Гачууртын шар хоолойн аманд "Монгол Жангүм" нэрийн дэлгүүр байрлах аж. Дэлгүүрт нь ааруул, өрөмнөөс эхлээд тавгын идээ, шар тос зэргийг худалдаалж байв. Түүнийг А.Одончимэг гэдэг. Гэхдээ эцэг эхээс нь өгсөн нэрээрээ биш сошиал танигдсан "Монгол Жангүм"-аараа тэрбээр олны танил болсон. Сар шинийн баярын ширээ засах багцын захиалга авч, зав чөлөөгүй ажиллаж буйгаа "Жангүм" ярилаа. Захиалагчид нь зөвхөн түүний гарын жороор бүтсэн эко бүтээгдэхүүнийг Гачууртад байдаг мухлагаас нь авахын тулд тээршаалгүй ирдэг аж. Учир нь тэр хүргэлтийн үйлчилгээ хийдэггүй гэв.
ХОТЫН БҮТЭЭГДЭХҮҮН БҮГД ХОЛЬЦТОЙ УЧИР ХӨВСГӨЛИЙН ТАЙГААС МАХ, СҮҮГЭЭ АВДАГ
Цагаан сар хаяанд ирсэн тул амсхийх ч завгүй тэрбээр ажиллаж байв. Яваандаа дэлгүүрээ өргөжүүлж, сүлжээ болгохыг мөрөөдөг гэв. "Жангүм" дэлгүүрээ нээгээд хоёр жил болсон ч хэрэглэгчдийнх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ дэлгүүрийг нь зорин ирэх хүмүүс цөөнгүй. Мухлаг нь хотоос зайдуу ч хэрэглэгчид гадаа нь дугаарлаж байгаад үйлчлүүлдэг аж.
Хэдийгээр зах, дэлгүүрүүдэд цагаан идээ зардаг ч ихэвчлэн гурилын хольцтой байх нь бий. Гаднаас нь хараад танихгүй ч удахаараа хольцтой ааруул, идээ илтэд мэдэгддэг. Иймээс хольцгүй цагаан идээ авахын тулд "Монгол Жангүм"-ыг зорьцгоодог бололтой.
"Би шинэ зүйл огт санаачлаагүй. Зүгээр л цагаан идээг эко байдлаар нь хэрэглэгчдэд хүргэдэг. Зөвхөн амралтын өдрүүдэд миний гарын хоол, цагаан идээг авахаар 200-300 хүн ирж үйлчлүүлдэг: Covid-19-өөс шалтгаалж орц найрлагад шаардлагатай бүтээгдэхүүний үнэ өсч, мөн сав баглаа боодлын үнэ их нэмэгдсэн. Гэхдээ цагаан идээнийхээ үнийг нэмээгүй. Харин ч төрлөө нэмж, өнгө үзэмж тал дээр анхаарч, сав баглааны хувьд ч сонголт ихтэй болгосон” гэж А.Одончимэг ярилаа.
Улаанбаатарт зарагдаж байгаа нэг килограмм шар тос 25-30 мянган төгрөгийн хооронд байдаг бол А.Одончимэгийн зарж буй цэвэр шар тос 1.2 килограмм нь 45 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цагаан идээ боловсруулахад цаг хугацаад хөдөлмөр их шаардагддаг аж. Нэг кг шар тос гаргахад гурван тогоо сүү хөөрүүлж боловсруулдаг. Өнгө, үнэр, амт чанар гээд ярих зүйлгүй сайхан байдаг болохыг хэрэглэгчид нь мөн хэлж байлаа. Тиймээс өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг нь үргэлж талархсан сэтгэгдэл, урмын үг дагадаг байна. Захиалга ихтэй өвлийн улиралд А.Одончимэг бүтээгдэхүүн их гаргахыг зорьдог боловч сүүний олдоц бага. Хэрэв хольцтой сүү авчихвал хөөрүүлэхэд өрөм тогтохгүй, тараг маш шингэн болох зэрэг асуудал гардаг байна.
“Монгол Жангүм” Хөвсгөлийн улаан тайга, Баянхонгорын Эрдэнэцогтын хангайгаас бүх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг татаж авдаг. Долоо хоногт 150-200 литр сүү боловсруулж цагаан идээ гаргадаг аж.
“Монгол Жангүм”-ийн цагаан идээний нэг онцлог бол 100 хувь сарлагийн сүүгээр хийдэг. Учир нь сарлаг хүний хөл гараагүй газар явж идээшилдэг хамгийн цэвэр мал гэдгийг ч тэрбээр сонирхуулав.
“САР ШИНИЙН ЗАХИАЛГЫГ СҮҮЛИЙН 20 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЖ БАЙНА”
“Монгол Жангүм” Баянхонгор аймгийн Шаргалжуутынх. Залуугаасаа цагаан сараар хүмүүсээс захиалга авч цагаан идээг нь боловсруулж өгдөг байжээ. Хорин жилийн хөдөлмөр нь түүний бизнес болтлоо өргөжсөн байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үг бий. Энэ үгийг тэр хэлэх дуртай.
"Цагаан сар бол их бэлгэдэлтэй баяр. Ялангуяа ширээ засах соёл тухайн жилийн өнгийг тодорхойлдог. Тиймээс өргөн дэлгэр биш ч гэсэн бэлгэдлийн хувьд залуу хүмүүс ширээ засч ёсолдог нь учиртай.
Манай гэр бүлийн хувьд болон захиалагчид маань дэлгүүрийн ул боов авах дургүй. Бид хавсай буюу уламжлалт зүсмэлээр идээ засдаг. Өрөм, чихэр, сүүгээр гурилаа зуурч шар тосонд хайрч боовоо гаргадаг. Ажиллагаа их нарийн бөгөөд маш их нухаж байж сайхан амттай болдог.
Цагаан сарын дараа идэхэд шим тэжээлээ алдахгүй бөгөөд хатна гэсэн ойлголт байхгүй. Миний хамгийн сайн туслагч бол хань минь. Нөхөр бид хоёр бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг. Болдог бол ирэх жилүүдэд төхөөрөмжүүд нэмж аваад дэлгүүрээ томосгож эко бүтээгдэхүүнээ бүр олон хүнд хүргэхийг зорьж байна. Гэхдээ цагаан идээг боловсруулж хэрэглэгчийн гарт хүргэхэд хугацаа их шаарддаг хэрнээ ашиг багатай. Тиймээс ашиг гэхээс илүү хийж байгаагаасаа жаргал мэдэрч ажиллахыг чухалчилдаг" гэлээ.
Түүний хувьд тавгийн идээг энэ жил гурван төрлийн сонголттой гаргасан бөгөөд хамгийн их гүйлгээтэй нь залуучуудад зориулсан багц байна.
150 мянган төгрөгийн багцад нийт есөн ширхэг дундын хавсай, тавгийн суурь еэвэн, сарлагийн шар сүүний чихэр, идээний оройд тавих шар тос, давсан туулай зэрэг багтжээ. Үүнээс гадна том идээ болоод бурхны идээ ч гаргасан байна. Өнгөрсөн жилүүдэд А.Одончимэг 100-150 айлын захиалга авдаг байсан бол энэ жил нийт 50 айлын цагаан сарын багцын захиалга авчээ.
Тус багцад тавгийн идээнээс гадна ааруул, сүү, бууз, ууц зэрэг бүгд багтсан байна. Сарын өмнө захиалгаа авсан бөгөөд хүмүүс их холбогдож байгаа ч одоо дөхсөн учир нэмэлт захиалга авахгүй гэсэн юм.
ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ОЛСОН АШГАА ӨРӨӨЛД ЗОРИУЛАХЫГ ЧУХАЛЧИЛДАГ
Жангүмаар бүх насныхан үйлчлүүлдэг. Тэр дундаа аажилттай хүүхдүүд түүний байнгын үйлчлүүлэгчид гэхэд болно. Учир нь тэрбээр цагаан идээгээ зүгээр нэг боловсруулах бус хүүхдийн сонирхол татахаар, хэл, булчинг нь хөгжүүлэхэд хүртэл анхаарч үйлдвэрлэдэг байна. Мөн нялх биетэй эхчүүдэд зориулж кальци, уургаар баялаг бүтээгдэхүүнийг ч их үйлдвэрлэдэг аж.
Тухайлбал, аарцаа жимсээр өнгө оруулж зайрмаг хийхээс гадна, витамин С, зөгийн балаар амталж ааруулаа олон төрлөөр гаргадаг байна.
Жангүмийн хамгийн их ажиллагаа шаарддаг бүтээгдэхүүн нь ааруул. Өвөл гадаа гаргахаар хөлддөг учир гэртээ гал түлээд ааруулаа хатаадаг байна. Ойролцоогоор 6-7 хоног болж байж 10-20 кг ааруул гаргаж авдаг учир цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг гэлээ. Үүнээс гадна Жангүмд хэд хэдэн дүрэм баримтална. Өөрийн үйлчлүүлэгч ээжүүддээ төрөхөд нярайд нь баривч бэлэглэх, улирал тутамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр өгөх, сайн үйлсийн аянд нэгдэх гээд олсон ашгаараа бусдад сайн сайхныг түгээхийг эрмэлдэг аж.
Угтах, үдэх түүний соёл хэрэглэгч, захиалагчид нь дахиж очих хүслийг төрүүлдэг гэдгийг ч хэлж байлаа. Одоо тэрбээр цагаан сарын захиалгаа хийж дуусгаад захиалагчдынхаа гар дээр хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Мөн энэ сар шинээр олсон орлогоосоо Турк улс руу гэр авч явуулах төлөвлөгөөгөө биелүүлээд эмнэлэгт хэвтэнэ гэдгээ хэлж байв. Ийн үндэсний бүтээгдэхүүнээр өөрийн онцлог брэндийг бүтээсэн хөдөлмөрч, тусч, найрсаг зантай түүнийг танихгүй хүн ховор гэхэд хилсдэхгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ