“ОХУ-ын хөлсний цэргийн “Вагнер” бүлэг хоригдол элсүүлэх ажлыг бүрэн зогсоосон” гэж Евгений Пригожин мэдэгдлээ. Бүлгийн тэргүүн Пригожин ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа хэлээгүй ч ажиглагчдын таамаглаж буй хэд хэдэн үндэслэл бий. Оросын шоронгуудад байгаа хоригдлуудын тоо цөөрсөн, Батлан хамгаалах яам хөндлөнгөөс оролцсон эсвэл Пригожин санхүүжилтгүй болсон зэрэг шалтгааныг энд дурдаж болно.
Орон даяарх шоронгуудаас 50 мянга орчим хоригдлыг “Вагнер” бүлэгт элсүүлсэн. Тиймээс хоригдлуудын тоо цөөрсөн байж болзошгүй гэж үзэж байна. ОХУ-ын саяхан гаргасан тоо баримтаас харахад 2022 оны 9-10 дугаар сарын хооронд хоригдлуудын тоо 23 мянгаар буурсан бол 2022 оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд 6000-аар буурсан байна.
“CNN” агентлаг шоронгоос дайчлагдсан хоёр ялтантай ярилцжээ. Тэдний хэлснээр ялаа эдэлж дуусахад хэдхэн хоног үлдсэн байсан хоригдлууд хүртэл Пригожинтой уулзсаныхаа дараа бүлэгт бүртгүүлсэн аж. Пригожин хоригдлуудад цалин хөлс, тэтгэмж өгнө гэж хэлсэн. Мөн тэдний гэмт хэргийн бүртгэлийг арилгана гэж амлажээ. Хоригдлуудыг фронт руу явахгүй бол шинээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж хүртэл сүрдүүлсэн байна.
Түүнчлэн “Вагнер”-ын зургаан сарын гэрээгээ дуусгасан хоригдлуудын туршлага нь бусад хоригдлын нэгдэх үйл явцад саад болсон байж болзошгүй. Эх орондоо буцаж ирсэн хоригдлууд дайны талбарт асар их хохирол амссан тухайгаа ярьж, довтлохоос татгалзсан дайчдыг командлагчид шууд цаазалсан тухай ярьсан аж.
Эх сурвалж: CNN