Улс төр, эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилсний эцэст Молдавын засгийн газар нуран унаж, ерөнхий сайд нь өчигдөр /2023.02.10/ огцорлоо. Ерөнхий сайд Наталья Гаврилита нь Европын холбоог дэмжигч, барууны үзэлтэн юм. Хөрш зэргэлдээ Украинд дайн ид үргэлжилж буй тул Молдав улс инфляци, эрчим хүчний үнийн өсөлт, дүрвэгсдийн урсгал, Оросын түрэмгийлэл гээд олон асуудалтай нүүр тулсан.
“Европын хамгийн ядуу орон олон хямралтай тэмцэж байна. 2021 онд засгийн газар сонгогдох үед ийм олон хямралын зохицуулах шаардлагатай болно гэж хэн ч төсөөлөөгүй. Авлигын схем бүх байгууллагад үйлчилж, олигархиудад халдашгүй мэт санагдсан тэр үед би сонгогдсон. Бид эрчим хүчний шантаажтай тулгарсан” гэж Наталья Гаврилита огцрохдоо мэдэгдсэн юм.
ОХУ-ын пуужингууд өчигдөр Молдавын агаарын орон зайд нэвтэрсэн. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Гаврилита огцрох мэдэгдлээ хийжээ.
Молдав улс нь Украинтай 1222 км хиллэдэг. Тус улс Оросын түрэмгийллийн үр дагаврыг багагүй амссан бөгөөд дайнд тун ойрхон байгаа юм. Оросын байгалийн хийгээс 100 хувь хамааралтай байсан Молдавт эрчим хүчний хямрал үүссэнээр инфляци өсч, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүссэн.
Ийм олон хямралын үед улс орноо удирдахын тулд асар их хүчин чармайлт гаргасан Гаврилитад ерөнхийлөгч Майя Санду талархал илэрхийлжээ. Тэрбээр дараагийн ерөнхий сайдаар Батлан хамгаалахын зөвлөх асан Дорин Ричеаныг нэр дэвшүүлсэн байна. Ирэх долоо хоногт Молдавын парламент санал хураалт явуулах аж.
“ОХУ-ын дараагийн төлөвлөгөө бол Молдавыг устгах” гэж Украины ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригт анхааруулсан. Молдавын тагнуулын алба ч бас төрийг сүйрүүлж, тогтворгүй болгох, нийгмийн хэв журмыг зөрчих зорилготой хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлснээ зарласан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ