"Нэг намын ноёрхол тогтохоор нийгэмд алдаа зааж эхэлсэн"

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

"Нэг намын ноёрхол тогтохоор нийгэмд алдаа зааж эхэлсэн"

"Нэг намын ноёрхол тогтохоор нийгэмд алдаа зааж эхэлсэн"

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, хуульч С.Эрдэнэболдтой АН-ын асуудлаар ярилцлаа.


-Улсын дээд шүүх /УДШ/ АН-ын даргаар Л.Гантөмөрийг батламжиллаа. Гэтэл С.Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд хандана гэсэн байна лээ?

-Хоёрдугаар сарын 9-ны 18.52 цагт Улсын дээд шүүхийн цахим хуудаснаа албан ёсны мэдээ гарсан. Өөрөөр хэлбэл, Арчдилсан нам УДШ-д бүртгэлтэй  даргатай, тэр албан ёсны бүртгэлтэй дарга нь Л.Гантөмөр. Нэгэнт дээд шүүхэд бүртгэлтэй, даргатай учраас Ардчилсна нам хуулийн дагуу явна.

-Л.Гантөмөр АН-ынхны хүсч, хүлээж байсан дарга яг мөн үү. Өнгөрсөн хугацаанд танай нам бараг тарах шахлаа шүү дээ. Тиймээс гишүүдээ нэгтгэж, хагарлын биш эвлэрлийн цэг байж чадах болов уу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эвлэрлийн ажлын хэсэг талуудын төлөөллийг багтаасан 39 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Үүнээс гадна ахиад 39 хүний бүрэлдэхүүнтэй саналын эрхтэй зөвлөх гээд нийлээд 78 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр сар шахуу ажиллалаа. Энэ хүрээнд маргаантай байгаа талуудыг урьж оролцуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Батсуурь гишүүн ажиллахдаа дээрх нэр дурдсан хүмүүстэй хэд хэдэн удаа уулзалтыг тус бүрт нь хийсэн. Мөн өөрсдийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга гэж зарлаж буй хүмүүстэй хоёр ч удаагийн уулзалтыг хийж байр сууриа танилцуулсан. Ингэхдээ, АН одоо толхилцож байх цаг биш, нийгэм улс төрийн асуудал хэцүү, ард түмний амьдрал хэцүүдэж, ядуурал газар авч, засаглаж буй эрх баригчид иргэд олон нийтийн дэмжлэгийг авч санаанд хүртэл ажиллаж чадахгүй байгаа учраас АН, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг бодож наад зах нь сөрөг хүчний ажлаа, цаашлаад засаглах чадвартай институцийн ажлаа тасралтгүй явуулах ёстой. Энэ үйл хэрэгт хамтарч ажиллах саналаа албан ёсоор тавьсан. Тамга, даргын асуудлаас болж хоёр жил АН маргаантай явсан нь гишүүдийн буруу биш юм. Тодорхой хэмжээнд барьцаалагдсан, улс төрийн нөлөөллөөс үүдэж бид ойлгомжгүй байдалтай байлаа. Энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн учраас маш хурдтай цэгцрэх шаардлагатай. Гэхдээ энэ хугацаанд АН-ын гишүүд зүгээр суугаагүй.

Чөлөөт нийгэм, ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэм мөн л юм бол сөрөг хүчний дуу хоолой инстуцийн журмаар гарч байх ёстой.

УИХ-ын бүлгийн гишүүд санал нэгдэж, энэ ажлын хэсэгт орж ажилласан. Цаашдаа АН-ыг шинээр эмхлэн байгуулах тухай биш, ойлголцлыг яаралтай хийж, талуудын оролцоог хангаж, хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх өдрүүд АН-д ирж байна.

-Намын дэргэдэх байгууллагуудыг шинэчлэх үү?

-Намын дэргэдэх дөрвөн бүтцийн байгууллага бий. АН-ын ахмадын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо буюу тус бүрдээ түүхтэй, хүчирхэг институциуд юм. Энэ нь төв нам буюу үндсэн намын асуудал шийдэгдтэл хойшлоод яваад байсан. Одоо нам даргатай болж, намын үйл ажиллагаа цэгцэрч байгаа учраас намын дэргэдэх байгууллагууд ч ойрын хугацаанд дүрмийн дагуу сонгуулиа хийж, шинэ удирдлагуудаа томилох ёстой.

-АН цаашдаа хагарч, талцахгүй байж чадах уу. АН-ын хагарал бол нэг хүн дээр хэт эрх мэдэл төвлөрсөнтэй холбоотой байх?

-Зөвхөн АН-д биш, Монголд Үндсэн хуулийн хямралын гол шалтгаан нь онолын хүрээнд “check and balance” буюу засаглалын тэнцвэртэй байдал алдагдсан. Тиймээс нэг хүн дээр эрх мэдэл төвлөрдөг биш намд байгаа улс төрийн зөвлөл, ҮБХ, намын анхан шат, дунд шатны нэгжүүдэд эрх мэдэл тодорхой хэмжээнд хуваарилагдаж байх ёстой. Хэн нэгэн хүний дур зоргоор бусад хүмүүсийн буюу олон нийтийн ашиг сонирхол дээр гишгэж болохгүй гэсэн зарчмаар явна.

-Танай намынхан хоёр жил талцсан алдаан дээрээсээ суралцаж байгаа юм байна…

-Тийм. Амьдрал бол сургамж, сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг шиг өнгөрсөн хоёр жил гаруйн АН-ын ойлгомжгүй байдал маш их ухаарлыг өглөө. Бид баруун төвийн нам учраас халамжийг хавтгайруулдаггүй, бизнес эрхэлж буй, дундаж давхаргын эрх ашгийг дэмжсэн эрх зүйн орчин ямар чухал вэ гэдгийг мэдэрсэн. Үүнийг зөвхөн АН биш ард түмэн нийтээрээ мэдэрч байгаа.

Үндсэндээ нэг намын ноёрхол тогтож, хоёр сонгууль дараалаад үнэмлэхүй ялчихаар нөгөө талд нь алдаа зааж эхэлж байна. Тиймээс чөлөөт нийгмийн үзэл санааны хамгийн чухал зүйл нь бие биенийгээ шалгаж цагдахдаа биш, харилцан хяналттай байдаг тогтолцоо хэрэгтэй.

Энэ хяналт алдагдсан учраас хүмүүс төрд итгэх итгэлгүй болсон. Та анзаарч байсан бол 2020 онд сонгуулийн дараа ikon.mn сайтад сонгуульд ялагдсан нэр дэвшигчид ялсан хүмүүсээс илүү их мөнгө зарцуулсан гэсэн судалгаа гарч байсан. Тиймээс мөнгөөр хүмүүсийн саналыг худалдан авдаг байдлыг бид таслан зогсоох ёстой. Үүн шиг АН-д үүсээд байсан асуудлыг гишүүд арьсан дээрээ мэдэрсэн учраас хамтын удирдлагын тогтолцооны зарчмаар явахаас өөр арга байхгүй.

"ПАРЛАМЕНТАД ЁСЫГ БЭХЖҮҮЛНЭ ГЭДЭГ МОНГОЛ УЛСЫН ДАРХЛАА ЮМ"

-МАН залуу үеэ сайн бэлддэг. Харин  залуу үеэ бэлдэхэд учир дутагдалтай санагддаг?

-Үндсэн хуульд нас хүйс, нийгмийн гарал, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглодог. Аливаа юманд хохирол учруулдаг зүйл бол туйлшрал. Нэгдүгээрт, хүнийг нас хүйс гэхээс нь илүү ямар итгэл үнэмшлээр ажиллах юм, нийтийн албан тушаалтан болж сонгогдон томилогдвол татвар төлөгч иргэдийнхээ төлөө хэрхэн яаж ажиллах юм бэ гэдэг нь хамгийн эхний шалгуур. Тэгэхгүйгээр зөвхөн залуу гэдэг шалгуураар сайн, настай гэдгээр нь илүү туршлагатай гэсэн хөнгөмсөг байдлыг бид гаргаж болохгүй. Тиймээс ахмад үе, залуу үе, эмэгтэйчүүдийн оролцоо нь АН-ын оролцоо байх ёстой бөгөөд ард түмний дэмжлэгийг авах оролцоо байна. Түүнээс биш аль нэг улс төрийн нам, тэдэн оны дэд сайдтай гэдэг нь харьцангуй ойлголт юм. Туйлшралаас аль болох ангид байх ёстой.

Мэдээж, залуучуудыг улс төрийн шийдвэр гаргах түвшинд бэлдэнэ гэдэг хүний нөөцийн гол түлхүүр зүйл. Үүнд АН хүчтэй ажиллах байх.

-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. АН одоо хүчтэй сөрөг хүчин байж чадах уу?

-Улс төрийн нам ард түмнийхээ саналыг авч, сонгуульд ялалт байгуулж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх нь зорилго нь байдаг. АН-ын одоогийн зорилго бол сөрөг хүчин гэхээс илүүтэй бид 2024 оны сонгуульд ялалт байгуулах ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байна. Мэдээж сөрөг хүчин болохоор ард түмний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой.

-Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаа мэдэгдсэн. Хуульч, судлаачийн нүдээр харахад, энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчилж, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

-Үндсэн хууль бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимид багшийн хэлдгээр алганд багтсан Монгол Улс. Монгол Улсын хуульт ёс, цаашлаад шударга ёсны тод илэрхийлэл бол Үндсэн хууль. Үндсэн хуулиар иргэд өөрийн байр сууриа илэрхийлэх, хүн бүр өөрсдийн бодлыг илэрхийлэх эрхтэй. Гэхдээ, Үндсэн хуулиар улс төрийн атгаг зорилгоо хангахын тулд буюу илүү их эрх мэдэлтэй үлдэх хийгээд, эрх мэдэлтэй болохын тулд юм бүхнийг Үндсэн хууль руу чихдэг үзэгдлээс бид татгалзах хэрэгтэй. Ялангуяа мэргэжлийн хуульчид, Үндсэн хууль судлаачид энэ чиглэлд маш онцгой ханддаг байх ёстой. Үндсэн хуулийн гол зүйл бол эрх мэдлийн хуваарилалт. Бидний хэлдгээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал харилцан бие биеэ тэнцвэртэйгээр хянадаг байж хэн нэгэн хүний дур зоргоор хуулийн дээгүүр гишгэдэг байх ёсгүй. Парламентад ёсыг бэхжүүлнэ гэдэг Монгол Улсын дархлаа юм. Парламентын гишүүний нэр муу байна гэдэг нь шууд утгаараа парламентад ёсыг үгүйсгэх тархи угаалт явагдаад байгаа юм. Парламентын гишүүд ямар ч хүн байж болоод байна. Гэтэл тэр хүмүүсийн үйлдсэн хэрэг, төвөг дуулиан шуугианд орж буй байдлаар нь парламентад ёс, парламентын засаглал руу нулимдаг үзэгдэл гараад байгаа юм.

Бид парламентын засаглалыг бэхжүүлэн хамгаалах нь Монгол Улсын хийгээд АН-ын үнэ цэн юм.

Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо буюу хэн мөнгөтэй нь ялалт байгуулах нь учир дутагдалтай. Нөгөө талаасаа холимог тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Мэдлэг, боловсролтой, чин сэтгэлээсээ эх орноо хайрладаг, энэ улсад шударга ёс тогтоохыг хүсч байгаа хүмүүсийг ямар нэгэн ялгаварлалгүйгээр хууль тогтоох байгууллага оруулахад пропорциональ тогтолцоо ач тусаа өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж