Монгол Улс салаа замын уулзвар дээр зогсож байна. Ухрах уу, урагшлах уу? Ардчилал уу, авторитори уу? Капитализм уу, коммунизм уу? Хувьсал уу, хувьсгал уу? Гэрээгээ шинэчлэх үү, гэрээ нураах уу?! Хэрхэхийг тэнгэр мэдэх биш иргэд өөрсдөө зөвлөлдөж шийднэ гэсэн үг.
Нэг.
Монголын парламент 76 гишүүнтэй, гишүүд нь давхар дээлтэй. Товчхондоо давжаа парламентад гүйцэтгэх засаглалын нөлөө өндөр. Мажоритори тогтолцоогоор сонгогддог тул мөнгөтэй хулгайчид хуулийн хамгаалалтад нуугдах боломжтой. Жишээ нь, өнөөгийн парламентаас Хөгжлийн банкны асуудалд арваад гишүүн нэр холбогдсон. Нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн нэжгээд гишүүний хоёр нь /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Түүнчлэн Ч.Ундрам, Ц.Анандбазар нар хүчин, хүчирхийллийн дуулианд холбогдсон гээд парламентын нэр хүнд иргэдийн дунд унаж, төрдөө итгэх итгэлгүй болгочихсон.
Гэвчиг, Монголд ганц ухаантан хэрэггүй. Алс ирээдүй, ардчиллаа бодсон ч парламент тогтолцоогоо, 76 тэнэгээ сайжруулаад, шинэчлээд явах ёстой. Харин яаж гэдгийг нь МАН дангаараа, УИХ ганцаараа мэдэхгүй, бүгдээрээ зөвлөлдөж шийднэ.
Өмнө нь, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ олон нийттэй зөвлөлдөж шийдсэн, энэ удаа ч иргэдийнхээ саналыг асууна. Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт маргааш, нөгөөдөр хоёр болох юм. Түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэний 820 нь Төрийн ордонд
1.Иргэний болон улс төрийн эрх
- Парламентын ардчилал
- Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
- Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зөвлөлдөх аж. Гэхдээ тэд шийдвэр гаргахгүй, тэндээс зөвхөн зөвлөмж гарна. Түүнийг нь УИХ-аар хэлэлцэнэ. Мэдээж, Үндсэн хууль нэг талаасаа төр ард түмний хоорондын гэрээ, нөгөө талаасаа тоглоомын дүрэм тул иргэд өөрсдөө ч мэдээлэлтэй байх ёстой. Эцэг хууль бол эрх чөлөөний баталгаа, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг тул. Хүний амьд явах эрхээс эхлээд үхэх хүртлээ дагаж мөрдөх хуулиуд Үндсэн хуулиас эхтэй учраас.
Парламентын дөрөвний гурав /57/-аас доошгүй хүний гишүүн дэмжсэн тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийнэ. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай тухай яриа ор үндэслэлгүй цуурхал болохыг Г.Занданшатар илэрхийлсэн. Тэгэхээр олзуурхууштай нь, шинээр Үндсэн хууль батлах биш өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдах юм байна.
Хоёр.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбар, УИХ-ын дарга Г.Занданшатарын байр сууриас харахад Н.Энхбаярын шинэ Үндсэн хуулийн төсөл иргэн Н.Энхбаярын мөрөөдөл хэвээрээ үлдэх бололтой. Ингэх нь ч дээр, Н.Энхбаярын эртний хүсэл бол эргээд социализм, коммунизм байгуулах тухай юм. Авчиг монголчууд алдаа, оноотой ч өнгөрсөн 30 жил ардчиллын үр шим, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний амтыг мэдэрсэн, амтад орсон ард түмэн. Гэхдээ иргэний эрхээс улстөрчийн эрх илүүд тавигдах болсон нь, үзэл бодол өөр нэгнээ хууль шүүхээр айлгах болсон нь, үгээ хэлэх эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдах болсон нь хэвлэлийн эрх чөлөө нь 22 байраар ухарч, авлигын индексээр дэлхийд 116 жагсаж байгаа нь жижиг тогтолцооны алдаа. Мажоритори тогтолцооноос болж МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонх болсон. Үнэмлэхүй олонхын үнэмлэхүй алдаа завхрал нь өнөөдрийн хулгай, луйврын хэргүүд.
Мөнгөтэй олигархиуд сонгогчдын саналыг худалдаж аваад төрийн дээр суучихаж байна. Тэд сонгуулиар зарцуулсан шархаа нөхөхийн тулд төрөө тонодог, улсаа дээрэмддэг болсон. Худлаа гэвэл, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон улстөрчдөө хар. Бүлгийн гишүүд нь хулгай, дээрмийн хэрэгт холбогдчихоод байхад нам нь нүдэн балай, чихэн дүлий байдаг нь парламентын “кноп”-оо цөөлчихгүй гэснийх. Пропорциональ байсан бол ядаж гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцож чадна.
Монголын парламент хоёр сонгууль дараалан сөрөг хүчингүй явлаа. Хэдийгээр парламентад суудалтай гурван нам бий ч, эрх баригчдын “могойд барьдаг мод”, улс төрийнх нь утсан хүүхэлдэй болоод удсан. Тиймээс сөрөг хүчний оролцоог нэмэгдүүлэх, парламентын чадамжийг сайжруулахын тулд санал худалддаг, санал гээгддэг мажоритори тогтолцоогоо өөрчлөхөөс өөр арга замгүй болсон.
МАН өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар саналаа өгсөн нэг сая 400 мянган хүний 45 хувийнх нь саналаар 62 суудал авсан. Өөрөөр хэлбэл, 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүний саналаар МАН засгийн эрх авсан гэсэн үг.
Хоёрдугаарт, 30 хүрэхгүй хүн хуралдаж байгаад гурван сая хүний амьдралыг шийддэг явдлыг засах ёстой.
Гурав.
Өнгөрсөн онд МАН-ыг, Монголын төрийг эсэргүүцэж иргэд хоёр удаа том жагсаал зохион байгуулсан. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсны дохио. Хэрэвзээ, тогтолцооны гажуудлаа засахгүй энэ чигээрээ явбал Монголд өнгөт хувьсгал гарах нь цаг хугацааны асуудал болсон байна. Тиймээс ухрах уу, урагшлах уу? Ардчилал уу, авторитори уу? Капитализм уу, коммунизм уу? Хувьсал уу, хувьсгал уу? Гэрээгээ шинэчлэх үү, гэрээ нураах уу?! Ямар ч байсан ярилцъя, зөвлөлдье.