Монгол Улс экспортын нүүрсний 96 хувийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг. Тоон үзүүлэлтээс харвал, 2017 онд 36 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн оргил үзүүлэлт болсон. Харин 2019 онд 57 сая тонн нүүрс олборлож, хамгийн дээд амжилт тогтоосон билээ.
Өнгөрсөн 2022 онд 31.7 сая гаруй тонн нүүрс экспортолсон бол энэ онд 36.5 сая тонныг экспортлохоор төлөвлөөд буй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортлоно гэж төлөвлөж байсан. Гэвч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой юм.
Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч, 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 3.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой юм.
Хятад улс нүүрсээр ихэнх эрчим хүчээ үйлдвэрлэдэг. Тус улс дотоодын эрчим хүчний нүүрсээ ашиглан түлш, хий, устөрөгч үйлдвэрлэх бодлого баримталж буй. Хятадын хувьд коксжих нүүрсний хэрэглээ 2.7 хувь буюу 30 сая тонноор буурсан. Цаашид тогтвортой 1.07 тэрбум тонныг ашиглахаар тооцжээ.
Холбоотой мэдээ