АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо энэ сарын эхээр Covid-19-ийн тусламжийн сангаас олон тэрбум ам.доллар шамшигдуулсан хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Тодруулбал, Covid-19-ийн хөл хорионы улмаас хүнд байдалд орсон жижиг бизнес эрхлэгчдэд хүрэх ёстой байсан 5.5 тэрбум ам.доллар зорилтот эзэндээ хүрээгүй болох нь нэгдүгээр сарын 29-нд тодорхой болсон юм. Цар тахлын тусламжийн хөтөлбөрөөс буцалтгүй тусламж авах өргөдөл гаргахын тулд 70 мянга орчим эргэлзээтэй нийгмийн даатгалын дугаар ашигласан гэж Засгийн газрын Цар тахлын хариуцлагын хорооны тайланд дурджээ. Нийгмийн даатгалын дугаар нь өргөдөл гаргагчийн жинхэнэ төрсөн он сар, нэртэй таарахгүй байсан ч энэ нь мэдэгдэлгүй өнгөрсөн байна.
Дашрамд дурдахад, нийгмийн даатгалын дугаар гэдэг нь АНУ-д ашиглагддаг иргэний бүртгэлийн дугаар бөгөөд татварын баримт бичиг, банк, санхүүгийн тайлан зэрэг дээр энэ нь гардаг.
Дональд Трамп болон Байдены засаг захиргааны үед цар тахалтай тэмцэхэд нийт таван их наяд ам.доллар зарцуулсан байна. “Эндээс шамшигдуулсан мөнгө хэдэн арван тэрбумаас эхлээд 100 тэрбум ч хүрч магадгүй” гэж Цар тахлын хариуцлагын хорооны дарга Майкл Хоровиц хэллээ. Гэхдээ эцсийн мөнгөн дүнг гаргахад хэдэн жил зарцуулагдана гэв.
“Цар тахлын эхэн үеийн асуудал бол бэлэн байдал дутмаг байсан явдал. Гэхдээ газар хөдлөлт, үер, хар салхи гэх мэт онцгой тохиолдол бидэнд байнга тулгардаг. Бид ийм тохиолдлуудын дараа алдаанаасаа суралцах ямар нэг алхам хийдэггүй” гэж Майкл Хоровиц хэлэв.
Ирээдүйд дахин ийм зүйл болохоос сэргийлж хаана цоорхой байна гэдгээ олох шаардлагатай болжээ. “Бид АНУ-ын ард түмний өмнө татвар төлөгчдийн түүхэн дэх хамгийн том хулгайн гэмт хэргийн учрыг олох өртэй болсон. Энэ мөнгө хаачсан, хэр их мөнгө луйварчдын гарт орсон гэдгийг олох ёстой” гэж Кентакки мужийн Бүгд найрамдах намын дарга Жеймс Комер хэлжээ.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ