“Бодлогын хүүг цаашдаа өсгөх шаардлагагүй”

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

“Бодлогын хүүг цаашдаа өсгөх шаардлагагүй”

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Монголбанк цаашид бодлогын хүүг бууруулах уу. Цаашдаа ямар бодлого барих вэ?

Инфляци зөвхөн Монголын хувьд биш дэлхий даяар өндөр байна. Бүх улс орны төв банкууд инфляцитай тэмцэж бодлогын хүүгээ өсгөж байна. Бидний хувьд 2021 оны сүүлээс бодлогын хүүгээ аажим өсгөсөн. Өнөөдөр бодлогын хүү 13 хувьд хүрсэн. Яг идэвхтэй, нөлөөлж чадах хүү гэвэл репо санхүүжилтийн хүү 15 хувь байна. Энэ утгаараа хэрвээ төв банк эдийн засаг руу мөнгө нийлүүлэх, санхүүжилт олгох бол хүү 15 хувиар гарч байна. Тиймээс бодлогын хүү өндөр түвшинд байна. Мэдээж бусад улс орнуудтай адилхан инфляци зорилтот түвшинд орж ирвэл бодлогын хүүг буулгах боломжтой. Бидний хувьд өнгөрөгч оны зургадугаар сард инфляци хамгийн дээд түвшиндээ буюу 16 хувьд хүрсэн бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 12.3 хувьтай гарч, аажмаар буурч байна. 2023 оны нэгдүгээр улирлын хагасаас эхлээд инфляци нэг оронтой тоонд орох болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа бол 2024 оны эхээр 6.5 хувьтай буюу зорилтот түвшиндээ хүрнэ гэсэн зорилттой байна. Энэ утгаараа эерэг хүүтэй болсон учраас цаашдаа бодлогын хүүг өсгөх шаардлагагүй.

-Улстөрчдийн зүгээс бодлогын хүүгээ өсгө, өсгөхгүй бол таныг ажлаа өг гэдэг шахалт гарч байсан л даа. Энэтэй холбоотой бодлогын хүүгээ эргэж харахад хүрсэн үү?

-2022 оны эхээр инфляци нэмэгдэж 16 хувь руу дөхөж байсан. Тухайн үед эдийн засагчид хүүг өсгөх талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байлаа. Бидний хувьд цар тахлын дараа эдийн засаг сэргэж буй гэх утгаараа зугуухнаар нэг нэгж хувиар нэмсэн. Зарим үед нөөцөнд тодорхой хэмжээнд дарамт ирж байсан. Ялангуяа валютын ханш савлаж байсан учраас огцом алхмыг хийсэн. Бодлогын хүүг өсгөнө гэдэг тэр хэмжээгээр зээлийн хүүг өсгөнө. Зээлийн хүүгийн өндөр дарамтад бизнес эрхлэгчид орно. Дээр нь зээлийн хүү өндөр болбол зээл олголт буурна. Энэ утгаараа эдийн засагт санхүүжилт гарахгүй байх талаас нь бодож бодлогын хүүг аядуу зөөлөн өсгөсөн. Хэрвээ, энэ хоёрдугаар сарын инфляци доошоо бууж, зорилтот түвшинд хүрвэл бодлогын хүүг буулгах шийдвэрийг гаргах боломжтой.

-Валютын нөөц хангалттай хэмжээнд хүрч чадав уу? 

-Засгийн газар энэ онд 1.3 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Төв банкны хувьд Хятадын ардын банктай хийсэн своп хэлцлийн 1.7 тэрбум ам.долларын өр энэ онд төлнө. Засгийн газар сая 650 сая ам.долларыг олон улсын захаас босгож буй учраас төлөх өрний 50 хувиа шийдсэн. “Самурай” бондын 230 сая ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк төвлөрүүлж, хугацаа нь болохоор төлөхөөр ажиллаж байна. Энэ үүднээс Засгийн газар 400 орчим сая ам.долларын өрийг шийдвэрлэнэ. Төв банкны хувьд Хятадын ардын банктай хийсэн хэлцлээ сунгахаар ярьж байна. 2026 он хүртэл сунгавал өр төлөх дарамт багасна. Мөн цаашдаа, нүүрсний экспортыг 45 сая ам.долларт хүргэхээр ярьж байна. Хэрвээ нүүрсний үнэ өнөөдрийнх шиг тааламжтай, хил үнэ 150 ам.доллараас доош орохгүй байвал энэ хэмжээний орлого нэмэгдэж орж ирэх боломжтой. Энэ хэмжээгээр валютын нөөц өсөх хандлагатай байна. Ханшин дээр суларч буй зүйл байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас биш хүлээлтээс болж байна.

-2023 онд төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлээр ямар боломжууд харагдаж байна вэ?

-Өнгөрсөн оны төлбөрийн тэнцлийн алдагдал нь 1.5-1.7 тэрбум ам.доллар байхаар төсөөлөгдөж байсан. Та бүхэн санаж байгаа бол ОУВС-ийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу баг ирж ажиллаад, тэдний төсөөлөл Монголбанкныхтай адилхан байна гэж байсан. Оны эцэст нүүрсний экспорт 31 сая тоннд хүрч, тэр хэмжээгээр орлого орж ирсэн. Бидний төсөөлж байсан төлбөрийн тэнцлийн алдагдал 1.7 тэрбум ам.доллар биш 727 сая ам.доллар гарсан. Тэр утгаараа түүхий эдийн үнэ хэвээрээ, нүүрсний экспорт 45 сая тоннд хүрэх юм бол нэг тэрбум ам.долларын орлого орж ирэх боломж байгаа юм байна. Нүүрсний тээврийг хил хүртэл дотоодын компани тээвэрлэвэл 400-500 сая ам.долларын орлого олох боломж байгаа юм. Энэ бүх боломжоо нэмээд үзвэл төлбөрийн тэнцлийн алдагдалгүй байх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж