"Цар тахлын дараа уушгины өвчлөл эрс нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

"Цар тахлын дараа уушгины өвчлөл эрс нэмэгдсэн"

"Цар тахлын дараа уушгины өвчлөл эрс нэмэгдсэн"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр 2006 оноос хойш 16 жил эмнэлэгтээ ажиллаж буй бөгөөд цусны чиглэлээр мэргэшсэн эмч юм. 


Цар тахлын хүндхэн жилүүдэд улсын томоохон эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Цар тахлын дараа ч эмнэлгийн ачаалал буурахгүй байгааг эмч нар хэлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Хүмүүс цар тахлын өмнө эмнэлгээр тогтмол үйлчлүүлж, архаг хууч өвчнөө эмчлүүлдэг байсан бол цар тахал гарснаар тэгэх боломжгүй болсон. Үүний улмаас эмнэлгийн төлөвлөгөөт мэс засал, үзлэг хойшилж, ачаалал маш их нэмэгдсэн. Мэс заслын оочер, хүлээгдэл, амбулаторийн үзлэг гээд бүх тасгийн ачаалал өмнөх үеэс эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тэр ачаалал нь нэг талаараа эмнэлэгт сайн талтай. Өнгөрсөн 2021 оны гуравдугаар сарын 1-нээс гүйцэтгэлийн санхүүжилтыг эмнэлгүүдэд олгож эхэлсэн. Өмнө нь эмнэлгүүдэд улсаас төсөв баталж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилт орсноор бид хэдий чинээ их гүйцэтгэл хийж, олон хүнд тусламж үзүүлнэ төдий чинээгээр даатгалаас санхүүжилтээ авдаг тогтолцоотой болсон.

Эмнэлгүүдийн хувьд цар тахлын санхүүжилтээр “амиа зогоож” байсан бол цар тахлын дараа үндсэн тусламж үйлчилгээгээрээ санхүүжих боломжтой болсон юм.

Эсрэгээрээ хөдөө орон нутгийн эмнэлгүүд ачаалал багатай болж байна. Хүмүүс эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй. Тэр утгаараа бүгд сайн эмнэлэг, сайн эмч рүү явах сонголттой болохоор зарим эмнэлгүүд нь хэт их ачаалалтай ажиллаж байна. Бид цар тахлын дараа эмнэлгийн ачаалалд менежмент хийж, хаана ажилчдаа төвлөрүүлэх вэ, ямар төрлийн хагалгаагаа түлхүү хийх вэ гэдэгт анхаарсны дүнд 2022 онд харьцангуй эдийн засгийн хувьд ашигтай ажилласан. Ер нь гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид аль болох эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хүмүүсээ хүлээн авч, шаардлагагүй шинжилгээг бууруулж, эдийн засгийн хувьд төлөвлөлттэй болсон гэсэн үг.

"АЖИЛЧДЫНХАА 13 ДАХЬ САРЫН ЦАЛИНГААР НИЙТ 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОЛГОСОН"

-Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Өмнө нь эмнэлгийн барилгын засвар үйлчилгээг зөвхөн Эрүүл мэндийн яам болон Сангийн яамны хөрөнгө оруулалтаар хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд улсаас санхүүжилт авахгүйгээр дотоод нөөц бололцоо, орлогоороо дөрвөн тасаг нэгжээ иж бүрэн тохижуулж дууссан. Мөн эмчлүүлэгч, өвчтөний ая тухтай байдлыг хангах үүднээс эмнэлгийн хоолны чанарыг дээшлүүлэхээр олон ажил хийж байна.

Эмнэлгийн хоол гэдсээ цатгах хоол бус эрүүл хоол байх ёстой гэдэг үүднээс илчлэгтэй байх тал дээр анхаарч ажиллана. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийнхээ ар гэрээс нь эргэлт авахгүй болгоно.

Эмчлүүлэгчдийнхээ хувцсыг иж бүрнээр нь сайжруулахаар ажиллаж байна. Мөн бид ажилчдынхаа 13 дахь сарын цалингаар нийт ажилчдадаа 3.5 тэрбум төгрөгийг олгосон. Дээд тал нь 10 гаруй сая төгрөг, доод тал нь гурван сая төгрөг авсан. Эмч ажилчдын маань ажиллах урам зориг нэмэгдсэн болов уу. Ноднин бид 13 дахь сарын цалингаар нэг тэрбум төгрөгийг ажилчдадаа өгч байсан юм.

-Цар тахлын дараа иргэдийн дунд ямар өвчлөл ихэвчлэн оношлогдож байна вэ?

-Өвчлөлийн хувьд улсын нэгдсэн эмнэлэг учраас бүх төрлийн өвчтөнд үйлчилдэг. Өмнө нь уушгины өвчтэй хүмүүс ханддаг байсан ч цар тахлын дараа уушгины хатгалгаа, архаг бөглөрөл, архаг бронхит зэрэг өвчлөл илүү нэмэгдсэн. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судас, хорт хавдар болсон. Эдгээр өвчлөл ч өндөр хэвээр байгаа.

-Таны хувьд ажлаа хүлээж аваад хоёр жил болсон байна. Энэ хугацаанд ямар асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллав?

-Би өөрөө энэ эмнэлгийн унаган эмч хүн. Энэ эмнэлэгтээ 16 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр эмнэлгийнхээ ерөнхий байр байдлыг сайн ойлгож байсан. Хоёрдугаарт, би 2021 оны гуравдугаар сарын 1-нд ажлаа хүлээн авахад гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжиж эхэлсэн. Хуучин эмнэлгүүд хүнээ үзэж, улсаас баталсан мөнгөөр санхүүждэг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр эмнэлгүүд өөрсдөө ажлаа төлөвлөж, тооцдог, тэрнийхээ дагуу бусад эмнэлгүүдтэй өрсөлдөж, ажилладаг болсон.

Бүх эмчилгээ, үйлчилгээнийхээ зардлыг тооцож, ямар тусламж үйлчилгээгээ илүү явуулах вэ гэдэгт анхаарах шаардлага үүссэн. Тиймээс Эмнэлгийн эдийн засгийн алба гэж цоо шинэ албыг бий болгосон.

Гуравдугаарт, цар тахлын улмаас эмнэлгүүд үүд хаалгаа хаасан үед ажлаа хүлээн авсан учраас шууд л цар тахлын тусламж үйлчилгээ рүү орсон. Тухайн үед манай эмнэлгийг нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ гэж байснаа улсын хэмжээнд орны тоо хүрэлцэхгүй болж ирэхэд хамгийн хүнд хүмүүсийг хүлээн авах болсон. Бид эмнэлгийнхээ зүүн байрыг тэр чигт нь эрчимт эмчилгээний тасаг болгосон. Эмч ажилчид маань тэндээ байрлаж, ээлжээр ажилласан.

-Таныг цусны чиглэлээр нарийн мэргэшсэн эмч гэж дуулсан юм байна?

-Би Чех улсын анагаахын сургуулийг 2005 онд төгссөн. Улсын нэгдүгээр төв эмнэлгийг чехүүдийн тусламжаар барьсан түүхтэй. Тэр утгаараа 2006 онд энэ эмнэлэгт ажиллах хүсэлтээ өгсөн. Эмнэлгийн удирдлагууд хүсэлтийг минь нааштай хүлээн авч, анх дотрын эмчээр ажилласан. Тэгээд яагаад ч юм цусны эмч их сонирхол татаж, энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн юм. Тухайн үед цусны хавдартай хүмүүс маш хүнд, эдгэх боломжгүй, амь нас нь эрсддэг хүнд өвчин байсан.

Харин бид өнгөрсөн хугацаанд өндөр тунгийн хими эмчилгээ, байн эмчилгээ, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ гээд маш олон эмчилгээг нэвтрүүлсэн.

Манай тасгийн эмч н.Оюундэлгэрийн санаачлагаар янз бүрийн хөрөнгө оруулалтыг тасагтаа татан авч, олон шинэ технологиудыг нэвтрүүлж чадсан. Одоо цусны өвчин туслаа гэхэд эдгэх ямар ч боломжгүй гэдэг хариултыг сонсохгүй. Зарим хэлбэрийн цусны хавдар бүрэн эмчлэгддэг, зарим өвчтөний амь насыг тодорхой хэмжээгээр уртасгаж байна. Ер нь энэ төрлийн эмчилгээг иргэд гадаадад өндөр зардлаар хийлгэдэг байсан бол эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон.

-Бусад хорт хавдартай харьцуулахад цусны хавдраар хүүхэд, залуус өвдөх тохиолдол их байдаг?

-Сүүлийн үед бүх төрлийн хорт хавдар Монголд ихэсч байгаа. Үүний шалтгаан нь бидний амьдралын хэв маягтай холбоотой. Идэж ууж буй хоол хүнс, агаарын бохирдол, хими, биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой юм. Ер нь хорт хавдар үүснэ гэдэг тухайн хүний генийн мэдээлэл алдагдаж, удмын мэдээлэл өөрчлөгдөн, хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй алдаатай эсүүд үүсэхийг хэлдэг.

Анх намайг эмч болж байхад цусны хавдар долоо хоногт 1-2 л оношлогддог байсан бол одоо хавдар оношлогдохгүй өдөр гэж байхгүй болсон. Цусны хорт хавдраар илүү хөдөлмөрийн насны залуус, хүүхэд өвддөг. Дэлхий нийтээрээ хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна.

"ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАХ СУВИЛАГЧИЙН ОРОН ТОО ХОМСДОЖ БАЙНА"

-Эмнэлгийнхээ эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах тал дээр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Цар тахлын үед эмнэлгийн гадаад харилцаа зогсонги байсан. Бид ихэвчлэн цахимаар мэдээллээ солилцож байсан бол 2022 онд гадаад харилцаа нэлээн эрчимтэй сайжирч байна.. Өнгөрсөн онд бараг 20 гаруй гадаад эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ бүгдийн цаана манай эмч мэргэжилтнүүдийн сургалт, шинэ технологи нэвтрүүлэх бодлого явж байна. Салбар болгон өөр өөрсдийн хийх ажилтай. Монголын анагаах ухааны салбарыг дэлхийн жишигтэй харьцуулахад хоцрогдож яваа.

Тиймээс салбартаа шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхээр эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Ноднин 70 гаруй хүнээ цалинтай томилолтоор явуулж, гадаадад сургасан.

Энэ жил энэ тоо улам нэмэгдэж буй. Өнгөрсөн 2022 оны ажлаа дүгнэж, шинэ технологи нэвтрүүлсэн 10 тасаг нэгжээ шалгаруулж, гадаадад үнэ төлбөргүй сургах эрхийн бичгээр урамшуулсан. Энэ бүхэн эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлж буй бодлого.

-Цар тахлын дараа эмнэлэгт ажиллах сувилагчийн орон тоо хомсдож байна гэдгийг албаныхан хэлж буй. Танай эмнэлгийн хувьд сувилагчийн орон тоо хэр хүрэлцээтэй байна вэ?

-Манай эмнэлэг нийт 850 гаруй ажилтантай. Гадуур зах зээл дээр сувилагчийн орон тоо хүндхэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ сайн байна гэдэг нь хүн дээрээ очиж үйлчилж буй сувилагчаас их хамаардаг. Сувилагчийн тоо олон байж эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүрдэг. Гадаадын эмнэлгүүдэд эмч сувилагчийн харьцаа 1:3 байдаг бол Монголд 1:2 ч хүрэхгүй байдалтай байна. Эмч, сувилагч нар цар тахлын үед цаг наргүй, нойр, хоолгүй ажилласан. Энэ нь бие болоод сэтгэлийн асар их ачаалал туулсан. Тиймээс ажлаасаа шантрах, гар дээр авдаг цалин мөнгө нь их биш учраас сэтгэл санаагаар унаж, мэргэжлээ солих, гадаад явах хандлага ажиглагдаж байгаа.

Хувийн анагаахын сургуулиуд маш их олширч, сувилагч нарыг гуравдугаар курсээс нь давтан сургаж, эмч зүйч мэргэжлээр төгсгөж байна. Ийм байж болохгүй. Энийг шат шатандаа хэлээд төдийлөн сайжрахгүй байна.

Ер нь сувилагчийг эмнэлгээ татах олон ажлыг хийсэн. Сувилагч бэлтгэж буй бүх сургуульд очиж уулзалт яриа хийж, таниулан сурталчилсан. Хоёрдугаарт, эмнэлгийнхээ сувилагч нарын цалинг нэмэх тал дээр онцгойлон анхаарч үндсэн цалингаа 50 хувь нэмсэн. Дээр нь нэмээд мэс заслын тасгийн сувилагч нарынхаа цалинг 70 хувь нэмсэн. Шөнийн нэмэгдлийг нь боломжийн хэмжээнд хангалттай өгч байгаа. Мөн 33 ажилтандаа байрны урьдчилгаа 30 сая төгрөг буюу нийт нэг тэрбум төгрөгийн зарцуулсан. Ихэвчлэн сувилагч нараа хамруулж, нийгмийн асуудалд онцгойрон анхаарч байна.

"2022 ОНД 102 ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛСЭН"

Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Эмчилгээ үйлчилгээнд ямар шинэ техник технологи нэвтрүүлэв?

-Цар тахлын үеэр эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг төр засгийн удирдлагуудад ойлгуулсан байх. Жишээлбэл, уушги орлуулах ЭКМО аппарат өмнө нь Монголд байдаггүй байсан. Аппаратны сураг сонсохоос авсан эмнэлэг байгаагүй. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар манай эмнэлэгт анхны ЭКМО аппаратыг 2020 оны сүүлээр худалдан авсан. Тэр үед гадаад харилцаа байхгүй, хил гааль хаалттай байсан учир эмч мэргэжилтнүүд өөрсдөө интернэтээр харж, онлайнаар сургалтыг гадаад мэргэжилтнүүдээс авч, цар тахлын үед манай баг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д олон иргэний амь насыг аварсан.

Ер нь үүнтэй адилхан өндөр хүчин чадалтай хэд хэдэн аппаратыг салбар яамны хөрөнгө оруулалтаар авсан. Яамнаас ганц манай эмнэлэг гэлтгүй олон эмнэлэгт багаж тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Одоо манайд орчин үеийн дуран, аппарат, комьпютертэй болж, бүрэн ашиглаж байна. Улсын томоохон эмнэлгийн нэг учраас тоног төхөөрөмжөө байнга ашигладаг.

Манай эмнэлгийнхэн өнгөрсөн 2022 онд гэхэд 102 шинэ технологийг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

-Иргэд улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд ачаалал ихтэй, цахимаар цаг авахад хүндрэлтэй байна гэж гомдолдог. Эмнэлгийн захирлын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж хардаг вэ?

-Энэ асуудал их хэцүү. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс улсын эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах, ард иргэддээ түргэн шуурхай, чанартай, тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч байгаа. Хуучин бол өвчтөнүүд эмнэлэг дээрээ ирж, номер дугаараа аваад хэд хоногийн дараа эмчид үзүүлдэг байсан. Харин одоо утсаар, цахимаар, И-Монголиа системээр, өөрийн биеэр ирж цаг авах гэх мэт олон сонголттой болсон. Гэсэн хэдий ч эмнэлгийн зарим тасаг нэгж дээр ачаалал үүсч байгаа. Энэ асуудал зөвхөн Монголд байдаггүй. Япон, БНСУ-д олон хүнд танигдсан эмчид цаг авахад хамгийн багадаа нэг сар хүлээдэг. Тэр нь өөрөө тогтсон дэг жаягтай байдаг.

Манай үйлчлүүлэгчид жаахан тэвчээргүй байгаа нь ажиглагддаг. Шууд цаг авч, тэр дороо эмчид үзүүлэх гэдэг. Нөгөөдрийн цагийг хүлээхгүйгээр ямар нэгэн танилаар яриулж, үзүүлдэг. Эсвэл цаг авсан ч хэрнээ эмчид үзүүлэхгүй өөр эмнэлэгт очиж үзүүлдэг.

Тэр нь эмнэлгийн ерөнхий төлөвлөлт, ачаалалд нөлөөлдөг. Үйлчлүүлэгчид эмнэлгээр үйлчлүүлэх соёлд суралцаж, ухамсарлах хэрэгтэй юм болов уу.

Эмчид үзүүлэх цаг авсан хэрнээ ирэхгүй тохиолдол нийт цаг авсан тохиолдлын тал хувь нь байдаг. Тиймээс тусгай хүн ажиллаж “Маргаашийн үзлэгтээ үзүүлэх үү” гэж баталгаажуулдаг үйлчилгээг бас нэвтрүүлсэн. Хиймэл ачаалал үүсгэж буй асуудлыг зохицуулах шаардлага үүссэн. Манай эмнэлэгт сайжруулах ажил их байна. Гаднаас хүн ирээд үзүүллээ гэхэд эхлээд эмчдээ үзүүлж, бичсэн шинжилгээнүүдийг нь тэр дор нь өгч, эмчдээ үзүүлэх боломжтой. Тэр нь аль болох тухайн өдөртөө байхыг хичээн ажиллаж байна.

Ялангуяа манай эмнэлэгт нарийн мэргэжлийн том төвүүд байдаг учраас хөдөө орон нутгийн иргэд олноор зорин ирж, үйлчлүүлдэг. Байнгын хяналтад байдаг хүмүүс ихтэй учраас бүгдийг нь тэр дор нь зохицуулах боломжгүй байдаг. Гадаад улс оронд иргэд хэвтэн эмчлүүлэхээс илүү амбулаторийн үйлчилгээнд төвлөрч, олон хүн үзэж, шинжилгээ хийдэг. Монголчуудын хувьд заавал эмнэлэгт хэвтэж, хэдэн дусал, тариа хийлгэж байж санаа нь амардаг. Гэтэл тэр болгоныг амбулаторийн тусламж үйлчилгээгээр үзүүлж, эмэн эмчилгээ хийх боломжтой. Тухайн хүн бүх оношлогоо шинжилгээг хийж, сэтгэл ханамжтай гардаг байхаар хичээн ажиллаж байна.

Энэ оны хувьд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ онд манай байгууллагынхан үйлчлүүлэгчидтэйгээ соёлтой, зөв боловсон харьцаж, ёс зүйтэй ажиллая. Эмнэлгийнхээ ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлье гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд эмнэлгийн байгууллагын соёл, стандартыг нэвтрүүлж ажиллана.

Япон, БНСУ-ын эмнэлгийн үйлчилгээнээс суралцаж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн салбарын сайдын үүрэг даалгавраар Монгол Улсад эмчлэгддэггүй 26 өвчний жагсаалт байдгаас долоог нь эмнэлэгтээ нэвтрүүлж, жагсаалтаас хасах төлөвлөгөөтэй, шинэ технологиуд дээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж