УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.13/ Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, парламентын ардчилалд цөөнхийн хяналт, бүтээлч оролцоо чухал гэдгийг онцлоод Ардчилсан намын даргаар сонгогдож, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн Л.Гантөмөрт ажлын амжилт хүслээ.
Мөн энэ уулзалтын дараа АН-ын дарга Л.Гантөмөр хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр "Таван зүйл дээр төвлөрлөө. Нэгдүгээрт, 70 хувийн ядуурлыг яаж хурдан хугацаанд бууруулах вэ. Ажил хийж байгаа хүмүүс залхсан байна, бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна.
Дарамт нь хэвийн хэмжээнээсээ давсан байна. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-ын хуульд сэтгэл дундуур байна, засаач ээ гэж. Татварын ерөнхий хуулийг 60 хувь нь дэмжихгүй, эсрэг байна. ААН-үүд татварын дарамтад орсон байна. Татварын дарамтаас гарахын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих. Коронагийн хоёр жилд жижиг, дунд аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан. 10 их наяд төгрөг зарцуулахдаа өрх гэр бүлийг дэмжсэнээс коранагийн хохирлыг барагдуулахад зарцуулагдаагүй байна. Тийм учраас татварын дэмжлэг, хөрөнгө оруулалтын дэмжлэг яаж үзүүлэх вэ гэдэг дээр шийдэл гаргах. НДШ-ийг бууруулахгүйгээр цаашаа явахгүй юм байна. 10 сая төгрөөс дээш орлоготой иргэнд ногдуулдаг татварыг бууруулах шаардлагатай. Тэгж байж, дундаж давхарга бий болгож, дэмжих юм байна. Маргаашийн Монголд хэн ч итгэхгүй байна. Маргааш ядууралгүй болно гэдэгт хэн ч итгэхгүй байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ