Монгол уранаа олборлож, боловсруулах бүрэн боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Монгол уранаа олборлож, боловсруулах бүрэн боломжтой болжээ

Монгол уранаа олборлож, боловсруулах бүрэн боломжтой болжээ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын 13 орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажил илрүүлсэн байдаг. АМГТГ-аас 2022 оны зургадугаар сарын байдлаар авсан мэдээллээр Монгол Улсад ураны 13 ордын хэмжээнд 192,241.02 тонн геологийн нөөц бүртгэн авчээ. Нийт нөөцийн 67 хувь нь газрын доор уусган олборлож (ГДУО) ашиглахад тохиромжтой аж.

Монгол Улсын хэмжээнд өдгөө 4 аймгийн 10 сумын нутагт нийт 132.7 мянган гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр хайгуулын 5, ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг 7 аж ахуйн нэгж эзэмшиж байна.

Эрдэсийн хайгуул, олборлолтод цөмийн технологийг түлхүү хэрэглэж буй. МУИС-ийн Төв номын санд өнгөрсөн Баасан гаригт “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх цөмийн технологийн оролцоо, хэрэглээ” сэдэвт уулзалт болсон. Монголд цөмийн технологийн ашиглалт, хэрэглээгээр хавдар судлал, цөмийн онош зүй зэрэг эрүүл мэндийн салбар тэргүүлж, дараа нь ургамал, газар тариалан, мал аж ахуйд хэрэглэх байдлаар ХАА, байгаль орчин, эрчим хүчний салбар орж буй. Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав “Малын тэжээлээс эхлээд улаанбуудай, цагаан будаа зэрэгт ургамал селекцийн аргаар шинэ сорт гарган авахад цөмийн технологийг өргөн хэрэглэх байдлаар улс ардын аж ахуйн салбаруудад түгээмэл ашигладаг. Одоо энэ бүхнийг судалгаа, мэдээллийн нэгдсэн нэг бааз суурьтай болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна” гэж онцолсон юм.

Тэрбээр “Монгол Улс нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй хэдий ч олон улсын чиг хандлагатай уялдан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, цэвэр эрчим хүчний технологийн нэг хувилбар болох цөмийн эрчим хүчний технологийг авч үзэж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлах хэрэгтэй” гэв.

Монгол Улс өдгөө мэргэжлийн боловсон хүчинтэй ч эрчим хүч-энергийн хомсдолтой орон хэвээр байна.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Монголын Цөм, цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Бямбажаргал цөмийн технологийн хэрэглээгээр хошуучилж байх учиртай боловсрол, шинжлэх ухааны салбар дөрөвдүгээрт яваа нь чамлалттайг хэлсэн. Гэвч тэрбээр үйлдвэрлэл, аж ахуйн хэрэглээний хувьд ураны нөөцтэй орны хувьд Атомын цахилгаан станц барих, уранаа олборлоод боловсруулах бүрэн боломж бүрдсэнийг онцолсон юм.

Л.Бямбажаргалын хэлснээр, Монгол Улс хуучнаар хавдарын “Цацраг туяа”-ны гэгдэх эмнэлэгтэй болж, анхны рентген зураг авахаас эхлээд цөмийн технологийг хэрэглээд 60 жил болж буй юм. Мөн Монгол Улс Дубна дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг үүсгэн байгуулагч орнуудын нэг болохыг тэрбээр онцолсон юм. Улмаар Монгол Улс Европын цөмийн судалгааны төв, Олон улсын цөмийн энергийн агентлаг, БНХАУ-ын Цөмийн судалгааны төв зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж буйг дурдав.

Монгол-Францын хамтарсан, Дорноговийн Зөөвч-Овоо орд дахь “Бадрах Энержи” компанийн төслийн хувьд үйлдвэрийн туршилтын үйл ажиллагаа нь дуусчээ. Тус компанийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгор “Үйлдвэр байгаль орчинд нөлөө бага, газрын доор ураныг уусган олборлох экологийн цэвэр технологи ашиглаж байна. Тодруулбал, бага агуулгатай, нэг тонндоо 200 гр хүртэлх ураныг элсэн чулуунд уусгасан байдлаар тунамал ордыг олборлох боломжтойг Монголд харууллаа” гэв.

Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнд төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. Улмаар түүнийгээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд энэ оны II улиралд танилцуулж, төсөл дараагийн шат болох үндсэн орд руу ороход бэлэн болжээ.

Үндсэн олборлолтыг эхлэхийн өмнө Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх бөгөөд гэрээний саналаа удахгүй танилцуулах юм байна. Энэхүү төсөл Францын талын 66, Монгол Улсын 34 хувийн эзэмшилтэй хэрэгжин, Цөмийн энергийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж байгаа аж.

НЭГ ФУНТ УРАНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ 50.52 ДОЛЛАР БАЙНА

Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA)-ээс гаргасан “Цөмийн түлшний тайлан:

2021-2040 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн дэлхийн хувилбарууд”-д ирэх 20 жилд цөмийн үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 2.6 хувиар өсч, 2040 онд 615ГВт болох төлөвтэй байна. Эдгээр реакторуудын түлшинд 2021 онд 62,500 тонн уран байсан бол 2030 онд ойролцоогоор 79,400 тонн уран шаардлагатай, 2040 онд 112,300 тонн уранд хүрэх төлөвтэй байна. Ураны үнийг өсгөх зорилгоор ураны томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, мөн ковид-19 цар тахлын улмаас нийлүүлэлт саарч, 2020 оноос ураны үнэ өсч эхэлсэн.

Казахстаны "Казатомпром", Канадын "Камеко" зэрэг томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ танаж, "Sprott Physical Uranium Trust" сангууд үүсгэн байгуулагдсаны дараа ураны үнэ огцом өссөн юм. 2021 оны есдүгээр сард түүхэн өсөлт болж, 1 фунт нь 50 ам.долларт хүрсэн бөгөөд арван жил орчим үргэлжилсэн уналтын дараа 2021 онд ураны үнэ тодорхой хэмжээгээр эерэг үзүүлэлттэй байв. 2022 гарснаас хойш Казахстаны дотоодын үймээн болон ОХУ, Украйны асуудалтай холбоотойгоор Европын холбоо ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоох шийдвэр гаргасан. Мөн АНУ ОХУ-аас цөмийн түлш импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Конгрессын танхим болон Сенатад өргөн барьсны дараа ураны зах зээлийн үнэ 2022 оны дөрөвдүгээр сард 2011 оны Фукушимагийн ослоос хойшхи хамгийн өндөр түвшин буюу 1 фунт нь 64.5 ам.долларт хүрсэн.

Улс орнууд нүүрстөрөгчийн төвийг сахисан болон ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн тээвэрлэлтийг хязгаарласнаас үүдэж цөмийн түлшний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үнэ аль хэдийн өссөөр байна. Түүнчлэн ОХУ-аас цөмийн түлш авахыг хориглосон нь барууны орнуудын уран хувиргагч, баяжуулагчийн эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь баяжуулах үйлдвэрүүдийн одоогийн хүчин чадлаас давжээ.

2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 1 фунт ураны зах зээлийн үнэ 50.52 ам.доллар байна.

Дээрх нөөцийн 95 хувь нь зурагт харуулсан 15 оронд ногдож буй бөгөөд үлдэх 5 хувь нь дэлхийн 22 улсад ногддог. Монгол Улсын ураны нөөц дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж