Түгжрэлтэй тэмцэхийн тулд хот Таван шарын уулзвараас-Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээнд хашлага тавьж, тусгаарлахаар болжээ.
Түгжрэлийг сааруулах зорилгоор өнгөрсөн өвлөөс эхлэн дээрх чиглэлийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслүүдийг зорчуулдаг болсон юм. Хэрвээ журмыг зөрчвөл торгуулна. Гэвч энэхүү журам дүрэм зөрчдөг танхай жолооч нарт үйлчилдэггүйгээс болов уу, эсвэл нэг мэргэн түргэн дарга нь хашлага барихаар түгжрэл саарна гэж бодсон уу, нэгдүгээр эгнээг хашлагажуулах ажлыг хагас жилд багтаан хийхээр болжээ.
Гурван жилийн өмнө буюу 2019 онд нийслэл Улаанбаатар хотын төв хэсгийн авто замыг хашлагажуулах ажил хийж, 4820 метр шар хайс тавьсан юм. Энэхүү хайсанд 800 сая төгрөг зарцуулсан. Гэвч ширүүн салхитай бороог даалгүй нурж унан, иргэдийн автомашиныг ч эвдэлснээр хот Хятад улсаас импортолсон хайсыг буцаан татсан. Түүн шиг ажил болж бусдыг хохироох вий дээ.
Нөгөө талаар хот өнгөрсөн жилийн намар л "Хашлага орчныг муухай харагдуулж байна" гээд л хашаа, хашлагыг буулгаж нураагаад байсан ч буцаагаад нийслэлийг хашлагажуулах ажил удахгүй эхлэх нь ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ