ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн барилдаан ирэх Ням гаригт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрын даваа Ням гаригт, гурвын даваа битүүний өдөр буюу Даваа гаригт үргэлжилнэ. Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог сар шинийн барилдаанд бөхчүүд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилтаа чамбайруулдаг. Ерөнхийдөө ирэх наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь эндээс харагддаг. Тэгвэл харагчин туулай жилийн барилдаанд манлайлах тэр бөхийн нэр хэний хэн бэ?

Энэ жилийн сар шинийн барилдаан цар тахлын өмнөх үе шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй болох шинжтэй. Хамгийн сүүлийн мэдээллээрЧ.Санжаадамба аварга сар шинийн барилдаанд зодоглох сурагтай.  Түүний хувьд допингтой бөхчүүдтэй барилдахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлэн өнгөрсөн баяр наадмаар  барилдаагүй билээ.

БАЯРЫН МАНЛАЙ АВАРГА, АРСЛАНГУУД

Нэг үе аварга, арслан цолтой бөхчүүд барилдаандаа идэвхитэй оролцож, гал гарсан ширүүн өрсөлдөөн бөхийн өргөөнд хуран чуулсан үзэгчдийг шуугиулж байв. Гэтэл цар тахлаас хойш том цолтнууд Бөхийн өргөөндөө үзэгдэх нь ховордож, цагаан сар, наадмаар л сүрийг үзүүлдэг болсон нь худлаа биш.

Идэвхитэй барилдаж буй том цолтнуудаас хамгийн өндөр бэлтгэлжилт, барилдаантай байгаа нь даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Э.Оюунболд нар байна. Гэхдээ даян аварга Н.Батсуурийн нуруу, Б.Орхонбаяр арслангийн гар бэртэлтэй гэх.

Мэдээж, одоогоор тэр барилдах үгүйгээ зарлаагүй. Тиймээс сар шинийн барилдааны  үзүүр, түрүүний бөхийн тааварт зүй ёсоор орно. О.Хангай аварга цол хүртсэнээсээ хойш хазайх нь багассан бол Б.Орхонбаяр арслан хонгодож дайрсаар Ерөнхийлөгчийн цомд түрүүлж, бяр цолоо бататгасан.

Н.Батсуурь аварга ясны бөх харуулж, бэртэлтэй хэдий ч барилдаан алгасах нь харьцангуй бага юм. Түүний барилдаан, арга туршлагатай маргах хүн үгүй. Битүүний үдэш бөх сонирхогчдоо уран гоё барилдаанаараа гайхуулах магадлал өндөр. Мөн П.Бүрэнтөгс аварга, Э.Оюунболд арслан хоёр наадмаас хойш заал танхимын барилдаанд барилдаж буй. Допинг хэрэглэж, шийтгэл хүлээсэн хэдий ч аваргын малгай, залаа тэмдэгтэй барилдаж, олон нийтээс багагүй банга хүртээд буй Э.Оюунболд арслан үзүүр түрүү булаалдах хүчтнүүдийн нэг. Тэр тусмаа Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва арслан тэргүүтэй бөхчүүд зодогловол сар шинийн барилдаан сонирхолтой, үзүүштэй болно.

ТҮРҮҮ ҮЗҮҮРТ ОЙРХОН ГАРЬД, ЗААНУУД

Өнгөрсөн жилийн баяр наадмаар заан цолонд хүрсэн Б.Бат-Өлзий, Б.Серик, М.Лхагвагэрэл нар  заалны барилдаанууд тогтмол сайн барилдаж байгаа.  Тэд ч сар шинийн  бөхийн барилдааны таамагт дээгүүр бичигдэж байна.

Аварга, арслангуудын үлдээсэн зайг бүрэн дүүрэн дүүргэж буй ид үеийн гурван зааны аль нь ч түрүүлэх бүрэн чадамжтай.

Тэрчлэн өнгөрсөн жилийн цагаан сарын барилдааны үзүүр бөх Б.Пүрэвсайхан заан барилдах нь ойлгомжтой. Ямар ч үед таамгаас хасч болохгүй бөх гэвэл түүнийг хэлнэ. Хүчний бэлтгэлээ хэтрүүлж, хурд, уян байдлаа алджээ гэж фэнүүд нь түүнийг шүүмжлэх нь бий. Гэхдээ манлай заан харих болоогүй. Гарьд цолтнууд дотроос М.Бадарч тун сайн байгаа. Ер нь л хий багатай, суурь сайтай барагтаа л унаж харагдахгүй юм. Түүнд итгэл хүлээлгэж буй фэнүүд нь бий.

БОЛОМЖ ДҮҮРЭН ХАРЦАГА, НАЧИН ЦОЛТНУУД

Наадмаас хойш хамгийн өндөр формтой байгаа, барилдаан бүрт зодоглодог бөх бол  ард түмэндээ “Цахилгаан” гэж алдаршсан улсын харцага Б.Зоригтбаатар. Түргэн шаламгай, дайчин барилдаантай түүнд бөх сонирхогчид хэдийнэ хайр зарлаж, том хүлээлт үүсгэсэн.  Тиймээс түүнийг сар шинийн барилдаанд түрүүлнэ гэж мөрийцөх хүмүүс байна. Шинэ начин цолтнуудаас Орхоны  Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат нар онцгой сайхан барилдаж буй.

"Алтан цом"-оор Булганы начин дүүрэн баг ялагдал амсаагүй яваа нь энэ хоёртой салшгүй холбоотой. Мөн Баянхонгорын Э.Батмагнай, Булганы Б.Түвшинтөгс, Өвөрхангайн Б.Лхагвадорж зэрэг начин цолтон "Алтан цом"-оор сайн барилдаж,  цагаан сарын барилдааны таамагт бичигдэж байна. Өнгөрсөн жил аймгийн арслан Э.Мөнхжаргал таамаг эвдэж, цахиур хагалан түрүүлсэн. Энэ ч утгаараа аймаг цэргийн цолтнууд дундаас дахин цойлохыг үгүйсгэхгүй. Э.Мөнхжаргалаас гадна аймгийн хурц арслан С.Сүхбат барилдаанаас барилдаанд сайжирч байна гэх магтаалыг бөр сонирхогчдоос өгдөг. Эндээс харахад бяр хүч нь тэгширч, уран мэх, авхаалж самбаагаараа Ерөнхийлөгчөөс сар шинийн боов "хүртэх" магадлалтай чадалтай, чансаатай олон бөх бий.

Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэр бөхийн заяа мэдэг ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж