Одод чуулсан шилдгүүд онцгойрсон баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

The League

Одод чуулсан шилдгүүд онцгойрсон баярын өдөр

Одод чуулсан шилдгүүд онцгойрсон баярын өдөр

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн бүх оддын тоглолт өчигдөр/2023.02.12/ “UG” аренад боллоо. Энэ жилийн бүх оддын тоглолт урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт шинэ шатанд гарсан, тайз, талбай, арга хэмжээ хоорондын шоу гээд бүхэлдээ алга ташим гайхалтай байв. Үзэгч, сонирхогчдын зүгээс зарим нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байсан ч өмнө нь хэзээ Монголд спортын ийм өдөрлөг болж байсан юм бэ?

“UG” аренад 3500 үзэгч хуран чуулж, тасалбар нь сарын өмнө дууссан. Шагийн тасалбарын үнэ тэнгэрт хадаж, талбайн нэг, хоёрдугаар эгнээний тасалбар 1-2 сая төгрөгт хүрсэн гэнэ.

Энэ өдрийн арга хэмжээ эмэгтэй бүх оддын тоглолтоор албан ёсоор эхэлсэн. Монгол, гадаадын чадварлаг бүсгүйчүүдийн тулаанд О.Хулан ахлагчтай баг Г.Мижингийн багийг нэмэлт цагт 97-96 гэсэн харьцаатай хожиж, тус тоглолтын шилдгээр ОТИС Шилүүснүүд багийн Б.Болор-Эрдэнэ тодорсон. Тэрбээр 19 оноо, 13 самбараас бөмбөг авалт толилуулжээ.

Дээрх тоглолтын завсарлагаанаар эмэгтэй гурван онооны шидэлтийн тэмцээн болсон. Шилдэг шидэгчдийн өрсөлдөөний финалд Э.Чимэддолгор болон Б.Алтмаа нар тунаж, мөн л тэнцүү өрсөлдөж, нэмэлт үе гарав. Нэмэлт үед Э.Чимэддолгор голын цэгээс алдахаа үл мэдэн шидэж, 2023 оны бүх оддын шидэлтийн тэмцээний аварга гэсэн эрхэм цолны эзэн болсон юм.

Үүний дараа ур чадварын тэмцээн ах, эгч дүүс, легионер тамирчдын дунд өрнөсөн. Дээд лигт тоглодог ах, эгч дүүс дөрвөн баг болон тэдэн дээр легионерууд нэмэгдсэн. Эхний шатнаас Б.Билгүүн болон Г.Ган-Эрдэнийн ах дүүс хасагдсан. Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцоогүй бөгөөд түүнийг орлож хамгийн бага дүү нь болох Г.Бат-Эрдэнэ талбайд гарсан. Финалд О.Энхбаатар, О.Хулан, Жорж Уиллиамс болон Г.Минжин, Г.Булган, Стив Вүүтэн Жуниор гэсэн хоёр баг үлдэж, улмаар О.Энхбаатарын баг түрүүлсэн юм.

Ур чадварын тэмцээний дараа холимог оддын тэмцээн эхэлж, Монголын урлаг, спорт, бизнесийн салбарын төлөөлөгчид сагсан бөмбөгөөр талбайд өрсөлдөв. Тоглолтын сүүлийн мөчид гал гарсан өрсөлдөөн гарсан бөгөөд “Улаан” баг хоёр дараалсан алсын зайн шидэлтийг гүйцэтгэж, тооны харьцааг тэнцүүлэн нэмэлт үе гарсан. Нэмэлт үеийн төгсгөлд мөн алсын зайн шидэлтийг “Улаан” баг гүйцэтгэснээр ялалт байгуулсан юм. Тус холимог оддын тоглолтын шилдгээр олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг тодров.

Холимог оддын их завсарлагаанаар энэ өдрийн хамгийн хүлээлттэй арга хэмжээ болох тохолтын тэмцээн шилдгээ тодруулсан. Б.Бишрэлт, Г.Лхагвацэнд, Жаррон Крамп, Даррель Саммерс гэсэн нисэгчид дүүлснээс шигшээд Г.Лхагвацэнд, Даррель Саммерс нар шүүгчдээс авсан оноогоороо үлдэж, эцэст нь Даррель Саммерс цомын эзэн болсон.

Тамирчид олон сонирхолтой тохолтыг толилуулснаас Жаррон Крампын Монголын далбаатай, Г.Лхагвацэндийн “бүүвэй”, Б.Бишрэлтийн найз Б.Сүхбатаа давж үсэрсэн, Даррель Саммерсын Винсанитиг санагдуулам тохолтууд үзүүштэй байлаа.

Нисгэгчдийн тулааны араас мэргэн буучдын өрсөлдөөн үзэгчдийг баясгав. Лигийн шилдгүүдийн тулааны финалд өнөө цагийн Монголын сорууд болох үндэсний шидэлтийн аварга Б.Мөнхболд, лигийн шидэлтийн гурван удаагийн аварга Ц.Азбаяр нар үлдэж, үзэгчид, Монголын сагсан бөмбөг сонирхогчид удаан хүсэн хүлээсэн тулаанаа сонирхов. Хоёр мэргэн буучийн гайхалтай шидэлтүүд цагирагны торыг шатаах дөхөж, ялагчаар Ц.Азбаяр шалгарав. Багийн дээрээс өгсөн даалгаврын дагуу энэхүү тэмцээнд оролцсон түүний хувьд энэ тэмцээнд түрүүлж, хүүдээ хэн болохоо харуулахыг хүссэн гэх утгатай үг ордонд цугласан үзэгчдийг огшоож, халуун алга ташилтаар хучуулав.

Ийнхүү арга хэмжээний төгсгөлд энэ өдрийн оргил арга хэмжээ болох бүх оддын тоглолт болж, Монголын оддын эсрэг легионерууд хүч үзлээ. Дөрвөн үе дээр, доороо орсон халуухан, өрсөлдөөнтэй тоглолтын ялагч сүүлийн минутад тодорч, Т.Санчир тооны харьцааг тэнцүүлэх боломжоо алдаж, энэ жил легионерууд ялалт байгуулсан. Тоглолтын шилдгээр Налайх Бизон багийн Жорж Уиллиас тодорч, үзэгчид түүнийг “MVP” хэмээн ордон дүүрэн уухайлж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Дээд лигийн жинхэнэ өрсөлдөөн гуравдугаар сард эхэлж, аварга баг тодорно. Тэр болтол түр баяртай. Дашрамд сонирхуулахад, Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд хоёрдугаар сарын 24-нөөс “UG” аренад болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж