“Үзэсгэлэн болгогч” хэмээх хар усан туулай жилийн сар шинийн баяр дөхөж, томоохон худалдааны төвүүдээр иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэсчээ. Цагаан сараар иргэд үндэсний дээл, хувцсаараа гоёдог. Тиймээс иргэд сар шинийн гоёлоо хэрхэн базааж байгааг “Нарантуул”, “Дүнжингарав” захаас сурвалжилсан юм.
“Нарантуул” захын лангуунуудад үндэсний дээл хувцас төрөл бүрээрээ өлгөөтэй байв. Худалдан авагчид голдуу цулгуй материалтай, даруухан загвартай дээл сонирхох нь цөөнгүй байлаа. Энэ жилийн сар шинийн гоёлын трэнд өнгө нь хар болон цэнхэр өнгө зонхилох аж. Мөн нэмэлтээр хээ угалз оруулж өгсөн нь хүнд өнгөтэйгөө уусаж, илүү чамин хээнцэр болжээ.
Худалдан авагчид бэлэн дээл худалдан авахаас гадна өөрийн хүссэн материал, загвараараа дээл хийлгэх сонирхолтой байдаг. Гэвч, сар шинэ хаяанд ирсэн тул оёдлын газрууд, загварын агентлагууд захиалгадаа дарагдсан гэв. Захын жижиг оёдлын газрууд нэг дээл 120-200 мянган төгрөгөөр оёдог. Нэг дээл долоо хоногт оёж дуусгадаг гэлээ. Торго, даавууны хувьд “Нарантуул” зах дээр доод тал нь 6000 төгрөгийн үнэтэй.
“Нарантуул” захын худалдан авагч Д.Мөнх-Учрал “Дээл авахдаа материалын чанарт нь анхаардаг. Хүмүүс загварт нь хууртаад муу материалтай дээл авах нь бий. Мөн дээлийн ур хийц, оёдлыг нь харж авдаг” гэлээ.
“Нарантуул” зах дээр хамгийн хямд дээл нь 250 мянган. Хамгийн үнэтэй нь 500 мянган төгрөг. Материалынх нь чанар, ур хийц, оёдлоосоо шалтгаалаад үнэ тогтоодог аж. Хүүхдийн дээл 150-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Сар шинэ ойртох тусам дээлний эрэлт нэмэгддэг, үнэ өсдөг байна. Харин сар шинийн дараагаас үнэ нь буурдаг аж. Үндэсний хийцтэй дан цамц 75 мянган төгрөг. Хос цамц 150 мянган төгрөг бол хос дээл хамгийн хямдхан нь 400 мянган төгрөг.
“Дүнжингарав” худалдааны төвийн дээл, хувцасны үнэ “Нарантуул” захынхаас харьцангуй өндөр. Дан цамц 80-120 мянган төгрөг. Дотортой дээл 300 мянгаас дээшээ үнэтэй байв. Хос дээл 600 мянгаас нэг сая төгрөгийн үнээр зарагдаж байлаа.
Үндэсний үйлдвэрлэгч “Mon couture” компанийн оёсон эрэгтэй дээл 420-600 мянган төгрөг, эмэгтэй нь 350-500 мянга. Хос дээл 700 мянгаас 1.5 сая.
Захиалгаар дээл хийдэг ч, сар шинэ ойртсон тул шинээр захиалга авахаа зогсоожээ. Зах дэлгүүрт зарагддаггүй, өөрсдийн авчирсан материалаар дээлээ хийдэг тул бусдаас үнэтэй болохыг худалдагч хэлэв.
“Баялаг ундраа” захын худалдаа эрхлэгч “Шинэ жилийн дараагаар хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан байна. Өнгөрсөн долоо хоногоос иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Ажиглахад энэ жил иргэдийн худалдан авах чадвар муудсан байна” гэв.
Харин худалдаа эрхлэгч Х.Баасандэлгэр “Энэ жил хүмүүс цэвэрхэн оёдолтой, уран нарийн хийцтэй дээл илүүтэйгээр сонирхож байна. Охид даашинз шиг хормоотой загварын дээлүүдийг их авч байгаа. Манайх өөрсдөө дээлээ хийдэг учраас оёдолчид завгүй. Одоогоор шинээр захиалгын дээл хувцас хийхгүй. Дээлний үнэ өмнөхөөсөө өсөөгүй” гэсэн юм. Ийнхүү монголчууд сар шинийн гоёлдоо мөнгө харамгүй зарцуулж байгаа нь зах, дэлгүүр дэх худалдан авалтаас тодорхой харагдаж байна.
Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ