АНУ-ын тагнуулын ажилтнууд 2020 онд ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены талаарх таагүй мэдээг дарахын тулд “Твиттер”-тэй хамтарч ажилласан гэх мэдээлэл тарсан. Энэ хэргийн сонсгол өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт болжээ. “Твиттер” компанийн хуучин удирдлагууд сонсголд оролцсон. Тэд Хантер Байдены тухай мэдээг цааш тархахаас сэргийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч үүнийгээ АНУ-ын тагнуулын ажилтнуудын зааварчилгаагаар хийгээгүй гэжээ. Мөн ямар нэг улс төрийн зорилго агуулаагүй гэв. Тухайн үед “NY Post” сонин Хантер Байдены мэдээллийг анх гаргасан.
Төлөөлөгчдийн танхимын хяналтын хуралдааны үеэр Бүгд найрамдахчуудын дэлгэсэн баримт бичгүүдийн дийлэнх нь “Твиттерийн файлууд” гэсэн нэртэй байсан. Эдгээр нь компанийн өмнөх удирдагчдын үед гаргасан маргаантай шийдвэрүүдийг хэрхэн зохицуулж байгааг шалгахаар Элон Маскийн урьсан сэтгүүлчдийн нийтэлсэн материалууд байжээ. Өөрөөр хэлбэл, Элон Маск өмнөх удирдагчдын гаргасан шийдвэрүүдийг шалгуулахаар сэтгүүлчдийг урьсан гэж ойлгож болох юм. “NY Post” сонины нийтлэлд компанийн зүгээс ямар хариу арга хэмжээ авсныг уг файлуудад хавсаргасан байсан. Элон Маск энэ шалгалтын хүрээнд компанийн цахим шуудан, чатыг үзэх боломжийг сэтгүүлчдэд олгосон аж. Түүнчлэн эдгээрийн ихэнх нь твиттерт нийтлэгдсэн.
Ихэнх баримтууд нь “Твиттер” компани Холбооны мөрдөх товчоо болон Байдены кампанит ажлын шахалтаар шийдвэр гаргасан гэдгийг нотолж байгаа юм.
Холбооны мөрдөх товчоонд ажиллаж байсан Жеймс Бейкер нэртэй хуульч “Твиттер”-т ажилладаг байсан. Тэрбээр “Твиттер”-т ажилладаг байхдаа засгийн газрын агент эсвэл операторын үүрэг гүйцэтгээгүй гэж сонсголын үеэр мэдэгдсэн байна. “Хантер Байдены нөхцөл байдлыг манай компани хэрхэн зохицуулах талаар ямар нэг улс төрийн кампанит ажил, засгийн газрын агентлагаас хууль бус зааварчилгаа, чиглэл аваагүй” гэж тэр хэлжээ.
Холбооны мөрдөх товчооноос “Твиттер”-ийн удирдлагуудад Хантер Байдентай холбоотой аливаа мэдээллийг сайтар нягтлахыг зөвлөсөн гэж Бүгд найрамдах намынхан баталж буй. Засгийн газар хуулийн дагуу хийж чадахгүй зүйлээ биелүүлэхийн тулд хувийн хэвшлийг ашигласан гэж тэд үзэж байна.
ХАНТЕР БАЙДЕНТАЙ ХОЛБООТОЙ НУУЦ МЭДЭЭЛЭЛ
Хантер Байден 2020 оны аравдугаар сард Делавэрийн компьютерийн дэлгүүрт зөөврийн компьютерээ хаяж явснаас энэ бүхэн үүдэлтэй. Улмаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас гурван долоо хоногийн өмнө “NY Post” сонинд Жо Байдентай холбоотой авлигын мэдээлэл нийтлэгджээ. “The NY Post” сонинд уг мэдээллийг өгсөн эх сурвалж нь Дональд Трампийн хувийн өмгөөлөгч Руди Жулиани юм. Трамп уг түүхийг Байдены эсрэг ашиглахаар шийдэж, түүнийг Украинтай холбоотой авлигын асуудалд орооцолдсон гэжээ.
Хантер Байдены аав буюу АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден нь Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед Хантер Байден Украины эрчим хүчний “Бурисма” компанийн дээд албан тушаалтныг аавдаа танилцуулжээ. Хантер Байден өөрөө “Бурисма”-ийн удирдах зөвлөлд байсан.
“The NY Post” сонин өөрсдийн твиттер хуудсаараа Хантер Байдены зөөврийн компьютерийн тухай анх жиргэх үедээ хакердах замаар олж авсан зураг болон бусад мэдээллийг нийтэлсэн байж болзошгүйг “Твиттер”-ийн хуульч асан Вижая Гадде хэлсэн юм. Тиймээс “Твиттер”-ийг хакердсан материалаа хаа хамаагүй хаядаг цэг болгохгүйн тулд компанийн дотоод бодлогоо хэрэгжүүлж, уг нийтлэлийг цааш тархахаас сэргийлэх арга хэмжээ авсан гэв.
ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙН ЦЕНЗУР
Шүүх хуралдааны үеэр өөр бусад асуудал ч сөхөгдсөн. Тухайлбал, “Твиттер” компани АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс өгсөн Covid-19-ийн удирдамж мэдээллийг таслан зогсоосон гэх асуудал яригдав. “Твиттер” компани эмч, эрдэмтдийн үзэл бодлыг цензурдаж, дарангуйлж, Covid-19-ийн талаарх албан ёсны хэлэлцүүлэгт саад учруулсан байна.
Энэ асуудал нь Дональд Трампийн үед ч, Жо Байдены үед ч байжээ. Үе үеийн засгийн газруудын зүгээс компанийн удирдлагуудад дарамт шахалт учруулж байсан гэж “Free Press”-ийн сурвалжлагч Дэвид Цвейг хэллээ. Тодруулбал, платформ дээрх Covid-19-тэй холбоотой мэдээллийн агуулгыг засгийн газрын хүсэл сонирхлын дагуу зохицуулахыг компанийн удирдагчдаас шаарддаг байсан аж. Covid-19-ийн дэгдэлтийн эхэн үед хүмүүс үймж сандран, хамаа замбараагүй худалдан авалт хийж эхэлсэн. Хүмүүс хүнсний дэлгүүрүүд рүү шуурч байгаа талаарх мэдээллийг ташаа мэдээлэл гэж ойлгуулахаар Трампийн засаг захиргаа технологийн компаниудад хандаж байжээ. Гэхдээ тэр үед үнэхээр л хүнсний дэлгүүрүүд хөл толгойгоо олохгүй бужигнаж байсан юм.
Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний засгийн газар “Твиттер”-ийн удирдлагуудтай уулзсан. Энэ уулзалтаар Covid-19-ийн тухай, тэр дундаа вакциныг эсэргүүцэгч твиттер хаягуудын талаар голчлон ярьсан аж. Ингэхдээ “NY Times”-ийн сэтгүүлч Алекс Беренсоныг онцлон дурдсан байна. Үүний дараахан Жо Байден “Цахим сүлжээний компаниуд вакцины талаар ташаа мэдээлэл түгээснээс болж хүний амь үрэгдэж байна” гэж хэлсэн. Байден энэ үгийг хэлснээс хэдхэн цагийн дараа Алекс Беренсон платформд нэвтрэх эрхгүй болжээ.
Байдены засаг захиргаа үүнд сэтгэл ханалгүй, илүү олон хаягийг идэвхгүй болгохыг “Твиттер”-ээс хүссэн байна. “Твиттер”-ийн удирдлагууд Байдены багийн хүслийг бүрэн биелүүлээгүй ч Цагаан ордны албан ёсны байр суурьтай зөрчилдсөн эмч, мэргэжилтнүүдийн үзэл бодлыг цензурдаж байлаа.
Эх сурвалж: BLOOMBERG, ANADOLU AGENCY, WIKIPEDIA