Нийслэлийн прокурорын газраас Монголын нэг, Арабын тав, Йорданы нэг иргэнд “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр иргэд бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2022 оны долдугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр хоёр сая төгрөгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт, 1.7 сая төгрөгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тус тус дробинка буугаар буудаж агнасан байна.
Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан.
Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгчдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэжээ.
Шүүхээс Монгол Улсын иргэнийг 5.4 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант улсын нэг иргэнийг 15 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант улсын дөрвөн иргэн, Йорданы нэг иргэнийг 12 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэжээ. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хоёр тээврийн хэрэгслийн үнэ 39.5 сая төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд ан амьтны үнэлгээг хоёр дахин өсгөж нийт 7.4 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ