бөгөөд, өнөөдрийн нүргээнт нийгмийн орон зайд алив хүмүүс хоорондоо ямар агуулга, нөхөмжөөр нийгмийг бүрдүүлдгийг түүний дүрүүд “ярьдаг”. Энэ учир Ц.Буянзаяа зохиолчдоо гүнээ талархнам. Мөн түүнчлэн авьяаслаг хүүрнэлч Бидэрийн Баярсайхан энэ хөтөлбөр агуулгаад оройлж буй нь талархалтай. Баяраа бол жиргүүлэн өгүүлж, дүрийн сэтгэл зүйн нэхэгдлээр гаршсан зохиолч. Ийм манай авьяаслаг зохиолчид тэргүүлэн, мөн оролцуулан, Монголын уран зохиолын том хотол дотор хүний эрх, жендерийн тэгш эрхийн талаар шинэ урлал, шинэ дэвшил, шинэ хандлага дархлах санаа агууламжаар МЗЭ хүн төрөлхтний загварчлал болсон байгууллагатай хамтран ажиллаж байгаа эл явдлыг Зохиолчдын эвлэлийн жирийн нэгэн гишүүн уран бүтээлчийн хувиар нэн зохистойгоор үзэж, бусад олон зохиолчдоо “эл байдлаар халдварлацгаахыг” хүсэж байна. Удахгүй жендерийн мэдрэмжтэй уран бүтээлийн уралдааны зорилго агуулга, үр дүнг хоёр байгууллага илэрхийлэн, нийгэмд толилуулах юм билээ. Зохиолчид маань нилээд олноор бүтээл юүгээ өргөн оролцсон байна. Энэ шинэ сэвэлзээн, дэвшилт хандлагыг хүлээнэм. Бүхий зохиолчид маань энэ агуулгаар хандаасай билээ. Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө гэж их Б.Явуухулан хэлсэн. Мөнгөн аяга шиг гараас чинь Туулын уснаас уухсан гэж бичсэн. Мөнхийн уснаас уусан юм шиг танхил чамтай амьдрахсан гэж дуулсан. Мөнхийн уснаас уусан юм шиг нэгэнт үзүүлэн дээжилсэн үг хэлний түвшинг үзтэл яруу сайхан хүүхнүүдээ, эмэгтэйчүүдээ илүү илүү дээш тавьж, илэрхийлэх нь үндэсний уран зохиолын агуулга хандлагад нэн зохист билээ. Сайхан, хамгийн сайхан чинь эмэгтэй хүнд л байна шүү дээ. Аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа бүсгүйгээс илүү сайхан гэж хорвоод үгүй.
Б. ЗОЛБАЯР
Холбоотой мэдээ