Хайрын өдрөөр “Цагаан-Уул”-ын эзэн тодорно

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Хайрын өдрөөр “Цагаан-Уул”-ын эзэн тодорно

Хайрын өдрөөр “Цагаан-Уул”-ын эзэн тодорно

Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам маргааш /2023.02.14/ “Соёлын төв өргөө”-нд болно. Тус  наадмыг  МЗХ, Нийслэлийн соёл урлагийн газар,  Арлааны Эрдэнэ-Очир сангаас зохион байгуулж байгаа юм.  “Цагаан Уул” наадмыг анх 1991 онд зохион байгуулж, сэтгүүлч Ц.Оюундарь анхны цомын эзэн болж байв. Түүэнээс хойш 22 дахь удаагаа болж буй тус наадмын түрүүг А.Эрдэнэ-очир, Г. Мөнхцэцэг, Л. Өлзийтөгс, Г.Аюурзана, Л.Ганзул, До.Болдхуяг, Л.Моломжамц, Д.Оюундэлгэр, Э.Бүжинлхам, С.Начин, Н.Минжинсайхан, Т.Амар-Амгалан, Б.Сосорбарам зэрэг олон яруу найрагч хүртэж байсан юм.

Энэ удаагийн тэмцээн гурван үе шаттай болсон агаад эхний шатны шалгаруулалт энэ сарын 10-ны өдөр болж шилдэг 24 найрагч гэгээн хайрын өдрөөр тайзнаа хайрын шүлгээр өрсөлдөх юм байна. Мөн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгож байгаа юм байна.  Ингээд “Цагаан Уул” хайрын шүлгийн цомыг хүртэж байсан шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Голын тохойд  /А.Эрдэнэ-Очир/

Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.

АМУР /Н.Минжинсайхан/

Амур-ахиад л чамайг дуудан байж шүлэглэх нь

Амур ахиад л чамайг дуулан сууж гансрах нь

Гал-гэрлийн нулимс ганц ширхэгийг барж

Гал усны дэргэд сар хөвүүлж хоносоор

Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа

Орой бүр гуниг нэвт суулаа би

Ингэж ганцаардахдаа

Аль эртнээс л бодож байсан хусны үйсээ цуглуулж дуусаад

Бороон норсон нойтон шаргал нарны туяаг дэвсгэр болгож

Боронз тэргэл бодлоо аажим аажимхан буулгалаа

Мөрөөдлөөс чинь эхлээд зорж сийлж суухдаа

Мөн чиг жаргалтай байсныг минь

Сар тийш тэмүүлж ургаад он цагт дарагдсан

Салаа мөчир хоёрхон тахир саарал бөгтөр мод

Тахир саарал бөгтөр модны сүүдрийг мөлхсөөр очиход

Хөтөлж аваад бүрэнхий тийш одох

Тэргүүндээ үүр засуулсан хөгшин эр хүрэн мод хоёр л мэдсэн байх

Үзэсгэлэн гоог чинь

Үйснээ урлах шиг

Үнэтэй хувь зохиол хаана байх билээ

Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа

Огтын ганцаардангуй бишээр одоо

Овъёосны дарсныг хаа нэг шимэн

Бүр шимэн шимэн суухдаа

Одоо л чамайг бүтээж чадсан даа

Ямархан жаргалтай байв даа

Ядам хурууны чинь бэлзэг юуг

Яавч орхиж болохгүй гэхдээ

Шигтээ бүрийг нь бодон бодон мэтгэж

Шил өргөлгүй сууна гэдэг л

Шинэ зовлон байлаа шүү надад

Амур

Зүрхэн тушаа тунарсан

Нэрмэл цагаан мэдрэмжийг

Ертөнц дээр удаан, бүр хэтэрхий удаан нандигнахаар

Усанд хаясан чулуу хэд дахин олдох шиг

Урваж хаашаа ч юм нүүмээр

Нарсан дээвэртэй хүрэн улаан байшиндаа шөнө өдөргүй бүгчихмээр

Надад чинь бас олон дэмий бодлууд төрөөд л байлаа шүү Амур

Хонхрын ус зэтгүүлэн яаран яаран ирээч дээ

Хоног өдрийн торго нь цагийн салхинаа сэмрээд л байна шүү дээ

Амур

Амур

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж