“Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй”

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

“Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй”

“Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй”

Парламентад суудалтай намууд зөвлөлдөх уулзалтын талаар өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд 80 дугаар тогтоол гаргаж, Зөвлөлдөх санал асуулга явуулахаар баталсан. Мөн УИХ-аас зөвлөлдөх зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл нэгдүгээр үе шатын санал асуулгыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин маргааш, нөгөөдөр 1570 хүнээс сонгогдсон 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны зөвлөлдөх зөвлөлийн уулзалт болно. Үндэсний статистикийн хороо, УИХ-ын тамгын газар, УИХ-аас томилсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Тусгаар тогтнолтой холбоотой томоохон асуудлуудыг Үндсэн хуулиас хасах тухай мэдээллүүд гарсан.

Өчигдөр энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Бид мөн үүнийг мэдэгдэж байна. Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр Үндсэн хууль тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд тулгамдаад байгаа дөрвөн том асуудлыг хэлэлцүүлнэ.

Ялангуяа оны өмнө жагсаалтай холбоотойгоор хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхтэй холбоотой олон саналууд гарсан. Мөн парламентын ардчилалтай холбоотой асуултууд бий.

Тогтолцооны хувьд боловсронгуй болгох, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудлууд багтсан. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсох хэлэлцүүлэг. УИХ зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд харин ч дэмжиж ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-УИХ-ын дэд даргаар сонгогдсон цагаас миний бие Сонгуулийн тухай хууль өнөөгийн нийгэмд тохирохгүй байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс улс төрийн намууд санаачилж энэ чиглэл дээр олон удаагийн уулзалтууд хийсэн байгаа. Шинэ Үндсэн хуулийн хувьд АН дэмжихгүй. Учир нь дэмжиж болохооргүй маш олон зүйл заалтууд тус хуульд орсон байгаа юм. Нөгөөтээгүүр зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг хэлэлцэнэ. Ард иргэдийн хүсч, хүлээж байгаа ажлуудыг үр дүнтэй болгоход ажлын хэсэг анхаарч ажиллаж байна.

Хамгийн ойрын хугацаанд Сонгуулийн тухай хууль болон Намуудын тухай хуульд реформ хийх.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах тохиолдолд зөвхөн парламентын сонгодог хэлбэрийг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж